Орост Догшин Иваны анхны хөшөөг босгож, түүнийг Путинтай зүйрлэж байна

371

Орост Догшин Иваны анхны хөшөөг босгож, түүнийг Путинтай зүйрлэж байна

 

Эсэргүүцэл, шүүхийн маргаан тэмцлийн дараа Оросын Орёл хотод 16 дугаар зууны цуст дарангуйлагч Догшин Иваны хөшөөг өчигдөр нээжээ.

 

Түүнийг олон мянган Орос хүнийг хоморголон хядсан, бүр өөрийн хүүг ч алсан гэдэг юм.

Москвагаас өмнө зүгт 350 км зайтай орших Орёл хотын удирдагчид Баасан гарагт нэг гартаа загалмай, нөгөө гартаа илд барьсан Иваны хөшөөг ёслол төгөлдөр нээсэн байна.

Нээлтийн үеэр мужийн захирагч үг хэлэхдээ Догшин Иваныг одоогийн ерөнхийлөгч В.Путинтай зүйрлэжээ.

Вадим Потомский "Өнөөдөр бидэнд агуу хүчирхэг ерөнхийлөгч заяаж дэлхий нийт Орос орныг хүндлэх, үгийг нь сонсоход хүргэж байгаа нь яг л Догшин Иваны цаг үе шиг байна” гэж хэлсэн байна.

1547-1584 онд Оросыг захирахдаа Иван олон тооны хүчирхийлэл үйлдсэний дотор хэдэн мянган хүнийг алсан Новгородын хядлага багтдаг юм.

Гэвч түүнийг бас Орос орны суурийг тавьсан, Улаан талбайд орших Гэгээн Василийн Цогчин дуганыг байгуулсан зэргээр нь эерэгээр үнэлдэг.

Ажиглагчид уг хөшөөг босгосон явдлыг Москва ард түмнийхээ дунд Орос орныг хүчирхэг байлгахын тулд дарангуйлал хэрэгтэйг сануулсан үзэл суртлын хэсэг гэж үзэж байна. Хөшөөний нээлтэд 1,000 гаруй хүн оролцсоны дотор Путиныг дэмждэг байкеруудын бүлэг "Шөнийн чононууд”-ын ахлагч Александр Залдостанов байсан гэнэ.

Нөгөө талаас Орёлын зарим иргэд хөшөөг босгохыг эсэргүүцэж, шүүхэд хүртэл хандаж байсан юм. Тэдний нэг Наталья Голенкова нэг удаа гэртээ харих замдаа халдлагад өртөж эсэргүүцлээ зогсоох анхааруулга хүлээж авч байсан тухайгаа хэвлэлд ярьж байжээ.

 Тэр ярихдаа "Догшин Иваны фэн хэн байсан билээ? Сталин шүү дээ” гээд "Дарангуйлагч дарангуйлагчдаа хайртай байдаг” хэмээн өгүүлж байсан юм.

Эх сурвалж: Time.Com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>