МАН-ын бүлгийн гишүүд ХӨСҮТ-д ажиллалаа

1092

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Сарангэрэл, Б.Бат-Эрдэнэ нар Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д өнөөдөр ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Улаанбурхан өвчний дэгдэлт ихэссэний улмаас тус эмнэлгээр үйлчлүүлэгсэд, хэвтэн эмчлүүлэгсдийн тоо сүүлийн үед огцом нэмэгдэж, эмч сувилагч нар ачаалалтай ажиллаж байна.
2011 оноос улсын хэмжээнд энэ өвчин нэг ч бүртгэгдээгүй бөгөөд хоёр жилийн өмнө Монгол Улс улаан бурхан өвчнийг таслан зогсоосон хэмээн ДЭМБ-аас батламж гардаж авч байсан юм. Гэвч улаанбурхан өвчний тохиолдол өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн эргэн бүртгэгдэж 2015 онд 19427 хүн өвчилжээ. Харин 2016 оны эхний хоёр сарын байдлаар 3236 тохиолдол бүртгэгдэж, он гарсаар 10 хүүхэд энэ өвчний улмаас амиа алдаад байна.
Өнөөдрийн байдлаар 622 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 390 орчим нь улаанбурхан өвчин хэмээн оношлогджээ. Эрчимт эмчилгээний тасаг 10 ортой ч 17 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Урд шөнийн байдлаар гэхэд ХӨСҮТ 340 хүнд үйлчилж, нэлээд ачаалалтай ажилласан. Өдөрт долоон эмч нэг ээлжинд ажилладаг байсан бол одоо 14 эмч ажиллаж байгаа гэж тус эмнэлгийн удирдлагууд УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм. Мөн 18-30 насны хүмүүсийн дунд өвчлөл зонхилж байгаатай холбогдуулан улаанбурхны эсрэг вакцинд хамруулах ажил эхэлснийг онцлов. Түүнчлэн эрчимт эмчилгээний тасгийн орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа, био-аюулгүйн лабораторийн барилгын ажлыг дуусгах хөрөнгийн асуудлыг шийдээд өгвөл халдварт өвчний урьдчилсан тандалтыг цаг тухайд нь хийх боломж бүрдэнэ, үүнд анхаарал хандуулж өгөхийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хүссэн юм.

Тус салбарынхан ачаалалтай, уртасгасан цагаар ажиллаж байгаа ийм үед илүү цагаар ажиллаж байгаа эмч сувилагчдын мөнгө, тус эмнэлгээр үйлчлүүлэгсдийн эм тарианы зардлын асуудлыг нэн яаралтай шийдэхэд анхаарна гэдгээ УИХ-ын гишүүд хэлсэн. Тиймээс тус төвийн удирдлагууд шийдвэрлүүлэх шаардлагатай зардал, холбогдох саналаа МАН-ын бүлэгт хүргүүлнэ гэв. УИХ дахь МАН-ын бүлэг уг саналыг судлан бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж, шийдвэрлүүлэхэд анхаарах ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>