Сагсан бөмбөгийн "Дээд эсвэл супер" лигийг аль холбоо зохион байгуулах вэ?

553

Сагсан бөмбөгийн "Дээд эсвэл супер" лигийг аль холбоо зохион байгуулах вэ?

 

Монголын сагсан бөмбөгийн 2016-2017 оны "Дээд эсвэл Супер” лигийг аль холбоо зохиох эсэх нь сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татсаар. 1994 оноос эхлэлтэй МСБХ-ны "Дээд” лиг сүүлийн дөрвөн жил болоогүй. Оронд нь МҮСБХ-ны "Супер” лиг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд явагдсан.

Жил бүрийн 10-р сарын дундуур гэхэд "Супер” лигийн тов тодорхой болдог байсан. Гэтэл энэ жил "Супер” лигийг зохион байгуулагч МҮСБХ таг чиг байсаар. Тэд "Супер” лигийн (бүх лигийн тамирчид оролцдог байсан тэмцээн ) товыг гаргаагүй ч "21 аймгийн Үндэсний супер лиг” (нэг багт дөрөв хүртэлх лигийн тоглогч багтана) нэртэй тэмцээнийг зохион байгуулна гэдгээ албан ёсоор зарлаад буй. Энэ лигийн хувьд бүх аймгуудын сагсчдыг хамруулдгаараа сагсан бөмбөг сонирхогчдоос өндөр үнэлгээ аваад байгаа.

Гэхдээ "Дээд эсвэл Супер” лигээс зохион байгуулалт нь тэс өөр байх юм. Тэгвэл яагаад МҮСБХ дөрвөн жил хийсэн "Супер” лигээ зохион байгуулахаас цааргалав. "21 аймгийн үндэсний Супер лиг”-ийн тэмцээн мягмар, пүрэв, бямба гарагуудад болно гэсэн хуваарь байна. Эсрэгээрээ Даваа, Лхагва, Баасан гарагуудад явагддаг байсан Лигийн тэмцээний цагийг сонгоогүй нь цаанаа шалтгаантай гэж учир мэдэх хүмүүс ярьж буй. Тодруулбал дээрх өдрүүдийн цаг дээр МСБХ-ны "Дээд” лигийн тэмцээн зохион байгуулагдах магадлал өндөр байгаа талаар эх сурвалжууд мэдээллэж байгаа юм. Хэрвээ үнэхээр тийм бол сагсан бөмбөгийн хоёр холбооны өрсөлдөөн энэ жилээс эхлэн идэвхижэж "ШИНЭ” түвшинд гарна гэсэн үг юм. 

САГСАН БӨМБӨГИЙН ХОЁР ХОЛБООНЫ ӨРСӨЛДӨӨНӨӨС "ТАМИРЧИД, СПОРТ СОНИРХОГЧИД БҮҮР ЦААШЛААД МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГ” Л ХОЖООСОЙ

Дээрх холбоодын өрсөлдөөн дундаас гагцхүү "Тамирчид, спорт сонирхогчид” л хожих ёстой. Тэрнээс биш аль нэг холбооны ашиг сонирхол тамирчдад огт падгүй. Лигийн багууд хэдийн бэлтгэлдээ гарсан ч яг аль лигийн тэмцээнд тоглохоо мэдэхгүй байдалтай байгаа юм.

Спорт сонирхогчдын зүгээс "Дээд эсвэл Супер” лиг болох уу гэдэг эргэлзээг дотроо тээсээр. Тэд гудамжинд таарсан лигийн тамирчдаас: "Энэ жилийн лиг хэзээ эхлэх вэ?” "Аль холбоо зохион байгуулах вэ?” зэрэг асуултуудыг байнга асууж шалгаах болов. Дээр хэлсэнчлэн МСБХ-ны "Дээд” лиг үнэхээр зохиогдох гэж байгаа бол тэд бэлэн үү гэдэг асуулт үүснэ.

Баттай эх сурвалжийн мэдээллэж байгаагаар МСБХ бүтэц бүрэлдэхүүнээ шинээр (МСБХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анарыг ) томилж тасраад байгаа "Дээд” лигийн тэмцээнээ үргэлжлүүлэх магадлал өндөр байгаа юм. Гагцхүү одоогоор лигийн тэмцээнийхээ товыг зарлахгүй байгаа нь МСБХ-ны бүх гишүүд хуралдаж, ерөнхийлөгч, нарийн бичгийн даргаа томилоогүй байгаатай холбоотой юм.

Хэрэв энэ бүхэн биелэлээ олвол 1994 оноос эхлэлтэй Монголын сагсан бөмбөгийн "Дээд” лигийн тэмцээн дахин зохион байгуулагдна гэсэн үг. Дээр өгүүлсний адилаар сагсан бөмбөгийн хоёр холбооны тулаанд "Тамирчид, спорт сонирхогчид бүүр цаашлаад Монголын сагсан бөмбөг” л хожоосой бурхан минь бусад нь ч дүүрч.

Э.Энхтөгс

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>