Цэцэрлэгийн цэнхэр улавчны мөрөөр

828

Цэцэрлэгийн цэнхэр улавчны мөрөөр

 

Гадаад харилцааны яамны дэргэдэх будаг нь ханхалсан шинэ цэцэрлэгээр орлоо. Яамны хоёр давхарт байх цэцэрлэг бараг л нүд гялбам цэмцгэр аж. Уг цэцэрлэгт эцэг, эхчүүд ямар улавч хэрэглэдэг талаар сурвалжлах зорилгоор эднийхийг зүглэсэн юм.

Хаалгаар угтсан 30 гаруй насны эмэгтэй эхлээд уриалагхан угтсан ч улавчны тухай сурвалжилж явааг минь сонсоод хаажаа тас хийтэл нь хаах нь тэр. Цэцэрлэгийн цэнхэр улавч гэдэг сэтгүүлчдийн хувьд бараг л хаалттай сэдэв юм байна гэдгийг ийнхүү ойлгож эхлэв.

Цаашлаад Чингэлтэй дүүргийн 4, 54 болон Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн үүдээр мөн л хөөгдөх шахуу гарлаа. Учир нь цэцэрлэгийн улавчны талаар ярих хүн байхгүй бөгөөд жижүүр, үйлчлэгч нар "Бид энэ талаар мэдээлэл өгөх эрх мэдэлгүй” хэмээн хариу өгөхөөс татгалзлаа.

Сүхбаатар дүүргийн 54 дүгээр цэцэрлэгийн үйлчлэгч эмэгтэйгээс "Ямар улавч хэрэглэдэг вэ?” гэсэн тун энгийн асуултад ч хариулт авч чадсангүй. Ингэхэд цэцэрлэгийн улавч гэдэг тийм хаалттай сэдэв бил үү? Бизнес болчихсон учраас ийнхүү нуугаад байна уу гэсэн хардлага өөрийн эрхгүй төрсөн юм.

ЖИЖИГ БИЗНЕСИЙН "ТОМ”

Цэцэрлэгийн улавч бизнес болсон гэж бараг л таарсан хүн бүр хэлдэг. Гэвч яг аль цэцэрлэг вэ гэж тодруулахад хариулт өгөх хүн мөн л цөөхөн байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр Баянгол дүүргийн 236 дугаар цэцэрлэг эцэг, эхчүүдээс cap бүр 5,000 төгрөг хураадаг аж.

Харин Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэг нэг гялгар улавчийг 100 төгрөгөөр зардаг байна. Угтаа бол ийм улавч үүнээс тав дахин хямд үнэтэй. "Бөмбөгөр” худалдааны төв дээр 100 ширхэг гялгар уутан улавчийг 2,000 төгрөгөөр зарж байна. Нэг ширхэг нь 20 төгрөг гэсэн үг.

Дахиад тоо бодъё. Нийслэлд энэ жил 100 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт явж байна. Эцэг эх нь хүүхдээ хүргэж өгөх, авахдаа өдөрт хоёр улавч хэрэглэдэг гэвэл нийслэлийн цэцэрлэгүүд өдөрт ойролцоогоор 200 мянган улавчийг хогийн цэг дээр хаядаг гэсэн үг.

Энэ нь сард 4.4 сая улавч болж үржинэ. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл өдөрт дөрвөн сая төгрөг, сард 88 сая төгрөг хог болж байна. Хамгийн багаар бу юу нэг гялгар улавчийг 20 төгрөгөөр тооцоход шүү дээ. Эцэг эхчүүдэд өдрийн 100, 200 төгрөг бага мэт санагдаж байгаа ч цаанаа багагүй ашигтай бизнес бололтой.

ЭКО ГАРЦЫН ЭРЭЛД

Цэнхэр улавчны хэрэглээ болон бизнес ийнхүү цэцэглэж буй нь түүнийг орлох өөр сайн хувилбар байхгүйтэй холбоотой аж. Нэгэн гэр хорооллын цэцэрлэгийн эрхлэгч "Өвлийн улиралд улавч хамгийн том асуудал болдог. Гэр хорооллын айлууд гудамжиндаа угаадас, үнс асгадаг. Түүн дээрээ гишгэсээр цэцэрлэгт орж ирнэ.

Үүнээс болж олон төрлийн халдвар ч өвчин гардаг учраас гялгар уутан улавч өмсгөхөөс өөр арга байдаггүй” гэв. Тэрбээр мөн "Эцэг эхчүүд даавуун улавч авч явахаас залхуурдаг.

Бид өөрсдөө даавуун улавч бэлдээд, түүнийгээ өдөр болгон угаана гэдэг үнэхээр хэцүү. Цэцэрлэгийн үйлчлэгч тэр олон хүний шавар, шавхайтай улавчийг угааж хүчрэхгүй учраас гялгар улавчийг сонгодог” гэсэн юм.

500 хүүхэдтэй Чингэлтэй дүүргийн тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Энхзаяа улавчны асуудлыг шийдэх гэж олон хувилбараар оролдож үзжээ. Тус цэцэрлэгийн бага ангиар ороход ихэнх хүүхдийн гутал даавуун улавчтай харагдана билээ.

Хүүхдүүд цэцэрлэгтээ орохдоо даавуун улавчаа өмсч хэвшжээ. Харин эцэг, эхчүүдийн хувьд бол өөр. Яарч, сандарсан эцэг эхчүүд үүдээр орж ирмэгцээ л улавч нэхэж эхэлдэг аж.

Энэ цэцэрлэгт өдөрт 500 эцэг, эх ирж бас явдаг. Тэгэхээр даавуун улавч хэрэглэе гэвэл цэцэрлэгийн жижүүр, үйлчлэгч хоёр өдөрт хагас мянган улавчийг угааж, арчилна гэсэн үг. Тиймээс бүх эцэг, эхчүүдийг даавуун улавчаар хангана гэдэг давшгүй даваа гэлээ. Л.Энхзаяа эрхлэгч "Япон, Солонгост эцэг эхчүүд гутлаа тайлаад ордог.

Манайд тийм боломж байхгүй. Эцэг, эхчүүд ч дургүйцдэг, орон зайн хувьд ч боломжгүй. Манайх шиг олон хүүхэдтэй цэцэрлэг 500 хүний гутлыг хаана агуулах вэ гэдэг том асуудал.

Ядаж байхад эцэг, эхчүүд өглөө яг 8.30-аас 9.00 цагийн хооронд, орой 17.40-өөс 18.00 цагийн үед ирцгээдэг. Ийм үед гутлаа тайлах, эсвэл даавуун улавчийг ээлжилж өмсөнө гэж байхгүй.Гэхдээ бид нэг ч гэсэн гялгар уутан улавч хэрэглэхгүйн тулд эцэг эхийг гэрээсээ даавуун улавч авчрахыг шаарддаг ч биелүүлдэг хүн тун ховор” гэв.

Эднийх удахгүй болох эцэг эхийн хурлаар санал авч улавчны асуудлыг хэрхэхээ шийдэх аж. Одоо бол өнгөрсөн жил эцэг, эхчүүдийн хуримтлалын мөнгөөр авсан гялгар улавчаа үнэгүй хэрэглүүлж байгаа юм.

Үнэндээ экологид халтай энэ бизнесийг хоёр гараа өргөн дэмждэг, хөрөнгө оруулагчид нь эцэг, эхчүүд өөрсдөө байдаг. Хямд, дээр нь цэвэрхэн гэж бараг л магтана. Хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар хүлээж буй 40 гаруй насны эрэгтэйгээс энэ талаар асуухад "Ийм улавч харин ч цэвэрхэн, хэрэглэхэд амар байдаг.

Хүүхдэдээ үлгэр жишээ болох ёстой эцэг эхчүүд хэнэггүй, залхуу зангаасаа болж гялгар уутны хэрэглээг ийнхүү өдөрт хэдэн мянгаар нь нэмж байна.

 

Дэлгүүрийн уутны хэрэглээг зогсоож чадахгүй байж ийм жижиг асуудлын хойноос хөөцөлдөх хэрэггүй” гэлээ. Тэрбээр өөрийгөө их сургуульд багшилдаг, боловсролтой хүн гэдгээ дахин дахин тодотгож байлаа.

Манайд 10 гаруй жилийн өмнөөс гялгар уутны хэрэглээг багасгах талаар ярьж байхад дээд боловсролтой иргэн нь ийнхүү хэгжүүрхэж буй нь харамсалтай санагдсаныг нуух юун. Гялгар уут хамгийн багадаа 200-н жилийн дараа задарч, хөрсөнд уусдаг гэдгийг дунд сургуулийн хүүхэд ч мэддэг болсон цаг.

Энэ эд газрын хөрсөнд шингэхгүй удсанаас хөрсний эвдрэл үүсдэг. Хөрсөнд бүрэн шингэж, уусахаас нааш ямар ч ургамал ургах боломжгүй болдог гээд олон хор уршигтай.

Хүүхдэдээ үлгэр жишээ болох ёстой эцэг эхчүүд хэнэггүй, залхуу зангаасаа болж гялгар уутны хэрэглээг ийнхүү өдөрт хэдэн мянгаар нь нэмж байна. Салбарынхан ч энэ "жижиг” асуудлыг тоодоггүй нь цэцэрлэгийн улавчны талаар ямар нэг журам, зохицуулалт байдаггүйгээс харж болно. Энэ нь өнгөц харахад жижиг асуудал мэт ч үр дагавар нь үлэмж их юм.

Зарим хүн цаасан улавч хэрэглэх боломжтойг дурдаж байв. Гэхдээ шавар шавхайтай үед цаасан улавч норно гэдгийг бодох л хэрэгтэй. Ямартай ч эрүүл ахуйд тохирсон, байгальд ээлтэй тийм улавчийн эрэлд нийтээрээ мордъё. Хүүхдэдээ байгалиа хайрла гэж хэлчихээд өөрсдөө хог "үйлдвэрлээд” явах нь хэр зөв бэ. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>