Олгой нь хагарсан өвчтөнийг оршин суугаа газрын тодорхойлолтоос болж...?

529

Олгой нь хагарсан өвчтөнийг оршин суугаа газрын тодорхойлолтоос болж...?

 

Манай улсын эрүүл мэндийн салбарын бодлого хатуу үедээ дэндүү харгис юм. Энэ бүхнийг гэрчлэх нэгэн жишээг одоо өгүүлэх гэж байна. Олны нэрлэдгээр "Сайд нарын хоёрдугаар эмнэлэг”-т үзүүлэхээр иргэн А  хүргүүлэн иржээ. Хүчтэй өвдөлт өгч, учир битүүлгээр хамаг бие нь хямарсан А тус эмнэлэг дээр 11 цагийн орчим ирж, оочерлож байгаад 15 цагийн үед эмчид үзүүлсэн байна. Түүнийг үзсэн эмч "Олгой байж магад. Шинжилгээ өгөөд хүрээд ир” гэжээ. Эмчийн хэлснээр ч А шинжилгээ өгч, хариуг нь авах гэсээр байтал 18 цаг болсон байв. Нэг ёсондоо эмнэлэг дээр ойролцоогоор долоон цаг гаруйн хугацаанд өвдсөн бөгөөд өмнөх оройноос нь өвдөж эхэлсэн олгой нь бүхэл бүтэн нэг хоног болчихож байна гэсэн үг.

Ингээд сая нэг юм, оношоо тодруулж, хагалгаанд орохын даваан дээр бичиг баримтны асуудалтай тулгарав. Учир нь А хэдэн жилийн өмнө цахим үнэмлэх авах үедээ Чингэлтэй дүүргийн харъяалалттай байсан ч гурван жилийн өмнөөс Сүхбаатар дүүрэгт шилжин иржээ. Гэвч түүний цахим үнэмлэхний ар талын хаяг хуучнаараа бичигдсэн байх бөгөөд хурууны хээгээ уншуулбал шинэ хаяг дээрээ байгаа нь харагддаг байна. Хоёрдугаар эмнэлэг Сүхбаатар дүүргийн харъяалалтай иргэдэд мэс засал хийдэг аж.  

Иймээс ч А учир байдлаа тайлбарлаж, "Сүхбаатар дүүрэгт амьдардаг. Одоо хагалгаанд л оруулаад өгөөч. Бичиг баримтаа дараа нь цэгцлээд өгье” хэмээн гуйжээ.

Мэдээж, өвдөж байгаа хүнд тэр тусмаа олгой нь өвдөж байгаа хүнд цаг минут гэдэг хамгийн чухал зүйл нь тодорхой.

Гэвч хоёрдугаар эмнэлгийн сувилагч, эмч нар харсаар байтал явж чадахгүй, өвдөлтөндөө ухаан нь балартсан А-г оршин суугаа газрынхаа тодорхойлолтыг авч ир. Өөр зүйл байхгүй” гэж хэлээд хагалгаа хийхээ түр хойшлуулж, хаалгаараа хөөх шахам гаргажээ.

Энэ байдлыг харж суусан иргэд "Энэ нэг хүнийг өглөөнөөс хойш зовоож өгч байна аа. Зайлуулдаа, ингэж яваад янз бүрийн юм болохвий дээ” гэж шивэр авир ярих. Ингээд А хэчнээн өвдсөн ч хүнээр үүрүүлэн байж, таксинд суугаад Хоёрдугаар эмнэлэгтэй хамгийн ойр байрлах ТҮЦ машины эрэлд гарч, тэндээсээ оршин суугаа газрын тодорхойлолтоо авчээ. Ингээд эргээд эмнэлэг дээрээ хүргүүлж, тодорхойлолтоо үзүүлж, хагалгаанд орох гэсээр байтал цаг аль хэдийнэ  оройн 8, 9 цаг болжээ. Мэдээж А-ийн хувьд эргэж, буцаж, мунгинаж явсаар байтал олгой нь дотроо хагарч, нэлээн хүндэрсэн байдалтай хагалгаандаа оржээ. Ийнхүү айдгаа авдартаа хийсэн ч, манай эрүүл мэндийн салбарын энэ мэт шаардлага арай л гомдмоор санагдсаныг А-г хажууд нь харж суусан бичигч миний бие ний нуугүй нийтэд дэлгэж буй нь энэ юм.

Энд нэг зүйлийг онцлоход, эмнэлгээс тавьж буй бичиг баримтын шаардлагыг иргэн хүн биелүүлэх ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ өвчтөн үхэл, амьдралын заагт ирчихсэн, өвдөлтөндөө  шаналж байгаа яг ийм цаг үед ганцхан хорооны тодорхойлолтоос болж, хагалгааг нь гацааж байгааг ойлгоё гэж бодсон ч үнэхээр ой тойнд багтахгүй нь. Эрүүл мэндийн салбарын ийм эрүүл бус тогтолцоо хэзээ эрүүлжих бол оо.

Салбарын сайдад сануулан хэлэхэд, ТҮЦ машиныг Төрийн томоохон эмнэлгүүддээ суурилуулбал, мөн ч олон хүнд хэрэгтэй үедээ хэргээ өгөх юм билээ шүү.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>