Bank of China Монголд орж ирвэл...

345

Bank of China Монголд орж ирвэл...

 

Ийн эмзэглэх шалтгаан байна. Юу гэвэл БНХАУ-ын Их дөрвөл хэмээх ойлголтод багтдаг Bank of China салбараа Монголд нээх тухай сүүлийн үед эрчимтэй яригдах болов. Тэндээс хүсэлт тавьчихсан. Энд манай эрх баригчдын зүгээс ч дэмжээд эхэлж буй бололтой. Эдийн засаг хүнд байгаа энэ үед гаднаас орж ирэх мөнгөний урсгал нэмэгдэж, бага хүүтэй зээл орж ирнэ гэдэг мэдээж сайхан. Гэвч гадны банк манай улсад салбараа нээвэл юу болох вэ.

Гадаадын банк аль нэг улс руу орохдоо эхлээд бага хүүтэй мөнгө зээлүүлдэг. Үүнд нь тухайн улсын аж үйлдвэр, уул уурхай, дэд бүтцийн салбарынхан голдуу хамрагддаг. Энэ жишиг манайд ч адил гэсэн үг.

Гэтэл  тэд маань зээлээ төлж чадахгүйд хүрвэл бид хичнээн их баялагтай орд газруудаа Хятадын банкинд тавьж туухыг таашгүй юм. Энэ нь байгалийн асар их нөөцтэй орнуудад өөрийн салбараа нээх хүсэлтэй байдаг гаднын банкныхны хувьд томоохон олз төдийгүй хамгийн гол зорилгодоо хүрлээ л  гэсэн үг.

Гадаадын банк нь хөгжиж буй болон буурай орнуудад сал­бараа нээхдээ дотоодын голлох аж үйлдвэрүүдийн салбарын өрсөлдөх чад­варыг үгүй хийж, эдийн засгийн бүрэн хараат болгохын зэрэгцээ зээлийн барьцаа хөрөнгө, батлан даалтаар дам­жуулан үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ноёрх­лоо тогтоож эхэлдэг.

Зээлээ төлж чадахгүйд хүрсэн стратегийн чухал ач холбогдолтой томоохон үйлдвэр, обьектуудынхаа дээр бид хятад ханзтай хаяг  хадах  цаг  ирэхэд гайхах зүйлгүй.

Хамгийн аюултай нь тусгаар улсын илэрхийлэл болсон үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ алдагдаж, бид төгрөгөөрөө цаасан шувуу хийж нисгэх цаг ирэх вий. Учир нь гадаадын банкууд ихэвчлэн ам.доллар эсвэл бусад валютаар зээл олгодог тул валютын ханшны эрсдэл, төгрөгөөр илэрхийлсэн бүтээгдэхүүний ханшны хэлбэлзлээс инфляцийн хурд хөөрөгдөх бодит аюул үүснэ гэсэн үг.

Яваандаа "хайр зарлаж” орж ирсэн банк маань аашаа гэнэт хувиргаж, ихээхэн хэмжээний зээл  олгосныхоо дараа бодлогоор зээлээ зогсоох, өмнө нь гаргасан зээлийн нөхцөлөө чангалах, дордуулах, төлбөрөө нэн яаралтай төлөхийг шаардаж эхэлбэл дотоодын аж ахуйн нэгжүүд олноор дампуурах, төлбөрийн асуудалтай тулгарах аюултай юм.

Энэ эрсдэл хөгжингүй орнуудад ч тулгарч байсан жишээ бий. Тухайлбал Францын төвбанкны судлаач Беллевиллегийн дүгнэснээр хямралын үеэр гадаадын банкууд хөрөнгөө огцом татсанаар санхүүгийн зах зээлд үүссэн зээлийн шокийн сөрөг нөлөө одоо ч Францын эдийн засгаас бүрэн арилаагүй байна (Belleville, 2014) хэмээн тэмдэглэсэн байдаг.

Өмнөд Солонгост л гэхэд зах зээлд нь хямралын шинж ажиглагдаж эхэлмэгц тус улсад үйл ажиллагаа явуулж байсан гадаадын голлох банкууд (KB Finance holdings, Hana Finance holdings гэх мэт) үйл ажиллагаагаа хязгаарлаж эхэлснээр хямрал улам гүнзгийрсэн байна. 

Ер нь л гадаадын банкны оролцоо зах зээлд өсөх хэрээр Мон­голоороо овоглогддог үндэсний банк, санхүүгийн салбар гүн хямралд орж, ажилгүйдэл нэмэгдэх, үүнээс болж нийгэмд бухимдал, тогтворгүй байдал үүсэх нь хэнд ч ойлгомжтой. Гэвч эрсдлүүд үүгээр зогсохгүй. Хамгийн аюултай нь яваандаа Монгол Улсын эдийн засаг гадаадынхны хяналтад бүрэн орж хөгжлийн бодлого, стратеги алдагдаж, өөрийн газар нутагтаа тавих  хяналт сулран тусгаар тогтнолоо алдах аюултай юм.

Өнөөдөр Монголын банкууд санхүүгийн салбарын 97 хувийг бүрдүүлж байна. Энэ нь хэдийгээр мундаг үзүүлэлт мэт харагдах ч бүх банкуудын актив нийлээд 12 орчим тэрбум ам.доллар буюу 23.9 их наяд төгрөг л байна. Хажууд нь Вank of China 560 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Харьцуулбал дэлхийн дэргэд цэг хатгасан мэт л үзүүлэлт.

Дээр өгүүлсэнчлэн Bank of China-гийн Монголд орж ирэх гол хөзөр нь бага хүүтэй зээл. Үүнтэй манай хувийн хэвшлийн банкууд яасан ч өрсөлдөж чадахгүй. Учир нь Монголын арилжааны банкууд дэлхийд хамгийн өндөр хүү болох 15-20 орчим хувийн хүүгээр хадгаламж татан төвлөрүүлдэг тул зээлийн хүү 19 хувиас буух аргагүй. Энэ тохиолдолд ялалт Вank of China-гийнх болно. Бизнес эрхлэгчид тэдний үүдийг л сахина гэсэн үг.

Гэвч бага хүүтэй зээл авч л байвал Монголын арилжааны банкууд дампуурах нь хэнд хамаатай юм гэж амиа бодох нь утгагүй хэрэг ажээ. 

Учир нь  хэн ч банкнаас зээл авахдаа иргэний үнэмлэхээс эхлээд санхүүгийн байдлаа бүрэн тайлагнасан материал бүрдүүлдэг. Нэг ёсондоо бид гадны банкинд Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжийн талаарх томоохон мэдээллийн сан бүрдүүлж өгөх бөгөөд  үүнийг дараа нь хэн яаж хэрхэн ашиглахыг таашгүй юм.

Bank of China банкны 67 хувь нь Хятадын төрийн өмчийнх тул тус улсын төрийн бодлогоор үйл ажиллагаагаа явуулдгийг үгүйсгэх аргагүй нөхцөлд шүү.

Эцэст нь гаднын банк Монгол Улсад салбараа байгуулсан нөхцөлд үүсч болох эерэг үр дагавар нь сөрөг нөлөөнөөсөө их байгаа ийм нөхцөлд Монгол Улсын язгуур эрх ашиг, улс төр, эдийн засаг, хууль эрхзүйн болон цаашлаад геополитикийн төвшинд хараахан дархлаа нь бүрдээгүй байгаа юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.БАЯР

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>