Монголын эдийн засаг богино хугацаанд тогтворжино

839

Монголын эдийн засаг богино хугацаанд тогтворжино

 

Засгийн газар, Монголбанк хамтран мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд Монгол Улсын зээлжих зэрэглэл шат буурсан хэмээн мэдэгдсэн нь бодит байдалтай нийцэхгүй байгааг дурджээ.

 

Тус мэдэгдэлд: 

Зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдийз байгууллага 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шатлал бууруулсныг бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна. 

 

Монгол Улсын Засгийн газар, Монголбанк эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Улсын Их Хурал (УИХ)-аас Монгол Улсын 2017 оны төсөв, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж батлаад байна. Батлагдсан төсвийн дагуу ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ий 9.1 хувь буюу 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 2 дахин буурахаар байна.

 

УИХ-аар "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийг хэлэлцэж байна. Тус хөтөлбөр нь богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах, дунд хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн бүтцийг олон тулгуурт болгоход чиглэсэн. Хөтөлбөрийн хүрээнд эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тусгасан.

 

Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээлийн үнэ өсч, гадаад худалдаанд эерэг хандлага гарч эхэлсэн нь дээрх бодлогын арга хэмжээний үр дүнг сайжруулахад эерэг нөлөө үзүүлэх юм. 

 

 Үүний зэрэгцээ Засгийн газар болон Монголбанкнаас Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх хэлэлцээрийг үргэлжлүүлж байгаа бөгөөд ОУВС-гийн ажлын хэсэг урьдчилсан байдлаар энэ оны 12 дугаар сард Монгол улсад ирж ажиллахаар байна. Засгийн газар бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай улсын төсөвт санхүүгийн дэмжлэг авах талаар үр дүнтэй хамтран ажиллаж байна. 

 

Эдгээр шат дараалсан арга хэмжээний үр дүнд Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд тогтворжиж, цаашдын төлөв эерэг болохоор байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>