Л.Цог: Н.Энхбаяр дарга надаас 1 сая ам.доллар нэхсэн

1151

МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой ноцтой байж болохуйц зүйлийг  УИХ-ын гишүүн Л.Цог ярьлаа. Тэрбээр телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ "2012 онд Эрдэнэтэд нэр дэвшихэд намын дарга хандив нэхсэн, тухайн үед найз нөхдөөсөө бага сага юм цуглуулж өгч байсан. Дээр нь өнгөрсөн жил Сөүлээс надруу утасдаж 1 сая доллар өг гэсэн. Би хаанаас олох вэ гэхэд чи миний хүчинд намын нэрээр албан тушаалд очсон хүн өгөх ёстой гэсэн. Харин би чадахгүй тиймдээ хүрч байгаа бол албан тушаалаа ав надад энэ нам чинь хэрэггүй" гэхэд, за нээрээ та ч хаанаас олох билээ дээ. Би хэдэн сайдтайгаа ярья даа гээд утсаа тасалсан" гэв. Хэрэв энэ үнэн бол Н.Энхбаяр намын нөхдөөсөө хандив нэрээр  маш их хэмжээний татаас авдаг аж. Харин тэрхүү мөнгө нь намд нь ордог уу, өөрт нь ордог уу гэдэг сонирхолтой асуулт хэвээр үлдлээ. Гэвч Н.Энхбаяр өөрийгөө гишүүдээс хандив авч байсан болон хандив олж ир гэж сүрдүүлж байгаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байв. Гэтэл УИХ-ын дэд дарга Л.Цог энэ асуудлын ярьж, өөрөөс нь мөнгө нэхэж байсан гэдгийг нь хэлсэн юм. Харин түүний ярьсан, хэлсэн зүйлийн талаар МАХН-ын дарга юу гэж тайлбарлах нь сонин байна.

Ямартаа ч Н.Энхбаяр нь ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба сайдтай холбоотойгоор АТГ-т дахин шалгагдаж байгаа. Г.Шийлэгдамба батлан даалтад байх хугацаандаа олон нийтэд ил захидал бичиж "ажлын өрөөнөөсөө мөнгөтэйгээ хамт баригдсан шалтгаанаа тайлбарласан. Түүний хэлснээр уг мөнгийг намын санхүүжилтийн зорилгоор авсан. Авсан мөнгөө Н.Энхбаяр даргад өгсөн" гэж мэдүүлсэн юм. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас Г.Шийлэгдамбын хэргийг дахин АТГ руу шалгуулахаар явуулсан.

Мөн УИХ-ын дэд даргын ярьсан энэ яриа МАХН-ын дотоод уур амьсгалыг олонд ил болгочих шиг боллоо. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус нам дотооддоо нэлээд бужигнаантай байгаа аж. Бужигнах болсон шалтгааныг эвслийн задрал, МАХН-ыг задлах гэсэн явуулга болон Н.Энхбаяр даргыг дахин шалгаж эхэлсэнтэй холбоотой байж болзошгүй эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Ямартаа ч МАХН-ын зарим гишүүд намын даргынхаа үгэнд орохоо больсон бололтой.

Г.Ган

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>