Л.Ганзул: Намайг утга зохиолд урвуулсан хүн бол аав минь

1351
Хойд бүсийн "Болор цом"-ын хошой тэргүүн, хайрын "Цагаан-Уул" 2001, "Алтан үзэг" 2003, "Алтан цом" 2004 зэрэг яруу найргийн наадмын тэргүүн болон дэд байрын эзэн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзултай ярилцлаа.

-Утсаар ярих бүрт л та гэртээ байна гэх юм. Энэ сууринд амьдраад удаж байна уу?

-Налайх дүүргийн баруун суга Хонхорт ирээд дөрөв дэх хавраа угтаж байна.  

-Яруу найргийн санаа, шадыг хаанаас олдог вэ. Энд нэлээн хэдэн шүлэг "мэндэлсэн” байх даа?

-Шүлгийн санаа юу. Хүн хаана явна, тэндээсээ л олох зүйлээ олж, гээхээ гээдэг биз дээ. Эргэн тойрон тэгээд уншсан, санасан, бодсон, сэрснээсээ л шүлгийнхээ санааг олж байна. Хонхорт ирснээр нэг ном гаргасан. Дахиад нэгийг ч гаргах шүлэг дэвтрийн хавтасны завсар "тийчилж” байна. Богд уулын ивээл, өглөг их юм аа. Энүүхэн хажууд Тэмүүжин, Тоорил ван хоёрын уулзаж байсан гэгддэг овоо бий. Хааяа ганцаардахаараа тэр овоонд гарахаар сэтгэлд байсан хүнд хар бодлууд хийсчих шиг л болдог.

Хүүгийн хамт. 

-Та сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан. Одоо хүүгээ хараад гэртээ байгаад байна уу. Ажлын санал олон ирж байгаа биз дээ?

-Энэ тухай юуг нь ярих вэ дээ. Хүнд хэрэгтэй юм биш.

-Хаврын салхи хацар илбэж байна. Энэ улиралд та дуртай юу?

-Амьдралд дуртай юу гэж асууж байгаа юм шиг санагдлаа. Улирал болгонд би хайртай ч хаварт дэндүү их дуртай. Зун нь зунаараа, хавар нь хавраараа байгаасай гэж хүсдэг. Бас хүн нь хүнээрээ байхад би дуртай.

-Дэлхийн яруу найргийн өдөр өчигдөр тохиосон. Үүнд та хэр ач холбогдол өгөв?

-Яруу найрагч, зохиолч, утга зохиолын судлал шүүмжлэл зэрэг бүтээл туурвидаг хүмүүс л энэ өдөрт ач холбогдол өгч байна. Өгөх ч хэрэгтэй. Ер нь энэ нийгэмд зохиолчид гэхээр л "заазын” мал шиг хэдэн юм буланд шахагдаж байгаад хэрэг нь болохоор урд нь гарч хашгирцгаадаг дүр зураг л байна шүү дээ. Дуугарч баймаар өдөр нь өчигдөр юм шиг санагддаг юм. Сонгууль энэ тэрээр биш.

-Үүний өмнө цэргийн, эмэгтэйчүүдийн гээд л олон баяр тохиолоо. Энэ мэт баяр ер нь манай улсад байх ёстой юу?

-Байх ёстой болоод л тэмдэглэж байгаа. Эр хүн нь эр хүн гэдгээ мэдэрч, эмэгтэйчүүд нь бас баярлах л өдрүүд. Барьцаад яах вэ дээ.

-Харин "Болор цом” бол тэс өөр асуудал. Найрагт дуртай ард түмэн яруу найрагчдынхаа шүлгийг амандаа "хүлхээд” ирдэг болохоор нэг жил ч тасалдуулж болохгүй мэт харагддаг. Энэ жилийн тэргүүн найрагчаар таныг тодрох байх гэж олон хүн бодож байсан. Харин та өөрийгөө ямар хэмжээнд "давхина” гэж төсөөлж байсан бэ?

-Би тавд үлдсэндээ баярласан. Тавд үлдэж үзэхсэн гэж үнэндээ мөрөөдөж байсан. Үзэгчийн суудалд миний шүлгийг сонсох гэж олон хүн ирсэнд нь их омогшсон.

-Таны дотны анд Ц.Эрдэнэбаатар энэ жил "Болор цом”-ын эзэн болсон. Шууд асуухад тэр найрагч энэ жил түрүүлэх хэмжээний шүлэгтэй байсан болов уу?

-Би шүүгч биш. Ц.Эрдэнэбаатар том яруу найрагч гэдгийг л би мэднэ. Энэ жилийн "Болор цом”-д андын шүлэг муу байгаагүй. Тэгээд л түрүүлсэн.

-Наадам болгоны ард "Тэр түрүүлэх ёстой байсан. Түүний шүлэг нэг л биш ээ” гэх мэт ярьдаг. Тэр л жишгээр Ц.Эрдэнэбаатарыг олон хүн "Түрүүлэх хэмжээний шүлэгтэй байсангүй” гэсэн болохоор дээрх асуултыг тавьсан юм шүү?

-Хүмүүсийн ярих нэг өөр. Чи өөрөө тэр шүлгүүдийг нь задалж уншчихаад надтай яривал бас өөр шүү дээ.

-Гэхдээ сүүлийн үеийн наадам хэн зохион байгуулж байна, хэн зальтай байж чадсанд нь нөлөөлөөд байх шиг. Үүнтэй та санал нийлэх үү?

-Яруу найргийг наадмаар битгий дүгнэ л дээ.

-Танд "Болор цом”-ын тэргүүн байр л дутуу байгаа. Бусад наадмыг "түүчихсэн” болохоор таныг Монголын яруу найрагт хаана явааг олон хүн мэднэ. Гэхдээ таны амнаас сонсохыг хүсч байна?  

-Намайг хаана явааг уншигчид, судлаачид, тэгээд цаг хугацаа шүүх байлгүй. Шүлгээ бичээд, тэндээсээ өөрийгөө хайгаад явах маань л надад сайхан.

-Нэг асуусных олон шагнал, өргөмжлөлөө хаана хадгалдаг вэ. Мөн анхны бөгөөд хамгийн нандин медалиа хэдэн онд хүртэв?

-Гэртээ хадгалдаг. Бүгд л сайхан даа. 2000 онд хайрын шүлгийн "Цагаан-Уул”, 1999 оны "Хойд бүсийн Болор цом”, сургуулийнхаа 10 жилийн ойн "Алтан цом”-ын тэргүүн шагналд хайртай.

-Яруу найрагчид ном их цуглуулдаг. Та хэр их номтой вэ. Бүгдийг нь уншсан биз дээ?

-Ном цуглуулсан хүний дэргэд бол ичмээр л дамшиг даа (инээв).

-Тантай дууны яруу найргийн талаар ярилцахгүй өнгөрч болохгүй. Дууны яруу найргийн утга учир алдагдаж байна гэх юм. Харин та ямар хариулт өгөх бол?

-Цаг нь ирж байна. Дууны яруу найраг улам л тунгалагшина уу гэхээс унахгүй. Яруу найрагчид нь амьд байна шүү дээ.

-Шүлэг бичих нь танд тайтгарал өгдөг үү, эсвэл шаналан авч ирдэг үү. Мөн ямар үед үзэг, цаас "үнсэлдүүлдэг” вэ?

-Үнсэлцүүлэх нь хаашаа ч юм. Тийм тачаадсан үзэг, цаас ч гэж юу байх вэ. Шүлэг бичсэний дараа тайтгарна. Өмнө нь мэдээж шанална.

-Ингэхэд утга зохиолд та юунаас үүдэж татагдав?

-Үнэнийг хэлэхэд аав. Хүүхэд байхад аав, том эгч хоёр хоорондоо уншсан зохиолоо ярьдаг, их сайхан амттай маргалддаг байлаа. Түүнээс хойш уран зохиолын багш нар, тэгээд Бавуугийн Лхагвасүрэн ахын "Хил дээр бичсэн шүлэг” намайг ийш нь татсан.

-Та утга зохиолын бусад төрлөөр бичихийг оролдож байсан уу?

-Оролдсон, оролдсон. Ном болчихоор өгүүллэг энэ тэр бий. Саяхан бэсрэг дуулал жүжиг дуусгасан чинь СУИС-ийн нэг оюутан диплом хамгаална гээд аваад явсан.

-Таны хувьд шүлэг бичихээс өөр хийж чадах хамгийн сайн ажил юу вэ?  

-Дээшээ хараад юм бодож хэвтэх л байна даа (инээв).

-Та хөдөө гэртээ очоод авхуулсан зургаа фэйсбүүк хуудаснаа үе, үе оруулсан байдаг. Нутгаадаа ер нь их "гүйдэг” үү?

-Шөнөдөө ч болов хариад ирнэ ээ. Зүүд сайхан шүү дээ.

-Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар та ээждээ захидал бичсэн байсан. Уншигчид маань аав, ээж хоёрын тань тухай мэдэхийг хүсч байгаа байх?

-Уншигчид уу. За яръя, яръя. Аав маань дуу цөөнтэй их дотогшоо хүн байсан л даа. Хүүхдүүддээ огт гар хүрч үзээгүй байх. Намайг нэг удаа тугалын араас удаан явлаа гэж ээжийг загнахад аргалаар шидсэн нь оноогүйгээс өөрөөр шийтгээгүй сайхан хүн байлаа. Харин ээжийтэйгээ би өдөр бүхэн ярьдаг даа.

-Таны эхнэр гэрэл зурагчин. Өөрийн тань зургийг олон удаа авсан байх даа. Эсвэл "Загасчны морь усгүй”-н адил бараг үгүй юу?

-Гэрэл зурагчин хүний нөхөр гээд л өмнүүр нь гүйгээд байлтай биш. Гэхдээ олон зураг дарсан. Миний зураг байгаа, байгаа.

-Тэгвэл та эхнэртээ зориулж олон шүлэг бичсэн үү. Мөн хүүхдүүддээ?

-Хэд гурван шүлэг бичсээн. Тоогдоогүй л болохоос бичсэн шүлэг бий шүү.

Эхнэрийн хамт. 

-Сүүлийн үед яруу найргийн ном олон гарах болж. Чухам тэдэнд өнөөдрийн байдлаар уншигч олдож байгаа болов уу. Ер нь ингээд ном гаргаад байх шаардлага байна уу?

-Хүний ном гаргах үгүйг би шийдэхгүй шүү дээ.

-Тэгвэл залуучуудын бүтээл танд ямар санагддаг вэ?

-Олон сайхан яруу найрагч дүү байна. Би тэдний шүлгийг уншдаг шүү.

-Танай "Шинэ мянган” утга зохиолын нэгдэл сүүлийн үед ямар ажил амжуулж байна вэ?   

-Манайхан төлөвлөсөн, зорьсон хамтын олон уран бүтээлийн ард гарах гээд л зүтгэж байна. Энэ онд "Шинэ мянган” гэсэн зохиогчтой олон бүтээл хүмүүсийн алга, оюун тархийг дамжих болно доо.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн улам өндөр амжилт хүсье.  



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>