Г.Батбаатар: Ослоос инженер биш компани хариуцлага хүлээдэг зохицуулалт хэрэгтэй

1136

Б.ЭНХЗАЯА

Аливаа бүтээн байгуулалт эрсдэлгүй байна гэдэг боломжгүй. Гэхдээ наад захын дүрэм, журмаа биелүүлээгүйгээс хүний амь нас эрсдсээр байгаа салбарыг барилгынхан гэж бэлхнээ хэлэх болжээ. Барилгынхан түүхэн 80 жилийн ойгоо 18 хүний амиар "бэлэг” барьж байгаа нь харамсалтай. Хамгийн сүүлд л гэхэд идэр насны дөрвөн залуу барилга дээрээс унаж амиа алдсан. Тиймээс цаашид барилгын ослыг бууруулах биш тэглэхэд ямар асуудал тулгарч байгаа, хэрхэн шийдэж болохыг гарцыг хэлэлцэхээр өчигдөр Хэвлэлийн хүрээлэнд барилгын салбарын холбогдох мэргэжилтнүүд цуглав. Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэ, Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогоын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Буяннэмэх, Барилга, эрчим хүчний хяналтын хэлтсийн дарга Г.Батбаатар, Барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Батцогт, "Вагнер Ази тоног төхөөрөмж” компанийн мэргэжилтнүүд болон бусад төлөөлөл ирсэн байв.

"Цэнхэр карт хөтөлбөрөөр барилгын ослыг бууруулах байсан”

 

УИХ-аас өнгөрсөн онд баталсан 24 дүгээр тогтоол,  Стандарт хэмжилзүйн газраас гаргасан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо гэсэн стандартаас гадна энэ онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлд барилгын салбарт онцгой анхаарах бодлоготой Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилгын компаниудад хүргүүлсэн онцгой даалгавар гээд нэрлээд байвал бид барилгын салбарт осол гарахаас урьдчилан сэргийлэх олон ажлыг хэрэгжүүлж байна. Ийм байхад осол гараад байгаа нь компаниуд дүрэм, журмаа хэрэгжүүлдэггүйтэй холбоотой гэдэгтэй хэлэлцүүлэгт оролцогчдын олонх нь санал нэгтэй байв. Тодруулбал, барилгын нийт өртгийн 13.6 хувийг хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн чиглэлд зарцуулна гэсэн хуулийн заалт бүрэн хэрэгждэггүйг Барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Батцогт хэллээ. Түүнээс гадна энэ салбарт Цэнхэр карт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бол барилгын осол буурах байсныг тэрээр онцолж байв. Энэ тухай ярихдаа "Бид 2012 онд Цэнхэр карт хөтөлбөрийг боловсруулан холбогдох сайдуудын тушаал гараад Хууль зүйн сайдаар баталгаажуулах дээр гацчихсан. Нийтээр дагаж мөрдөх журмыг зөрчсөн гээд. Уг нь хөтөлбөрийг 2012-2013 онд хэрэгжүүлэхэд барилгын осол өмнөх оноосоо хоёр дахин буурсан байдаг” гэсэн юм.

 

Компаниуд торгуулаад өнгөрдөг болжээ

 

Одоогоор манай улс барилгын чиглэлийн бие даасан хуультайгаас гадна 10 орчим журам, 130 стандартыг мөрдөж байгаа аж. Тиймээс хууль эрхзүйн орчин хангалттай талаар Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэ ярьж байна. Харин мэргэжлийн хяналтынхан үүнтэй санал нийлэхгүй байв. Барилга, эрчим хүчний хяналтын хэлтсийн дарга Г.Батбаатарын хэлснээр одоогийн хууль, журмаар осол гарсны дараа тухайн компанийн хөдөлмөр аюулгүй байдлын инженер хариуцлага хүлээгээд өнгөрдөг бол компани ажлаа үргэлжлүүлдгийг шүүмжлэв. Түүгээр ч зогсохгүй зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлчихсэн компаниудад хүлээлгэх хариуцлагын тогтолцоо нь тэднийг хууль зөрчихөд хүргэж байгааг хэлж байлаа. Тодруулбал "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчвөл 250 мянган төгрөг, зөвшөөрөлгүй барилгын ажил эрхэлсэн бол 2-4 сая төгрөгийн торгууль тавьдаг.  Компаниуд "Мэргэжлийн хяналтынхэн ирээд торгоод л өнгөрнө. Торгуулиа төлчих юм чинь” гэсэн арга барилтай болчихсон. Харин барууны орнуудыг судлахад компанийн үйл ажиллагаа доголдож хүний амь насанд халдсан тохиолдолд өндөр торгууль хүлээдэг. Ингэснээр нэр хүнд нь ч буурч бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болдог юм билээ. Ядаж манайд хөдөлмөрийн хөлсийг 100 дахин эсвэл 1000 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгодог болох хэрэгтэй. Тэгвэл тийм их мөнгөөр торгуулах уу, эсвэл хуулийн дагуу ажиллах уу гэж бодож эхэлнэ” гэлээ.

 

Туслан гүйцэтгэгчид л буруутай юу?

 

Барилгын осол ихэвчлэн туслан гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаа байдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Энэ нь тэд мэргэжлийн бус хүмүүсээр баг бүрдүүлж барилга дээр ажилладагтай холбоотой гэнэ. Энэ тухай "Вагнер Ази тоног төхөөрөмж” компанийн аюулгүй ажиллагааны сургалтын ахлах ажилтан Т.Долгор хэлэхдээ "Барилгын салбарт гэрээт, туслан гүйцэтгэгчид хаягдчихсан шоовдор хүмүүс байдаг. Компанитай хэн нэгэн замын хажууд зогсч байгаад л баг бүрдүүлдэг болчихсон. Яахав тэд тушаал, журмыг мэддэг ч ажил амьдралд хэрхэн ашиглах туршлага байдаггүй” гэж байхад зөвхөн туслан гүйцэтгэгчээс болж осол гардаггүй. Үүний цаана хөрөнө оруулагч захиалагч компанийн ашиг хонжоо хайснаас үүддэг. Хэрэв захиалагчид хангалттай хөрөнгө мөнгийг нь төсөвлөчихдөг бол туслан гүйцэтгэгчид ажилчдаа сургана гэх хүмүүс байлаа.

Осол зөрчил гарсаар байгаа энэ үед мэргэжилтнүүд хамтарч асуудлаа хэлэлцэж байгаа нь сайшаалтай. Нэг нь хууль эрхзүйн орчин хангалттай гэж буй ч нөгөө талд засч залруулах зүйл байгааг хэлж байна. Энэ нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо хангалтгүй гэж хэлж болох талтай юм. Дашрамд дурьдахад, цэл залуухан гурван залуу, нэг бүсгүй амиа алдсан "Зуншин” компанийн хариуцсан барилгын асуудлыг холбогдох албадууд нь одоо хүртэл шийдээгүй юм байна. МХЕГ-аас Зуншин компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал явуулсан гэж буй ч БХБЯ-наас осол "Зуншин” компанитай холбоотой эсэх нь шийдэгдээгүй гэсэн тайлбар хэлж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>