|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Домогт Алунгоо эх дуулалт цомнолоор амилна

Хөвсгөл аймгийн Хөгжимт драммын театрын уран бүтээлчид домогт Алунгоо эхийн эвийн сургаалаар дуулалт кино жүжиг бүтээж байгаа талаараа хэвлэлийн бага хурал хийлээ.   Алунгоо хатны унасан газар шороо болох Хөвсгөл аймгийн уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид хамтран "Тэнгэр язгуур” нэртэй 10 бүлэг 26 дүр бүхий дуулалт киног бүтээснээрээ  дэлхий дахинд Монголын эв эеийн сургаалийг түгээн дэлгэрүүлж,  хүүхэд залуус, хойч үедээ эв эеийн үзэл санааг төлөвшүүлэх  зорилготой ажээ.

Тус уран бүтээлийн цомнолыг МУСТА Б.Баярмагнай, хөгжмийг  А.Энхтайван, ерөнхий редактор МУСГЗ доктор, профессор Ж.Саруулбуян, түүхийн зөвлөхөөр шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам,  профессор  О.Сүхбаатар  нар ажиллажээ.

Уг киноны дуу бичлэгийн ажил дууссан бөгөөд зураг авалтандаа орох гэж байгаа ажээ. Зураг авалтыг Хөвсгөл аймаг болон Хэнтий аймгийн түүхэн газруудад  хийх юм.

Монголын нууц товчоо тэргүүтэй түүхэн сурвалжууд дээр тулгуурлан зохиолыг бичиж, түүхийн үнэнийг уран сайхны  сонирхолтой шийдлээр илэрхийлсэн төдийгүй Монголчуудын эв нэгдэлийн үзэл санааг нэн тодоор гаргаж өгсөнөөрөө ач холбогдолтой болохыг хуралд хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачид онцолж байлаа.

Хөвсгөл аймгийн хөгжимт драммын театрын дарга СТА Н.Сэржмятав хэлэхдээ  "Энэхүү түүхэн дуулалт киногоо  ОУ-ын кино наадамд оролцуулах хэмжээний чанартай сайн хийхээр зорьж байна. Киног бүтээхэд санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлж байгаа Хөвсгөл аймгийн ЗДТГазар, Хөвсгөл аймгийн ИТХ, бусад хувь хүмүүстээ талархал илэрхийлж байна. Монгол улсынхаа түүх соёл, үнэт зүйлийг урлагаар дамжуулан дэлхий дахинд сурталчилахад хамтран ажиллах хүсэлтэй бүх хүмүүсийг талархан хүлээж авах болно” гэлээ.

"Тэнгэр язгуур” түүхэн дуулалт киноны нээлтийг 11 сарын эхээр хийхээр төлөвлөж байгаа ажээ.

 
 
 
 
 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.