|
Видео

Шинэ мэдээ

Охид хүчирхийллийн бай биш, Охидоо “нууцгаая”

Хорвоогийн хамгийн цэвэр ариун, эмзэг нандин бүхэнтэй зүйрлэдэг бидний жаахан охид. Хүрэхээс ч харам эмзэг турьхан, харах төдийд л хайр татах эелдэг дөлгөөн, энхрий ялдам тэр гэгээн ертөнцийг сүүдэрлэх боломжийг хэнд ч олгохгүй байх юмсан.

 Гэтэл айлын нялх охидын амьдралд хар толбо үлдээж, харуй бүрийгээр, хүний нүднээс далд хүчирхийлэн бузарладаг гаж донтнуудын хэрэг байнга сонстож, эмх замбараагаа алдлаа. Өөрийгөө хамгаалах чадваргүй, бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдүүдийн үйлдсэн жигшүүрт хэргүүд сүүлийн жилүүдэд ихээр гарах болсон. Олны анхаарал татсан ийм жигшүүрт хэргүүд яагаад ингэж ойр ойрхон давтагдах болов. Үүнээс болж инээд, баяр хөөр цацарсан хэдэн нүд нулимсаар дүүрч, хүний өөдөөс ч харах хүсэлгүй болох юм бэ.

Өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүрэгт есөн настай охиныг хичээлээ тараад явж байхад нь чихэр авч өгнө хэмээн дагуулан явж хүчирхийлсэн хэрэг гарч олныг цочирдуулсан. Мөн 14 насандаа аавынхаа хүүхдийг төрүүлсэн охин өнгөрсөн онд хуулийн байгууллагад хандсанаар хэрэг илэрсэн. Энэ мэтчилэн Адгууснаас ч дор авирласан гэмт хэрэгтнүүдийн хараанд орж, хүчирхийлэлд өртсөн охидын тоо жилээс жилд нэмэгдсээр байна.

Сүүлийн үед автобусанд явж байгаа охидыг танихгүй залуус мансууруулж "Манай дүү ингээд татчихдаг юм” гэж хэлээд авч буугаад хүчирхийлдэг болсон гэх мэдээлэл иргэдийн дунд ам дамжин яригдах болсон. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Манайд ийм мэдээлэл бүртгэгдээгүй” гэсэн боловч албан бус эх сурвалж "Ийм төрлийн хэрэг гарч байгаа нь үнэн” гэж мэдээлсэн юм.

Үнэн худал аль нь байсан ч хүчирхийлэлд өртөгчдийн ихэнх нь насанд хүрээгүй охид болж хувирсан нь нийгэмд түгшүүр бий болгоод байгаа нь нууц биш. Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдүүд, охиддоо тавих хараа хяналтаа сулруулахгүй байх хэрэгтэй.

Учир нь энэ төрлийн гэмт хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Өнгөрсөн 2010 онд 12 охин хүчингийн хэргийн хохирогч болсноос тав нь 10-12 насны охин. 2011 онд энэ тоо нэмэгдэн 22 болжээ. Тэдний 13 нь насанд хүрээгүй. 2012 онд 12 охин хүчирхийлэлд өртсөний хагас нь мөн л насанд хүрээгүй. 2013 онд 15 хэрэг гарснаас хоёр нь 5-7 насны охидыг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг. 2014 онд хүчингийн гэмт хэрэг 301 гарсанаас 8-17 насны 115 охин хүчиндүүлсэн гэх тоон мэдээ байдаг. Хамгийн аймшигтай нь хүчиндэх төрлийн гэмт хэргийн дийлэнх хувийг ураг төрлийн хүчин эзэлж байгаа нь нийгмийг түгшээгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэргийг үйлдэгчдийн 32 хувь нь тухайн хохирогчийн танил, ойр дотнынхон байх жишээтэй. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулиар 15-25 жилийн хорих ял оноодог. Энэ тэдэнд тохирох ял мөн үү. Хүний нялх үрийг хүчиндсэн хүмүүс гарч ирээд дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн баталгаа байна уу. Мөн энэ гэмт хэргийн хохирогч болсон охид, тэдний ар гэрийнхнийх нь сэтгэлийн гүн шарх 25 жил болсон ч эдгэнэ гэж үү.

Ялангуяа хүчирхийлэлийн хохирогч болсон насанд хүрээгүй хүүхдүүд насан туршдаа сэтгэлдээ гунигтай амьдардаг.

Ийм харамсалтай зүйлсийг амссан хүүхэдтэй ажиллахад туйлаас амаргүй байдаг гэдгийг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан онцлон сануулдаг. Өөрөөр хэлбэл, тэд амьдралын ямар ч идэвхигүй болдог гэсэн үг юм.

Учир нь хүний амьдралын хамаг л сайхан, үе дурсамж хүүхэд насанд бий болдог. Харин энэ үе дээрээ бусармаг нэгний золиос болсон хүүхдэд ямархан зүйл бодогдох нь тодорхой . Аливаа хүчирхийллийн цаана ямархан хор уршиг дагуулж байдаг нь бидний нүдэнд тэр бүр ил харагдахгүй. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд төдийгүй насанд хүрэгсэд өөрт тохиолдсон айдас хүйдсээ аль болохоор л дарж нуухыг л чухалчилна. Харин хүчирхийлэл өөрөө ямархан хэмжээний уршиг дагуулдагийг бид бүхэн сонсож, дуулж байсан.

Хүчирхийлэл нь хүн болон нийгэмд асар их аюул дагуулж байдаг гэдэг. Аюултай гэмт хэргийн гаралт нэмэгдэхийн хэрээр нийгмийн уур амьсгалд шууд утгаараа нөлөөлдөг нь гэдгийг судлаачид төдийгүй цагдаагийн байгууллагын ажилтнууд хэлж сануулсаар байна. Иймд нийгэмд үйлдэгдэх бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргүүдийн шийдвэрлэлтийг өндөрсгөхийг энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөлүүд үүнийг дуу нэгтэйгээр хэлдэг, сануулдаг. Гэвч дорвитой ажил хийдэггүйгээс болж энэ төрлийн гэмт хэрэг өдөр ирэх тусам нэмэгдсээр, өөдөсхөн жаахан охид бусармаг үйлдлийн золиос болсоор байна. Тиймээс эцэг эхчүүдээ хандаж хэлэхэд, бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр хараа хяналтгүйгээр гэрт нь орхихгүй, орой үзэш ганцааранг нь гадуур явуулахгүй байх нь гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа нэгний үйлдлийг нэн даруй таслан зогсоох хамгийн зөв арга юм. Эцэст нь, охид хүчирхийллийн бай биш, тэд бусдын адил хайрлаж, хайрлуулах эрхтэй. Тэд биедээ зөвшөөрөлгүй хүрэхийг хүсэхгүй гэдгийг анхааруулъя.

Т.Гэрэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.