С.Батцэцэг: Олимпийн аварга болох зорилгоо биелүүлэхийг хичээнэ ээ
"Бөртэ-Чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчин, дэлхийнхошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэгтэй ярилцлаа.
-2015 оны амжилтаар шилдгийн шилдэг тамирчнааршалгарсанд баяр хүргэе?
-Баярлалаа.
- "Бөртэ-Чоно” наадмын талаар сэтгэгдлээ хэлнэ үү?
-Тамирчин бидний хүсэн хүлээдэг наадам, ёслол байгаа юм. Миний хувьд "Бөртэ-Чоно” шагналыг хэд хэдэн удаа авахдаа хоёр удаа З.Дүвчин багштайгаа хоёул шагнагдаж байгаадаа баяртай байна. Бас энэ жил бөхчүүд голлож энэ шагналыг авлаа шүү дээ. Ер нь спортынхны амжилт, алдаа оноог цэгнэх гол шалгуур энэ наадам.
-Өнгөрсөн оныхоо гол амжилтыг дурсана уу?
-Миний хувьд дэлхийн хошой аварга боллоо. Мөн Иван Ярыгины нэрэмжит "Гранпри” тэмцээнд түрүүлсэн. "Рио-2016” олимпийн эрхээ авсан. Үүнийхээ хүчээр л шилдгийн шилдэг тамирчин болсон байхаа.
-2016 он гарчихлаа. Одоо ямар тэмцээн хүлээж байна вэ?
-Улсын аварга шалгаруулах тэмцээн хэдхэн хоногийн дараа болно. Бид бэлтгэлээ базааж байна.
-Бэлтгэлээ хаана хийж байна вэ?
- "Олимп” сургууль дээр.
-Өөрийн чинь хувьд улсын аварга шалгаруулах тэмцээндхэдэн удаа оролцсон бэ?
-Анх 2008 онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орж байсан. Түүнээс хойш уг тэмцээнд дөрөв түрүүлсэн юм байна.
-Тэгвэл энэ жил тав дахиа түрүүлчих зорилго байгаа биз?
-Мэдээж. Түрүүлэхийг л бодож барилдана шүү дээ.
-Гадаадад болох ойрын томоохон тэмцээн байгаа юу?
-ОХУ-д Иван Ярыгины нэрэмжит "Гранпри” тэмцээн болно. Энэ тэмцээнд өнгөрсөн оны амжилтаа бататгахыг зорьж байгаа.
- "Рио-2016” олимпийн эрх олгох том тэмцээн Монголд болно. Өөрөө уг тэмцээнд зодоглох уу?
-Олимпийн эрх олгох "Рио-2016” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн Монголд анх удаа болно. Хуваарь нь гуравдугаар сард гарсан харагдсан. Миний хувьд нэгэнт олимпийн эрхээ авчихсан учраас зодоглохгүй ээ.
-Спорт сонирхогчид "Олимпийн аварга болоорой” гэсэн хүслээ өөрт чинь хэлээд найдаад байгаа шүү дээ?
-Тийм ээ. Монголын ард түмэн надаас улам их амжилт нэхэж байгааг мэдэрч байгаа. Туйлын зорилго маань олимпийн аварга болох. Хичээнэ ээ. Тиймээс бэлтгэлээ л хамгийн сайн хангах нь чухал.
-Олимпод очиход чинь гол өрсөлдөгч чинь хэн байх бол...?
-Хэн өрсөлдөгч байх тухай ярих эртдэнэ. Ямартай ч эхлээд финалд, дараа нь аваргын төлөө үлдэх зарчмаар барилдах байх. Олимпод дэлхийн өнцөг булан бүрээс жинхэнэ шилдгүүд ирнэ. Бүгд хүчтэй өрсөлдөгчид. З.Дүвчин багш бид судалгаа хийж л байна даа.
-Өөрөө ер нь яагаад бөхийн спортыг сонгосон юм бэ. Эмэгтэй хүн барилдах гэдэг хэцүү юү?
-Сургуульд байхаасаа урлаг, уран сайхан гэхээсээ барилдах нь амар мэт санагддаг байсан даа. Тэгээд л энэ чөлөөт бөхөд эргэлт буцалтгүй орсон. Эмэгтэй хүн барилдахад зарим бэрхшээл бий. Тэр бүхнийг давахын тулд өөрийгөө золиослох үе байдаг л даа.
-Тухайлбал...?
-Эмэгтэй хүн болохоор гоо сайхан юу юунаас чухал. Гэвч нар, салхинд бэлтгэл хийнэ. Хүчний бэлтгэл дандаа. Тэгэхээр өдөр бүр тольдоод суух зав байхгүй шүү дээ.
Д.Надмид
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин