Байрны гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа шаардаж хүүхэд элсүүлсэн гэх асуудлын мөрөөр

1092

Байрны гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа шаардаж хүүхэд элсүүлсэн гэх асуудлын мөрөөр

 

-Хүүхдийг нь сургуульд элсүүлнэ гэх нэрээр сая саяын жишиг тогтоосон "авлигачид” олширчээ-

Сургууль цэцэрлэгийн бүртгэл эхлээд хоёр хонож байна. Нийгмийн сүлжээнд өчигдөр нэгэн иргэн нийслэлийн төрийн өмчит сургуульд хүүхдээ бүртгүүлэхээр очиход байрны гэрчилгээ, БЗХӨ/ДОХ-ын шинжилгээ, гэрлэлтийн баталгаа зэргийг эцэг эхчүүдээс шаардсан талаар мэдээлжээ. Энэ асуудлын мөрөөр бид улсын тэргүүний сургуулиудын нэг, монголын анхны цахим сургууль гэгддэг 84 дүгээр сургуулийг зорилоо.

Биднийг 15 цагийн орчимд тус сургууль дээр ирэх үед 20 орчим эцэг эхчүүд хүүхдээ нэгдүгээр ангид бүртгүүлэхээр ирсэн байв.

Байрны гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа шаардаж хүүхэд элсүүлсэн гэх асуудлын мөрөөр

Энэ үед хижээлдүү насны эмэгтэй нэлээд бухимдалтай бүртгэл хийж буй багш нартай маргаж байлаа. Тэрээр өнөөх байрны гэрчилгээ болон гэрлэлтийн баталгаа шаардсан асуудлаар ийнхүү бухимджээ.

Иргэн А "Хоёр өдрийн өмнө манай охин хүүгээ бүртгүүлэхээр энд иртэл байрны гэрчилгээ нэхэж, "Нөхөр чинь хаана байна” гэж ёсзүйгүй асуулт асуусан байна лээ. Манайх байрны гэрчилгээгээ банкны зээлийн барьцаанд тавьсан байгаа. Охины маань нөхөр олон жилийн өмнө салсан. Иймэрхүү хувийн чанартай мэдээллийг хэт бүдүүлэг асуусан байгаа юм. Бид банк ороод байрны гэрчилгээгээ авч болно. Гэвч тэр нь охины биш миний нэр дээр байдаг. Үүнийгээ шилжүүлэг хийлгэнэ гэвэл төрийн байгууллага дамжиж үлгэр болно” хэмээн бухимдангуй ярилаа.

-Орон тоо гүйцээд танай хүүхдийг авах боломжгүй гэвэл бид яах вэ-

Байрны гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа шаардаж хүүхэд элсүүлсэн гэх асуудлын мөрөөр

Мөн 84 дүгээр сургуулийн хамран сургах тойрогт багтдаг Баянзүрх дүүргийн18 дугаар хорооны 14 дүгээр байрны оршин суугч Б  "Хүүхдээ бүртгүүлэх гэж ирсэн боловч бүтсэнгүй. Менежертэй уулз гэсэн. Маргааш /өнөөдөр/ ахиж ирэхээр болоод байна. Бүртгүүллээ гэж бодоход наймдугаар сарын 30-ны өдөр хариу нь гарна гэнэ. Энэ чинь байж боломгүй зүйл биз дээ. Магадгүй хүүхдийн орон тоо гүйцээд танай хүүхдийг авах боломжгүй гэвэл бид яах вэ. Боловсролын яам хүүхдийн сурах эрхийг ингэж хязгаарлаж болохгүй. Байрны гэрчилгээ нэхэж, хөрөнгийн баталгаа авах шаардлагатай юм уу. Тухайн гэрт амьдардаг хэний ч нэр дээр байж болно шүү дээ. Бас нэг ёсзүйгүй шаардлага нь "Эцэг нь хаана байна” гэж асуух юм. Энэ нь бараг  л эцэггүй хүүхэд төрүүлсэн үү гэж байгаатай адил сонсогдож хүмүүсийг бухимдуулж байна” гэв.

Ийнхүү бяцхан хүүхдээ сургуулийн босго алхуулах гэсэн эцэг эхчүүд тун ч бухимдалтай байна.

-87 бүлэг гурван ээлжээр хичээллэж, нэг ангид 45-55 хүүхэд суралцдаг-

Ингээд бид эцэг эхчүүдийн гомдол саналтай холбоотой зарим асуудлыг тодруулахаар 84 дүгээр сургуулийн захирал С.Марттай уулзаж, ярилцлаа.

-Танай сургууль ямар журмаар элсэлтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шаарддаг нь ямар учиртай юм бэ? Энэ асуудал эцэг эхчүүдийн бухимдлыг нэлээд төрүүлж байна.

-Өнөөдөр бухимдаж байгаа эцэг эхчүүд шиг гомдол, асуудалтай хүмүүс өдөрт хэдэн зуугаараа ирдэг. Хүссэн хүн бүрийн хүүхдийг авна гэвэл багтааж чадахгүй. Бид эхлээд хамран сургах тойрогт багтсан хүүхдүүдээ авдаг. Дараа нь эргэн тойрны байрнуудын орцны жижүүр, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой, асран хамгаалах хүнгүй, танил найз нөхөдгүй хүмүүсийн хүүхдийг авдаг. Гуравдугаар ээлжинд нь ирсэн өргөдлийг шүүж үзэн энд ажилладаг багш ажилчдын болон манай сургуульд хүүхдүүд нь суралцдаг өрхийн хүүхдийг элсүүлдэг. Өөрөөр хэлбэл, ирсэн өргөдлүүдээс хамгийн хүндэтгэх шалтгаантай хүүхдүүдийг бүртгэж авдаг.

Шилжих хөдөлгөөнийг дагаад сургуулиудад элсэх хүүхдийн тоо нэмэгдсэн. Гэвч сургуулийн багтаамж, хүчин чадал дагаж нэмэгдэггүй.

Ачааллаа харгалзаад бид сургуульд хүүхдээ элсүүлэхээр ирсэн эцэг эхийн байрны гэрчилгээг үзэхээс өөр арга байхгүй. Уг шаардлагыг тавиад бид 10 орчим жил болж байна. Тэрний хүчинд өнөөдөр 4500 хүүхдээ барьж чадаж байна. Сүүлийн хоёр жилд нийслэлийн төрөлт, шилжих хөдөлгөөнийг дагаад сургуулиудад элсэх хүүхдийн тоо нэмэгдсэн. Гэвч сургуулийн багтаамж, хүчин чадал дагаж нэмэгдэггүй. Нийслэлд шинээр хороолол, хотхонууд баригдаж байгаа ч сургууль, цэцэрлэгийн асуудлыг нь шийддэггүй. Үүний улмаас манай сургуульд нэлээд хэдэн хүүхдүүд нэмэгдэж орж ирсэн. Өөрийнхөө харъяа тойргийн хүүхдүүдийг багтааж, шингээх учраа олоогүй байхад энэ нь ачаалал нэмж байна. Энэ асуудлаар бид нийслэлтэй ярилцаад шинэ хорооллуудын нэгдүгээр ангид орох хүүхдүүдийг л хамруулахаар болсон. 2-6 дугаар ангийн хүүхдүүд бол хуучин хамран сургах тойрогтоо сурна. 

-Заавал наймдугаар сарын 30-ны өдөр бүртгэлийн хариу гарна гэдэг нь хэтэрхий цаг тулсан асуудал мэт. Энэ хугацаа наашлах боломж байдаггүй хэрэг үү?

-Өөр ямар ч арга байхгүй. Бид бүх өргөдлөө авсны дараа анги, сургууль танхимын боломж нөөцөө хардаг. Тэгээд хэдэн хүүхэд суралцах боломжтой байгаа тоогоо гаргадаг. Мөн багш, ажилчдынхаа нөөцийг бас харна. Шинээр нэмэх багш нараасаа шалгалт авна гэх мэтчлэн олон ажлууд байдаг. Тиймээс бид 30-ны өдөр хариуг нь хэлэхээс өөр арга байхгүй. Одоо манай сургуульд 12 бага ангийн багш хэрэгтэй байна.

84 дүгээр сургуулийн хувьд 4500 хүүхэд 87 бүлэгт хуваагдан гурван ээлжээр хичээллэдэг гэнэ. Өнгөрсөн жил дөрвөн ээлжээр хичээллэх дээрээ тулж технологи, гадаад хэл, зайны сургалтын кабинетаа суллаж зориулалтын 23 анги дээрээ нэмж, 14 ангийг гаргажээ. Ийн бүх бололцоогоо ашигласны үндсэнд 37 ангитай болж чадсан төдийгүй сургуулийн булан тохойгоо хааж сургалтын өрөө нэмсэн талаар захирал С.Март ярьж байв.

Тус сургууль бага ангийн анги дүүргэлт нь дунджаар 52, дунд анги нь 46 хүүхэдтэй хичээллэдэг гэх.

-Элсэлтийн үеэр "арын хаалга”-дахыг завдсан 800 гаруй санал хүсэлт ирдэг-

Байрны гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа шаардаж хүүхэд элсүүлсэн гэх асуудлын мөрөөр

-Сургуульд элсэх хүүхдийн тоо их байгаагаас үүдэн авлигын асуудал байнга сөхөгддөг. Танай сургууль дээр энэ асуудал хэр гардаг вэ?

-Ийм асуудал маш их гардаг. Жилдээ л гэхэд хүүхдээ элсүүлэхийг завдсан 840 орчим хүсэлт ирдэг. Бид шөнө өдөргүй ажиллаж бүртгэлээ хийж байхад бүртгэлд багтаагүй эцэг эхчүүд "Уг нь би өгдөг юмыг нь өгсөн юмсан” гэж хэлдэг. Гэвч тэд хэнд өгснөө хэлдэггүй. Ямар сайндаа би "Мөнгө өгсөн хүнээ хэлчих. Тэгвэл таны хүүхдийг би шууд авлаа” гэдэг.   Зарим нь бүр "Хүүхдээ оруулахдаа хандив өгсөн болохоор миний хүүхдийг гадагшаа тэмцээнд явуулах мөнгийг нь даачих” гэж орж ирэх нь ч бий.Хорооны даргад хүртэл авлига өгөөд хуурамч тодорхойлолт гаргуулаад ирсэн гэх тохиолдол ч гарч байсан. Зарим нь бүр манай тойрогт амьдардаг байрны айлтай тохирч хуурамч бүртгэл хийлгэж, хүүхдээ элсүүлснийхээ дараа нэрээ хасуулсан байсан. Бид энэ бүх сөрөг үр дагаврыг таслан зогсоох гээд чадахгүй байна. Ийм хүнд нөхцөл өнөөдөр Монголын боловсролын салбарт бий болоод удаж байна. Мөн бүх шатны дарга нар хүсэлт гаргана. Манайд ажиллаж байгаа багш, ажилчид хүсэлт тавина. Гэтэл намайг авлига авдаг гэдэг. Харин би болон манай багш нар авлига авч, ширхэг чихэр хүнээс авч байгаагүй гэдгийг онцолмоор байна” гэлээ.

Тэрээр байрны гэрчилгээг сургуулийн багтаамжаа харгалзан шаардаж, хамран сургах тойрогт багтсан гэдгийг батлахаас өөр аргагүй бөгөөд зарим эцэг эхчүүд хаалга үүдийг нь өшиглөж, багш, ажилчдыг нь хэл амаар доромжилж, элс шороо цацах зэргээр ёсзүйгүй авирладаг тухай хэлж байв.

Элсэлтийн бүртгэлийг дагаад хуурамчаар бичиг баримт үйлдэх, авлигачдын эгнээнд элсэх эцэг эхчүүд олширдог.

Түүнчлэн элсэлтийн бүртгэлийг дагаад хуурамчаар бичиг баримт үйлдэх, авлигачдын эгнээнд элсэх эцэг эхчүүд олширдог аж. Үүнээс гадна нотариатч, иргэний бүртгэлийн ажилтантай хуйвалдан байрны хуурамч гэрчилгээ гаргуулсан хэд хэдэн тохиолдол 84 дүгээр сургуульд илэрчээ. Тэр ч бүү хэл иргэний үнэмлэхний хаяг, банкны зээлийн гэрээг хүртэл хуурамчаар үйлдсэн зөрчил илэрсэн байна.

Харин БЗХӨ-ний шинжилгээ, гэрлэлтийн баталгаа шаардсан гэдгийг 84 дүгээр сургуулийнхан үгүйсгэсэн боловч шинжилгээ өгсөн, гэрлэлтийн баталгаа гаргуулсан гэх иргэдийн мэдээлэл бидэнд ирсэн юм.

-Хахууль авсан гэх зургаан багшийг ажлаас нь халсан гэв-

Байрны гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа шаардаж хүүхэд элсүүлсэн гэх асуудлын мөрөөр

Сургууль, цэцэрлэгийн бүртгэл ойртмогц эцэг эхчүүд хүүхдээ "арын хаалга”-даж, сургуульд оруулна гэж ярьдаг. Энэ сөрөг жишээ 84 дүгээр сургуулийг ч тойроогүй аж. Хүүхдээ элсүүлнэ хэмээгээд эцэг эхчүүдээс мөнгө авдаг жишиг тогтоосон бүлэг хүмүүс бий болсон талаар тус сургуулийн захирал С.Март ярив.

Тэрээр "Биднийг мэдээгүй байхад жил бүр өөр өөр ханш тогтоосон байдаг. Энэ ажлаа гүйцэлдүүлэхийн тулд багш, ажилчдаар гуйлгаж, ятгуулах асуудал гарна. Ийм шалтгаанаар би өөрийн удирдлага дор ажилладаг байсан зургаан багшаа халсан. Бас энэхүү ёсзүйгүй үйлдэл төрийн алба хаагчдаас ч гардаг. Мөнгө авсан, өгсөн гэх үйлдлийг жилдээ 3-4 хүн л илрүүлдэг. Өнгөрсөн жил л гэхэд нэг хувийн сургуулийн багш хүүхэн надтай найз гэж хэлээд нэг иргэнээс 1 сая 500 мянган төгрөг авсан байсан. Бас нэг төрийн алба хаагч 2 сая 500 мянган төгрөг авсан тохиолдол илэрсэн” хэмээлээ.

Ийн бид сургууль, цэцэрлэгийн бүртгэл хийгээд түүнийг даган үүсдэг ээдрээтэй асуудлыг сурвалжиллаа. Уг нь энэ жил АТГ-аас элсэлтийн бүртгэлд хяналт тавина гэх мэдээлэл гарч байсан. Гэвч энэ мэдээллийг АТГ-аас няцааж, зөвлөмж өгч ажиллаж байгаа гэх тайлбар өгсөн байдаг.

Гэсэн хэдий ч жил бүр даамжирч, бугшсан боловсролын салбарын эл асуудлыг хуулийн байгууллагынхан анхааралдаа авах нь зүйтэй болов уу.

Байрны гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа шаардаж хүүхэд элсүүлсэн гэх асуудлын мөрөөр

Байрны гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа шаардаж хүүхэд элсүүлсэн гэх асуудлын мөрөөр

Байрны гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа шаардаж хүүхэд элсүүлсэн гэх асуудлын мөрөөр

 П.Мөнхжаргал  eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>