ОРХОН ГОЛ ЦЭВЭР, ТУНГАЛАГ БОЛОХОД 1-2 ЖИЛ ШААРДЛАГАТАЙ

727

ОРХОН ГОЛ ЦЭВЭР, ТУНГАЛАГ БОЛОХОД 1-2 ЖИЛ ШААРДЛАГАТАЙ

 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ сарын эхээр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллах  үеэрээ Орхон голыг бохирдуулсан  алт олборлогч компаниудын үйл ажиллагааг зогсоосон. Гэвч зарим мэдээллийн хэрэгслээр Орхон голын эхэнд алт олборлогч компаниуд үйл ажиллагаагаа явуулсаар байна гэж мэдээлж байгаа.


БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба уг мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр  "БОАЖЯ, МХГ,орон нутгийн цагдаагийн байгууллагын   хамтарсан 14 хоногийн хугацаатай байнгын пост газар дээр нь   ажиллаж  байна.  Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа нэг ч компани байхгүй. Бүх аж ахуйн нэгжийг Мэргэжлийн хяналтын газраас техник тоног төхөөрөмжийг нь лацадсан. Мөн цахим мэдээллийн хэрэгслээр Орхон голд мөнгөн ус ашиглаж байна гэх мэдээлэл гарсан. Шороон орд дээр мөнгөн ус ашигладаггүй. Тиймээс  энэ бол ташаа мэдээлэл” гэлээ.

Орхон голын эхэнд "Монгол газар”, "Батбродерс”, "Алтайголд”, "БМНС”, "Голден хаммер”, "Алтандорнод Монгол” компаниуд лиценз эзэмшиж, тэд гэрээлэгч 16 компаниар олборлолт хийлгэж байсан юм. Эдгээр компаниудын 14 нь хууль ёсны дагуу ТЭЗҮ-гээ хийлгээгүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ зэрэг заавал бүрдүүлэх ёстой бичиг баримтуудаа бүрдүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн.

Байгаль орчны тухай хуулийн 26 дугаар зүйлд байгаль орчны хяналтыг Мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ   гэж заасан байдаг.  Хуулийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллага орон нутагт хяналт тавин ажиллаж байгаа ажээ.

Голд  бохир усаа нийлүүлж байсан компаниудын үйл ажиллагааг зогсоосон ч бохироор урссан хэвээр байгаа нь  Орхон голын урсац бүрэлдэх эх  байнгын цэвдэгтэй, нарийн тоосонцорын ширхэгтэй  учир өнөөг хүртэл лаг шавар нь урсаж байгаа гэнэ. Мөн гольдрилыг нь өөрчилсөн учир хөрсөө хуулж урсаж байгаа аж. Тиймээс Орхон гол цэвэр, тунгалаг болоход 1-2 жил шаардлагатай гэдгийг албаны хүн хэллээ.

Орхон гол зургаан аймгийн 53 сумаар урсдаг. Нийтдээ 100 гаруй мянган хүн амын ундны усны хэрэглээг хангадаг.
Орхон голд үйл ажиллагаа явуулдаг зарим нэг компаниуд бичиг баримтаа бүрдүүлээд, нөхөн сэргээлтийн барьцаа мөнгөө байршуулаад эхэлжээ хэмээн БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>