Сүхбаатар аймагт анх удаа цуглаан боллоо

271


1992 онд Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсанаар иргэд, улс төрийн нам, төрийн бус байгууллагууд тайван жагсаал, цуглаан зохион байгуулах эрхтэй болсон. Өнөөдрийг хүртэлх хугацаанд олон ч жагсаал, цуглаан болсны ихэнх нь Улаанбаатарт буюу Сүхбаатарын талбай дээр болсон байх юм. Харин өнөөдөр буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 10.00-12.00 цагийн хооронд эх орны наран ургах зүг болох Сүхбаатар аймагт анхны тайван цуглааныг иргэд Д.Сүхбаатарын талбай дээрээ зохион байгууллаа.

Цуглаанд оролцогчид аймгийн удирдлагыг Эрдэнэцагаан сумын нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даасан байдалд хөндлөнгөөс оролцож, хурлын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгааг таслан зогсоох, иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэн ажиллахыг, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг шаардсан байна. Дээрх цуглаанд ойролцоогоор 500 орчим хүн оролцжээ.

Энэ өдөр аймгийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаан хуралдаж таарсан учир цуглаанд оролцогчдын төлөөлөл болох таван хүн хэвлэл мэдээллийн сурвалжлах хэсгийн хамт аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргал, аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нарт хандсан тодорхой шаардлагыг аймгийн ИТХ-ын хуралдааны дундуур хуралдааны танхимд орж уншин гардуулж өгчээ.

Гэтэл шаардлага хүлээн авсан П.Мөнхжаргал, Ж.Батсуурь нар иргэдийн шаардлагыг үл тоомсорлож, иргэдийн төлөөллийг хэл амаар доромжлох, гүтгэх, заналхийлэх, хөөж гаргах зэргээр увайгүй аашилсанд сүхбаатарчууд ихэд дургүйцсэн  байна.

Дээрх байдлаас харахад Сүхбаатар аймагт Засаг дарга Ж.Батсуурийг дураар авирлаж, бүхнийг шийдэгч байх эрх мэдлийн шуналтан, ардчиллын үнэт зүйлсийг уландаа гишгэгч, дарангуйлагч  хэмээн  иргэд дүгнэдэг болсон нь үнэн болохыг тод харууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.