Оюу Толгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээ зурагдлаа

1161

Оюу Толгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээ зурагдлаа. Энэ талаарх мэдээллийг Rio Tinto болонTurquoise Hill Resources компани өөрийн цахим хуудснаа дөнгөж сая мэдээллээ. Тэдний мэдээлж буйгаар уг гэрээнд нийт 4.4 тэрбум ам.доллароос гадна 1.6 тэрбум ам.доллар авах нөхцөл мөн оржээ.

Манай улсын ДНБ-ний 37 хувьтай тэнцэх 4.4 тэрбум ам.долларын Оюу толгой төслийн түүхэн санхүүжилт гурван жил сунжирч байж өнөөдөр эцэс боллоо.

Rio Tinto болонTurquoise Hill Resources компаниудын зах зээлд өгсөн мэдээллээр дээрх мөнгийг нийт 20 банк гаргаж өгөхөөр болжээ. Тодруулбал, З орны Засгийн газрын оролцоотой экспортыг дэмжих хоёр банк болон олон улсын санхүүгийн байгууллагын хоёр банк, арилжааны арван таван банк хамтарч энэхүү мөнгийг гаргахаар болжээ.

Уг арга хэмжээг олон улсын ажиглагчид маш том хөрөнгө оруулалт гэж харж байна. Учир нь Монголын эдийн засгийн удаашрал мөн дэлхийн зах зээл дээр өрнөж буй түүхий эдийн супер циклийн уналтын энэ цаг үед ийм хэмжээний хөрөнгө оруулалт босгох тун хэцүү. Харин Rio Tinto 2021 он  гэхэд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буцаад өснө гэсэн тооцоо судалгаагаар дээрх төслийг эхлүүлсэн. Энэ бол манай улсад үзүүлж буй томоохон итгэл хэмээн олон улсын судлаачид дүгнэж байна.

Хөрөнгө оруулалтын асуудал ийнхүү шийдэгдлээ. Тэгвэл Оюу толгойн бүтээн байгуулалт долоон  жил үргэлжилнэ. Харин манай Засгийн газар дээрх гэрээг албан ёсоор зарлаж, баталгаажуулах нь одоогоор тодорхойгүй байна.

Дашрамд дурдахад Ерөнхий сайд хамгийн сүүлд олон нийтэд хандаж мэдээлэл хийхдээ "Оюутолгойн гүний уурхайн 80 хувийг ашиглахын тулд хөрөнгө оруулалт босгох шаардлагатай. Ингэхийн тулд "Туркойз Хилл” манай Оюутолгойг олон улсын 14 банкины барьцаалж зээл авч байгаа нь үнэн. Энэ бол зээл" гэж хэлж байсан юм.

Г.Лхагваа



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>