|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 09:51

ДЭЛХИЙГ ЦОЧИРДУУЛСАН ЕСДҮГЭЭР САРЫН 11

ДЭЛХИЙГ ЦОЧИРДУУЛСАН ЕСДҮГЭЭР САРЫН 11

 

Өчигдөр есдүгээр сарын 11-ний өдөр тохиолоо. 2001 оноос хойш энэ өдрийг дэлхий нийт терроризмын аймшигт хор уршгийг санан дурсан өнгөрүүлдэг болсон билээ. 2001 оны яг энэ өдөр АНУ-ын улс төр, эдийн засгийн төвүүдийг устгахаар төлөвлөсөн алан хядагч бүлэглэлийн 19 этгээд иргэний агаарын тээврийн дөрвөн онгоц барьцаалж, аймшигт халдлага үйлдэж байв.

Одоогоос 15 жилийн өмнө үнсэн товорго болсон Дэлхийн худалдааны төвийн суурин дээр эдүгээ тэрхүү аймшигт өдрийн дурсгалын хөшөө, музей баригдсанаас гадна 1776 фут өндөр Дэлхийн худалдааны төв баригдсан билээ

 
Онгоцны бүхээгт нэвтэрсэн алан хядагчид жолоодлогыг гартаа авч, эхний онгоц өглөөний 08.00 цагийн үед Нью-Йоркийн ихэр хоёр цамхаг буюу Дэлхийн худалдааны төвийн хойд талын цамхагийг нь мөргөсөн бол үүнээс ердөө 18 минутын дараа мөн нэг онгоц урд талын цамхагийг мөргөж тэнгэр баганадсан хоёр барилга хормын төдийд гал, тоос, хорт утаанд автжээ. Ихэр цамхаг хоёр цаг орчим хугацаанд сүндэрлэсээр байсан ч, эцэстээ хоорондоо 13 минутын зайтай нуран унасан байдаг.
 
Энэ хооронд галд шатаж, утаанд нь хордсон хүмүүс асар өндөр барилгын дээрээс үсрэн амиа алдаж байсан аймшигт дүр зургийг Нью Йоркийн иргэд дэргэдээс нь харж байжээ. Ихэр цамхагийг үнсэн товорго болгосон дайралтад худалдааны төвийн барилга дотор байсан дэлхийн 70 гаруй улсын нийт 2000 гаруй иргэн амиа алдсан байдаг. Харин алан хядагчдад барьцаалагдсан дараагийн хоёр онгоцны нэг нь Арлингтон дахь АНУ-ын батлан хамгаалах яамны төв болох Пентагоны барилгыг мөргөн сүйрсэн юм. Пентагоны барилгад ихээхэн эвдрэл учирсан бөгөөд барилгыг сэргээн засварлахад нэг жил шаардагдаж байсан аж.

Харин дөрөв дэх онгоцны хувьд зарим зорчигч болон нисэх багийнхан барьцаалсан алан хядагчидтай тэмцэлдсэний эцэст алан хядагчдын зорьсон цэгт хүрэлгүй Пенсильван муж дах хөдөө хээр газарт унасан байна.
 
Харамсалтай нь онгоцны зорчигчид, нисэх багийнхнаас нэг ч хүн амьд гараагүй юм. Тэднийг оролцуулаад террористуудын гэмт үйлдлээс болж нийтдээ 2996 хүн нас барж, 6000 гаруй хүн гэмтэж шархаджээ.
 

Халдлагын ард хэн байсан бэ

 
Америкчуудыг айдас хүйдэст автуулж, дэлхий нийтийг цочирдуулсан халдлагыг Аль Кайда бүлэглэл үйлдсэн. Тус бүлэглэлийн удирдагч Осама Бид Ладены АНУ-ын эсрэг ариун дайныг эхлүүлэх эхний цэг нь энэ өдөр тавигдсан юм. Халдлагыг 19 террорист үйлдсэний 15 нь Саудын Араб, үлдсэн нь Арабын нэгдсэн Эмират, Египет, Леваны харьяат байжээ. Тэдний зарим нь Европт амьдардаг байв.
 
Өмнө нь америкчуудад есдүгээр сарын 1-нийх шиг аймшигт өдөр ирнэ гэдгийг сануулах хэд хэдэн халдлага гарч байсныг энд дурьдах хэрэгтэй. 1993 онд Дэлхийн худалдааны төвд дэлбэрэлт болж байсан бол 1998 онд Кэни, Танзани дахь АНУ-ын Элчин сайдын яамыг мөн бөмбөгдөж байлаа.
 
Түүнчлэн, 2000 онд Иемэнд хөвж явсан USS Cole хөлөг онгоцыг Аль Кайдагийн дайчид сөнөөж байсан юм. Дэлхийн худалдааны төв ихэвчлэн оффис, худалдааны зориулалтаар ашиглагдах долоон барилгын цогцолбор байжээ. 1970-аад оны эхэн үед барьсан ихэр хоёр цамхаг 1300 фийт өндөр байсан бөгөөд тухайн үедээ дэлхийн хамгийн өндөр барилгаар нэрлэгдэж байв. 1993 онд террористууд Дэлхийн худалдааны төвийн доор байрлах грашт бөмбөг дэлбэлж байжээ. Энэ үед зургаан хүн нас барж, 1000 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Гэхдээ цамхаг дахин сүндэрлэн боссон. Дэлбэрэлтийн дараа Холбооны мөрдөх товчоо хэрэгт холбогдуулан хэсэг лалын шашинт террористуудыг баривчилж байсан юм.
 

Афганистан ба Иракийн дайн

 
Гурван мянга орчим хүн амиа алдаж, 70 гаруй мянган хүн хорт утаа, тоосжилтын улмаас үүдсэн өвчин тусч хөдөлмөрийн чадвараа алдсан аймшигт үйл явдал АНУ төдийгүй дэлхий нийтийг цочирдуулж, сэрээж чадсан юм. Халдлагаас ердөө cap орчим хугацааны дараа Жорж Буш Афганистан дахь талибаны дэглэмийг арилгах, Осама Бин Ладены террорист ажиллагааны эсрэг цэргээ хөдөлгөж, Америкийн цэргүүд Афганистанд орж иржээ. Улмаар хоёр сарын дотор Талибаны дэглэмийг устгасан байдаг.
 
Түүнчлэн Иракийн дайныг АНУ эхлүүлсэн нь мөн л эл хэргээс үүдэлтэй. Бушийн засаг захиргаа Аль Кайда бүлэглэл, Иракийн эрх баригчид хоорондоо холбоотой гэж үзэж байсан гэдэг. Түүнчлэн, Иракт хүн амыг олноор нь хөнөөх биологийн болоод химийн зэвсэг байгаа хэмээн хардаж, энхийг сахиулах нэрийн дор АНУ Ирак руу цэргээ оруулж байв. Гэхдээ тийм зэвсэг байсан эсэх нь эргэлзээ төрүүлдэг аж. Хожим шинжээчид 1991 онд Иракийн тал уг зэвсгээ устгасан гэдгийг нотолсон гэх.
 
Ямартай ч, террористуудтай дайн зарласан Жорж Буш Афганистан, Ирак руу цэргээ хөдөлгөхдөө Аль Кайдагийн толгойлогч Бин Ладенаас хариугаа авах санааг далдхан тээж байсан гэж үзэх үндэслэл бий. Гэхдээ есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагыг удирдсан Аль Кайдагийн толгойлогч Бин Ладеныг хөнөөхийн тулд АНУ-ын эрх баригчид 10 орчим жилийг зарцуулсан юм. Түүний толгойг 25 сая ам.доллароор үнэлж байсан удаа ч бий. Харин 2011 оны тавдугаар сарын 2-нд Пакистаны Абботтабадад ажиллагаанд оролцож байсан Америкийн тэнгисийн цэргийн бие бүрэлдэхүүн Бин Ладеныг хэсэг хамгаалагчийнх нь хамтаар хөнөөсөн байдаг билээ.
 
АНУ-ын цэргийнхний албан ёсны мэдээллээр Ирак, Афганистанд цэргийн ажиллагаа явуулсан 2001-2014 онд Америкийн 5300 цэргийн алба хаагч амиа алдаж, 50 гаруй мянга нь гэмтэж бэртсэнээс гадна нэг их наяд 600 тэрбум ам.долларыг зарцуулжээ. Тиймээс эдүгээ хүний амь болон хөрөнгө мөнгөний хувьд хохирол багатай байхаар терроризмын эсрэг тэмцэж буй.
 

Түүнээс хойш юу өөрчлөгдөв

 
Одоогоос 15 жилийн өмнө үнсэн товорго болсон Дэлхийн худалдааны төвийн суурин дээр эдүгээ тэрхүү аймшигт өдрийн дурсгалын хөшөө, музей баригдсанаас гадна 1776 фут өндөр Дэлхийн худалдааны төв баригдсан билээ. Харин иргэний агаарын тээврийн 77 дугаар нислэгийн онгоцоор нураасан Пентоганы ордоны дотор талд халдлагаар амь үрэгдэгсдийн дурсгалын өрөө мөн бий. Харин дөрөв дэх онгоц унасан хөдөө хээр талд онгоцонд зорчиж яваад харамсалтайгаар амиа алдсан иргэдийн дурсгалын талбай мөн байдаг ажээ.
 
Эдүгээ терроризмд ганц АНУ анхаарлаа хандуулах бус, дэлхий нийт үүний эсрэг нэгдэж байна. Нөгөө талаар, Аль Кайда бүлэглэл одоо хүртэл оршин тогтносон хэвээр. Саяхан гэхэд тус бүлэглэлийн одоогийн удирдагч Аиман аль Завахири есдүгээр сарын 11-нийх шиг халдлага дахин давтагдана гэдгийг  анхааруулсан  бичлэгийг youtube хуудаснаа нийтэлсэн байлаа.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.