"Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 34.4 хувийг ХУЛГАЙН гэмт хэрэг эзэлж байна"

871

"Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 34.4 хувийг ХУЛГАЙН гэмт хэрэг эзэлж байна"

 

Нийслэл хотын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажил үйлчилгээ, нийслэлийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөлийн талаар Улаанбаатар Хотын Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

 

 Гэмт хэргийн улмаас ААН-үүд нийт 109 тэрбум төгрөгөөр хохирчээ
Улаанбаатар хотын хэмжээнд тусгай зориулалтын 102 дугаарын утсанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хоногт дунджаар 1,500-2,000 гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл ирдэг байна. Өөрөөр хэлбэл энэ нь дүүргийн нэг цагдаагийн хэлтэст хоногт дунджаар 100-130 гэмт хэрэг зөрчлийн тухай дуудлага ирдэг гэсэн үг юм.

Ирсэн дуудлага мэдээллийн,

  •  60-70 нь гэмт хэргийн,
  • 1000-1100 нь захиргааны зөрчлийн,
  • 450-500 нь согтуугийн,
  • 400-450 нь зам тээврийн ослын дуудлага мэдээлэл байна.

Энэ талаар  Гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хариуцсан орлогч дарга, хурандаа Ж.Эрдэнэболд "Улсын хэмжээнд энэ оны эхний арван сарын байдлаар 23,080 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Үүнээс 15,257 буюу 66.7 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын гэмт хэргийн болон хэв журмын нөхцөл байдал ямар хүнд байгааг эндээс харж болно.

Харин энэ оны эхний арван сарын байдлаар хүүхэд холбогдсон гэмт хэрэг 11.4 хувиар буурсан байгаа. Үүнийг бид маш том эерэг үр дүн гэж үзэж байна.

Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 34.4 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Тэгэхээр цагдаагийн байгууллага болон ард иргэд хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд анхаарал хандуулах шаардлагатай байна.

Бид энэ үүднээс хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр боловсруулан, Улаанбаатар хотод хэрэгжүүлж ажиллахаас гадна хулгайн гэмт хэргийн улмаас алдагдаж байгаа эд зүйлийн борлуулалт, зах зээлийг хаах ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлж байна.

Энэ зах зээлийг хаахгүйгээр хулгайн гэмт хэргийг таслан зогсоох боломжгүй. Тиймээс бид үүнд түхүү анхаарлаа хандуулж байна” гэв.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас нийт 5,810 хүн гэмтэж, аж ахуйн нэгж байгууллагууд нийт 109 тэрбум төгрөгөөр хохирчээ. Үүнээс цагдаагийн байгууллага 20 орчим хувийг нөхөн төлүүлсэн гэх тоо мэдээ байна.


"Гэмт хэргийн цахим зураглал систем”-ийг нэвтрүүлж байна

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн мэдээллийг бүрэн хэмжээгээр газрын зурагт тэмдэглэж, тэдгээрт тулгуурлан гэмт хэргийн мэдээллийг судлан дүн шинжилгээ хийх, нийтийн хэв журам хамгаалах зорилгоор бусад орны хууль сахиулах байгууллагуудад хэрэглэгддэг ArcGIS газар зүйн мэдээллийн системд суурилсан "Гэмт хэргийн цахим зураглал”-ыг боловсруулан, Улаанбаатар хотын хэмжээнд туршин ажиллаж байгаа аж.

Энэхүү "Гэмт хэргийн цахим зураглал систем”-ийг нэвтрүүлсэнээр,

  • гэмт хэрэг болон хэв журмын нөхцөл байдлыг дүгнэх,
  • гэмт хэрэгт өртөөд буй эмзэг цэгүүдийг тодорхойлох,
  • гэмт хэргийг үйлдэгдсэний дараа олж илрүүлэх бус үйлдэгдэхээс өмнө шалтгаан нөхцөлийг арилгах,
  • хариу арга хэмжээ авч гэмт хэрэг, захиргааны зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>