"ГАНГА НУУРЫН ЧУУЛГАН"-ААР ДАРЬГАНГА ӨВ СОЁЛ, УЛАМЖЛАЛЫГ СЭРГЭЭН ХАРУУЛНА

860

"ГАНГА НУУРЫН ЧУУЛГАН"-ААР ДАРЬГАНГА ӨВ СОЁЛ, УЛАМЖЛАЛЫГ СЭРГЭЭН ХАРУУЛНА

 

Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй "Ганга нуурын чуулган” энэ сарын 27-28ны өдрүүдэд болно.


Өдгөө гурав дахь жилдээ зохион байгуулагдаж гэж буй уг үйл ажиллагаа нь гурван зууны тэртээ Манжийн дарангуйллын үед анх Сүрэгчин хошуу болон үүсч, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын үед бие даасан Дарьганга хошуу болж, хожим БНМАУ-ын үед сум болон задран хуваагдсан Дарьгангын үүх түүх, өв соёл, уламжлал заншлын хэлхээг өнөө үед таслалгүй өвлүүлэх, үр хойчид залгамжлан үлдээх зорилготойгоор хийгддэг билээ. Түүхийн хугацаанд орхиж гээсэн, хаяж үлдээсэн биет болон биет бус өв соёл, уламжлалыг сэргээн, дэлгэж харуулдгаараа, сурталчлан таниулдгаараа уг үйл ажиллагаа үнэлж баршгүй үнэ цэнэтэй.

Дарьгангын зургаан татлагат хуурын эгшгийг өвлөсөн цор ганц хүн болох Н.Цэдэвсүрэн гуай өнгөрсөн жил уг үйл ажиллагаанд оролцон одоогоор 70 гаруй хүнд дарьганга урлагийн гайхамшгийг зааж өвлүүлээд байна. Түүнчлэн дарьганга марзайг хүүхэд багачуудын дунд түгээн дэлгэрүүлэх ажил ч хийгдэж эхлээд байгаа юм. Хэлхээ тоонот гэр, дарьганга мөнгөн эдлэл, шавар зуух, зуу гаруй настай өлгий, хүннүгийн үеийн сахиус зэрэг эд өлгийн зүйлс ч энэ үйл ажиллагааны хүрээнд дэлгэгдэн сэргээгдэж байна.

Дарьганга ястны өв соёл, уламжлал заншил, нүүдэлчин амьдралын хэв маягийг сурталчлан таниулах томоохон зорилтын хүрээнд эвент үйл ажиллагаагаа "Ганга нуурын чуулган” хэмээн нэрлэсэн нь учиртай. Ганга нуур нь 21 булгаар тэтгэн тэжээгддэг, мянган хун чуулдаг, байгалийн үзэмж бүрдсэн сайхан нуур. Гэвч сүүлийн жилүүдэд байгалийн давагдашгүй хүчин зүйл болон хүний хүчин зүйлээс хамааран тойргийн хүрээ багасах, ширгэх аюулд өртөөд буй. Энэ зун Дарьганга суманд 7 дугаар сараас хойш хур бороо ороогүйн дээр хэт халалтын улмаас ууршилт явагдах болон элсний нүүдлээс шалтгаалан нуурын ус үлэмж багасаад байна. "Ганга нуурын чуулган” үйл ажиллагаа нь энэ асуудалд эрдэмтэд, нутгийн иргэдийн анхаарлыг хандуулах үүднээс эхний жил эрдэм шинжилгээний бага хурал, удаах жил нуурын хөвөөнөө иргэд, эрдэмтдийн нэгдсэн уулзалт ярилцлага зохион байгуулсан ч төдийлөн амжилтанд хүрээгүй нь аль аль талын оролцоо дутагдаж байгаатай холбоотой гэж үзэж байгаа юм. Энэ удаа ч мөн эрдэмтдийн бага хурал зохион байгуулж, иргэдтэй нягт хамтран ажиллах талаар дахин ярилцах нь чуулганы нэгэн онцлох үйл ажиллагаа юм.

Дарьгангачуудын соёлын өв, зан заншил, нүүдэлчин амьдралын хэв маягийг таниулах, нөгөөтэйгүүр аялал жуулч­лалыг татах, үндэсний эвент  гаргаж ирэхэд чиглэж буй уг үйл ажиллагаа нь зохиогдож эхэлсэн 2 дахь жилдээ Монгол Улсын "Дотоод аялалын шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарсан юм. Дахин давтагдашгүй Дарьганга соёлоо сурталчлахаар дамжуулан  цаашид бүс нутгийн аялал жуулчлал, гадаад харилцааг хөгжүүлэх том бодлого өвөртөлсөн нь ийнхүү биелэлээ олж эхэлж байгаад зохион байгуулагчдын зүгээс баяртай байгаа юм. Уг үйл ажиллагааны хүрээнд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгааг ч зохион байгуулагчид хэлж байгаа юм.

Аялал, жуучлалын өдрүүдээр жороо болон хос морьтны үзүүлбэр, марзай дуудах гэх мэт адууны соёлыг танилцуулах үзүүлбэрүүд,  ардын авъяастнуудын нэгдсэн тоглолт, дархчуудын гар урлал, гэр буулгах, шинэ нутаг сонгох, гэр барих, нүүдэл тосох, шинэ нутагтаа идээ будаа өргөх  "Нүүдлийн ёсон” гэсэн сонирхолтой хөтөлбөрүүд багтаж байна.

olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>