Махны үнэ тогтвортой байгаа нь эдийн засагт "ГЭРЭЛ АСААЖ БАЙНА"

788

Махны үнэ тогтвортой байгаа нь эдийн засагт "ГЭРЭЛ АСААЖ БАЙНА"

 

Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээллээр өнгөрсөн долоо хоногт хонины махны үнэ тогтвортой байжээ. Тодруулбал, хонины мах нэг килограмм нь дунджаар 3950 төгрөг байгаа аж. Хамгийн хямд буюу "Хүчит шонхор” захад хонины махыг гулуузаар авбал илүү хямд худалдаж байна. Үүнийг дурдсаны учир нь хэрэглээний сагсанд хувийн жин өндөртэй 20 барааг хонины ястай мах тэргүүлдэг аж. Үүний араас суудлын жижиг тэрэг, төрийн өмчийн их дээд сургуулийн сургалтын төлбөр, нэг шуудай нүүрсний үнэ, цайны газрын хоолны үнэ, гар утасны төлбөр удаалж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдгээр 20 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ хэрэглээний сагсан дахь 320 гаруй бараа бүтээгдэхүүнээс инфляцид үзүүлэх нөлөө ихтэй гэсэн үг. Хэрэглээний сагсанд ихээхэн жин эзэлж буй голлох 20 бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орвол шууд инфляцид нөлөөлдөг. Тиймээс тэдгээр бараа бүтээгдэхүүний үнэ хэдий хэр тогтвортой байна инфляц төдий хэмжээгээр савлахгүй.

 

Махны үнэ өмнө нь ч хувийн жингээрээ хэрэглээний сагсан дахь барааг тэргүүлсээр ирсэн. Тухайлбал, 2010-2012 онд инфляц 13,10.2,14 хувь болж байнга хоёр оронтой тоонд байсан. Үүнд нийт эрэлт өссөн, улсын төсвийн зардал, халамж, хувийн хэрэглээ огцом тэлсэн зэрэг нь нөлөөлж байв. Мөн инфляцийн гуравны нэгийг махны үнийн өсөлт дангаар бүрдүүлж байсан үе. Зөвхөн махны үнэ 2010-2012 онд жил бүр дунджаар 34 хувиар, 2012 онд 44 хувиар өсч байв. Энэ нь бага, дундаж орлоготой иргэдийн бодит орлогод 20-80 хувийн сөрөг нөлөө, ачаалал бий болгож, нийгмийн дундаж давхаргыг дунджаас доогуур, эмзэг, ядуу бүлэг рүү шахах сөрөг нөлөө үзүүлсэн. Махны үнэ өссөнөөс болж инфляц эрчимжиж, инфляциас шалггаалан бодлогын хүү өсч, бодлогын хүү зээлийн хүүд нөлөөлөх зэргээр дээс томж найзыгаа авардаг үлгэр шиг л юм болсон. Тиймээс 2012 онд махны үнийн өсөлтөөс шалтгаалан Монголбанк бодлогын хүүгээ сарын хугацаанд хоёр удаа нэмж байсан удаа бий. Тухайн үед махны үнийн өсөлтөөс шалтгаалан Монголбанк бодлогын хүүгээ сарын хугацаанд хоёр удаа нэмж байсан удаа бий. Тухайн үед махны үнэ  1500-2000 төгрөгөөр нэмэгдээд байсан тул дээрх арга хэмжээг авахаас аргагүйд хүрсэн. Үүнээс улбаалан үнэ тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрт гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болох мах, гурилын үнэ тогтворжуулахаар багагүй хөрөнгө зарсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөр тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч үүнтэй зэрэгцэн малын тоо толгой өссөн нь үнийн бууралтад нөлөөлж, 6-7 мянган төгрөгийн үнэтэй байсан хонины мах өнөөдөр 3-4 мянган төгрөгийн үнэтэй байна

 

Инфляцид нөлөөлөх махны үнэ тогтвортой байгаа нь эдийн засаг хүндрэлтэй энэ үед хонгилын үзүүр дэх гэрэл болж байна. Хэрэглээний сагсан дахь бараа бүтээгдэхүүнийг таван жилд нэг удаа шиytчилдэг аж. Дээрх 20 бараа, бүтээгдэхүүн тэргүүлж байгаа хэрэглээний сагсны барааг ирэх оны нэгдүгээр сард шинэчлэх юм байна. Гэсэн ч байнгын хэрэглээний, мөн үнийн эзлэх хувиар гол нэр төрлийн бүтээгдэхүүн учраас төдийлөн өөрчлөгдөөд байдаггүй. Сонирхуулахад, хэрэглээний сагсанд нийслэлд 329, аймагт 214 бараа бүтээгдэхүүн багтдаг юм байна. Нийслэл дэх 329 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг төвийн зургаан дүүргийн 400 гаруй цэгээс сар бүр судалгаагаар авдаг аж. Мөн долоо хоног бүр гол нэрийн 41 бараа бүтээгдэхүүний судалгааг 20 цэгээс түүврийн аргаар авдаг аж.

 

Хонины махны араас инфляцид нөлөөлж буй бүтээгдэхүүнээс сонирхуулахад, 17-д нь "Ерөөл” цагаан архи багтаж байгаа юм. Үүнээс манай улсын архины хэрэглээ хэр хэмжээтэй байгааг тэр нь 1.13 хувийн жингээр инфляцид нөлөөлөх 20 барааны нэгд ордгийг харж болно. Мөн гар утасны төлбөр, иргэдийн хэрэглээ болоод удаж буй "Атар”-талх, төмс, түлш, шатахуун, түлшний мод, нүүрс, орон сууцны түрээслэх үнэ зэрэг орж байгаа юм. Өрх бүр суудлын тэрэггүй ч өндөр үнэтэй тул хэрэглээний сагсан дахь эхний 20 барааны хоёрт суудлын тэрэг жагсч байна. Энэ мэт өрхийн нийт зардалд тухайн бараа үйлчилгээний эзлэх хувиар дээрх бараа, бүтээгдэхүүнүүд тэргүүлж яваа юм. Тэр дундаа инфляцид, цаашлаад бодлогын хүүд хүртэл нөлөөлөх хүчтэй махны үнэ тодруулбал, хонины махны үнэ тогтвортой байгаа нь төсөв, ханш зэрэг мундахгүй их асуудлын дэргэд гэрэл болж буй. Энэ сарын эхний долоо хоногийн байдлаар үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5390 төгрөгийн үнэтэй болж 230-295 төгрөгөөр нэмэгдсэнийг эс тооцвол махны үнэ тогтвортой байна.


ҮНДЭСНИЙ ШУУДАН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>