Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна

684

Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна

 

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр Гамшгийн эрсдлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр 2009 оноос хойш эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай.

Гамшгийн эрсдлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг.

Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамбейгаас "Live to Tell” буюу "Мэдлэгээ түгээцгээе” уриаг дэвшүүлээд байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах нь иргэн, хувь хүнээс ихээхэн шалтгаална. Иргэн бүр болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, бусдад  тусламж үзүүлэх мэдлэг, дадлыг эзэмшсэн байх нь чухал.

Тэгвэл гамшгаас өөрийгөө болон бусдыг аврах хамгаалах мэдлэгээ бусадтай хуваалцаж, бусдад түгээн дэлгэрүүлэхийг НҮБ-ын  Ерөнхий ассамблейгаас "Мэдлэгээ түгээцгээе” уриагаа дэлхий нийтэд уриалж байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх өөрт байгаа мэдлэгээ бусдад түгээснээр дэлхий нийтээр гамшгийн эрсдлийг хамтдаа бууруулж чадах юм.

Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт дадлагуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>