Ц.Оюунчимэг: Б.Түвдэндорж аваргын удам болохоор хүндийн өргөлтөөр хичээллэхийг зөвлөсөн байх

825

   

Ц.Оюунчимэг: Б.Түвдэндорж аваргын удам болохоор хүндийн өргөлтөөр хичээллэхийг зөвлөсөн байх

 

Хүндийн өргөлтөөр 49 наснаасаа хичээллэж өдгөө дэлхийн хошой аварга болсон ахмад тамирчин Ц.Оюунчимэгтэй ярилцлаа. Дэлхийн рекордыг эзэмшдэг тэрбээр саяхан бөмбөрцгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медальтай иржээ.

 

-Германд болсон мастеруудын дэлхийн аваргаас мөнгөн медальтай иржээ. Тэмцээнд санасан хэмжээндээ хүртэл оролцож чадав уу?

 

-Мастеруудын дэлхийн аваргад 47 орны 980 гаруй тамирчин оролцсоноос Монголын гурван туйванч өрсөлдөөд ирлээ. Би нас, жингийн ангилалдаа хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медаль авсан ч өөрийнхөө үзүүлсэн амжилтыг эвдэж чадаагүй. Мастеруудын тэмцээнийг маш нүсэр зохион байгуулдаг. Учир нь, 35- 39, 40-44, 45-49, 50-54 гэсэн насны ангилал бүрт өөр жингийн тамирчид өрсөлддөг юм. Бусдаараа залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнтэй адилхан журмаар зохион явуулдаг. Тамирчдын хувьд Унгарын туйванчид хүчтэй байдаг юм байна. Би олон улсын тэмцээнд 2012 оноос оролцож эхэлсэн. Надаас өмнө миний ангилалд Монголоос тамирчин оролцож байгаагүй ч бусад улсаас олон тамирчин өрсөлддөг. Энэ жил миний жинд алтан медаль авсан тамирчин техник сайтай байсан. Ер нь Их Британи, Унгар, Герман улсын тамирчид дэлхийд техник, ур чадвараараа өрсөлддөг.

 

-Дэлхийн аварга шалгаруулах өмнөх тэмцээнээс алтан медальтай ирж байсан. Энэ удаад юун дээр алдаад медалийн байр ухрав?

 

-Цагийн зөрүү гардаг юм байна. Дээр нь нурууны бага зэргийн гэмтэлтэй байсан учраас бэлтгэлээ сайн базааж чадаагүй. Тиймээс медалийн чанар буурлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон дэлхийн цомын тэмцээнд гаргасан амжилтад ч хүрч чадсангүй. Энэ тэмцээнд миний жинд түрүүлсэн Унгарын тамирчин оролцоогүй. Тийм болохоор энэ тамирчны талаар сайн судлаагүй байлаа. Би дэлхийн аваргад эх орноо төлөөлөн дөрөв дэхээ оролцож байна. Энэ удаагийн амжилтаар дэлхийн аваргын хошой алт, мөнгөн медальтай болж байгаа юм.

 

-Таны өрсөлдсөн жинд алтан медаль зүүсэн тамирчин хэдэн настай хүн байв?

 

-50 настай байсан. Гэхдээ спортоор хичээллэхэд нас хамаагүй гэдгийг ойлгосон. Би гэхэд самбо, жүдогийн дэлхийн аварга Халтмаагийн Баттулгын зөвлөснөөр 49 настайдаа хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлсэн. Энэ спортоор найман сар хичээллээд Украинд 2012 онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож, 50 насны ангилалд хоёрдугаар байранд шалгарч, медалийн тавцанд зогсч байлаа. Түүнээс хойш их урамшиж тив, дэлхийн тэмцээнд оролцдог болсон.

 

-Спортын энэ олон төрлөөс яагаад хүндийн өргөлтийг сонгож хичээллэхийг танд зөвлөсөн юм бол?

 

-Х.Баттулга бид хоёр арван жилийн сургуульд хамт сурч төгссөн. Нэг дор, нэг гудамжинд өссөн юм болохоор намайг сайн мэднэ. Дээр нь Б.Түвдэндорж аваргын удам гэдэг утгаар нь надад энэ спортоор хичээллэхийг зөвлөсөн байх. Спортын ууган гавьяат мастер, үндэсний бөх барилдаж байсан, Булган аймгийн Хангал сумын харьяат Б.Түвдэндоржийн төрсөн дүү нь миний аав байгаа юм. Энэ хүний үйл хэргийг үргэлжлүүлж спортоор хичээллэж байгаа хүн манайд бий. Б.Түвдэндорж аваргын зээ хүү сүмо барилдаж байгаад их хүнд гэмтэл авсан учраас барилдаж чадахгүй байгаа.

 

 

-Тамирчны амжилт хямдхан олддоггүй гэдэг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шаргуу хичээллэснээр таныг олон улсын рекордыг эзэмшдэг болсон гэж сонссон юм байна?

 

-Би олон улсын Гран-при тэмцээнээс дөрвөн алтан медаль авсан. Дэлхийн цомын тэмцээнд мөн дөрвөн жил дараалан оролцож алтан медалийн эзэн боллоо. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жил дараалан амжилттай оролцож байна. Мастер тамирчдын дунд дөрвөн жилд нэг удаа олимп болдог. Энэ тэмцээнээс алтан медаль авч, зургаан удаа рекорд тогтоож, есөн жил эвдэгдээгүй амжилтыг би эзэмшдэг. Дөрвөн жилд нэг удаа болдог Европын тэмцээнээс алтан медаль авч, рекордыг нь хадгалж байна.

 

-Таны эзэмшдэг рекорд хэд вэ?

 

-Надаас өмнө Америкийн тамирчин миний жинд чансаагаараа тэргүүлдэг байсан. Түүнийг нь шинэчилж, одоо Монголын тамирчин рекордын эзэн гэж явдаг юм.

 

-Та багадаа хүнд зүйл өргөдөг байв уу. Ер нь хүчний бэлтгэл хийдэг үү?

 

-Хүнд зүйл өргөх нь битгий хэл биеийн тамирын хичээлээс болж л өгвөл зугатчихдаг хүүхэд байсан. Тиймээс намайг спортоор хичээллэж байгаа гэхээр ангийнхан маань одоо их гайхдаг юм. Яахав, мундаг хүний удам ген нөлөөлдөг байх. Хүчний бэлтгэлийн хувьд спортын бүх төрлийнхөн хичээллэдэг юм байна. Би анх хүндийн өргөлтөөр хичээллэхдээ жингээ хасах, эрүүл чийрэг болох зорилготой ирсэн. Спортоор хожуу хичээллэсэн болохоор бяр тэнхээ гэж юу байх вэ. Тэгэхээр хүний удам ген гэж хэдий нас явсан ч надад багахан зүйл заяасан юм болов уу даа гэж боддог.

 

-Одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байна вэ. Ер нь дандаа бэлтгэл сургуулилттай байдаг юм уу?

 

-Хүндийн өргөлтийн шигшээ багийн зааландаа өдөр бүр бэлтгэл хийдэг. Ер нь энэ жилийн хувьд оролцох гадаадын тэмцээн дууссан. Дотоодын болон нэрэмжит гурван тэмцээнд оролцох бодолтой байна. Он гараад дөрвөн жилд нэг удаа болдог мастер тамирчдын олимп Шинэ Зеландад болно. Энэ тэмцээнд Монголын мастер тамирчид спортын 28 төрлөөр оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

 

-Хүндийн өргөлтийн тамирчдаас хамгийн ахмад нь хэдэн настай вэ?

 

-Би хүндийн өргөлтийн эмэгтэй тамирчдын хамгийн ахмад нь буюу 54 настай. 35 насанд З.Мөнхнасан энэ жилээс тэмцээнд оролцож эхэлсэн. Дээр нь Эрдэнэтийн Г.Ариунжаргал гэж эмэгтэй тэмцээнд сайн оролцож байгаа. Эрэгтэйчүүдээс 70-75 насны ангилалд Ц.Эрдэнэчулуун, В.Балжинням гэсэн сайн тамирчин бий. Залуудаа штанг өргөж байсан. 60- 64 насанд спортын олон улсын хэмжээний мастер Ш.Лхагва гэж дэлхийн хошой аварга хүн бий. Манайд эрэгтэй тамирчин олон ч эмэгтэйчүүд дутмаг байдаг. Хүндийн өргөлтөөр эмэгтэй хүүхэд хичээллэхэд их хүнд спорт. Гэхдээ багш дасгалжуулагч нар их сайн болохоор манай тамирчид бага гэмтдэг. Ер нь биеэ сайн халаасны дараа бэлтгэл сургуулилтаа хийх хэрэгтэй. Манай эмэгтэй тамирчдаас М.Анхцэцэг гэж их мундаг охин бий. Биеийн төлөв, сэтгэл зүйн байдал, зоримог зан чанар бүх зүйл нь зохицсон. М.Анхцэцэг Риогийн олимпод оролцсоноор хүндийн өргөлтийн спорт олон түмэнд танигдаж, тамирчин маань ч дэлхийд өөрийгөө таниуллаа. Нэг үеэ бодоход хүндийн өргөлт маш сайн хөгжиж байна. Ялангуяа өсвөр, залуучуудын тамирчдыг олноор нь хамруулж байна.

 

-Та анх эрүүл чийрэг болохын тулд спортоор хичээллэсэн гэсэн. Зорилгодоо хүрсэн үү?

 

-Яг үнэнийг хэлэхэд би хүндийн өргөлтийн спортод дурлаад байна. Энэ спортоор хичээллэхээс өмнө даралт ихэсч, зүрх өвдөхөөс гадна жин ихтэй байлаа. Хүндийн өргөлтөөр хичээллэснээс хойш зүрх өвдөх, даралт ихсэх, үе мөчөөр өвдөхөө больсон. Би хүнд жингийн тамирчин учраас жингээ их хасч болохгүй. Тиймээс зорилгодоо бүрэн хүрсэн гэж бодож байна.

 

Б.Сэлэнгэ

- See more at: http://www.unen.mn/content/68113.shtml?alias=sport#sthash.7z7e3fnN.dpuf

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>