Аварга хулсны баавгай нэн ховордсон амьтдын тооноос хасагдлаа

2540

Аварга хулсны баавгай нэн ховордсон амьтдын тооноос хасагдлаа

 

Олон улсын байгаль хамгаалах хүрээлэн аварга хулсны баавгайг "Улаан ном" дахь нэн ховордсон амьтдын бүлгээс хассан тухай BBC мэдээлж байна.

 

Вашингтоны амьтны хүрээлэн дэх Аварга хулсны баавгайВашингтоны амьтны хүрээлэн дэх Аварга хулсны баавгай

 

"Хятадын Засгийн газрын амьтдыг хамгаалах салбарт олон жилийн турш хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд аюул багаслаа. Энэ бол хулсны баавгай зэрэг ховордсон амьтдын төрлийг хамгаалахад зориулсан хөрөнгийг зөв хуваарилж байгаагийн илрэл" гэж Хятадын Байгаль хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Ло Цзе Пин онцоллоо.

Дэлхийн Байгаль хамгаалах сангийн ерөнхий захирал Марко Ламбертин энэ үйл явдалд баяр хүргэж, аварга хулсны баавгайг хамгаалах, тоо толгойг нь нэмэгдүүлэх ажлыг зогсолтгүй үргэлжлүүлэх хэрэгтэйг хэллээ.

Аварга хулсны баавгайнууд Хятадын хулсан ой шугуйд амьдардаг.

2007 оны 11 дүгээр сарын байдлаар 1600 орчим хулсны баавгай тоолж байсан бол 2016 оны наймдугаар сарын байдлаар эдгээр амьтдын тоо 2060 хүрсэн байна.

Устах аюулаас аврагдсан эдгээр амьтдын тухай сонирхолтой мэдээллүүдээс хүргэе

Аварга хулсны баавгай нь 1.2-1.5 м урт, 75 см өндөр. Биеийн жин 75-160 кг байна. Эр нь эмээсээ 10-20 хувь том биетэй. Хөл, дал мөр, чих, нүдний эргэн тойронд хар, биеийн үлдсэн хэсэг нь цагаан үстэй. Бусад баавгайн адил хойд хөл дээрээ босож зогсож чадахгүй боловч сайн сэлж, авирч чаддаг. Өдөрт 9-14 кг шинэхэн хулсаар хооллоно.

 

Төрөөд дөнгөж долоо хонож буй аварга хулсны баавгайн үр төлТөрөөд дөнгөж долоо хонож буй аварга хулсны баавгайн үр төл

 

Аварга хулсны баавгай нь ганцаар амьдардаг. Эмэгчин нь өөрийн эзэмшил нутагтай байх ба бусад эм баавгай орж ирэхээс хамгаалдаг. 3-5 дугаар сарын орчим нийлэх ба 8-9 сард эмэгчин баавгай 1-2 зулзага төрүүлнэ. Хэрэв хоёр зулзага байвал зөвхөн нэгийг нь сонгож өсгөдөг байна. Аварга хулсны баавгайн зулзага төрөхдөө маш жижигхэн, дөнгөж 90-130 гр буюу эхийнхээ биеийн жингийн 1/900-тэй тэнцэнэ. 8-9 сартай болтлоо хөхөө хөхөх ба 18-24 сар хүртэл цуг амьдардаг. 5-7 нас хүрээд нас бие гүйцнэ.

Бяцхан хулсны баавгай анх удаа эхтэйгээ уулзаж буй бичлэг 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>