С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг Монголчуудын өмнө нээлттэй явуулж яагаад болохгүй гэж!

888

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг Монголчуудын өмнө нээлттэй явуулж яагаад болохгүй гэж!

 

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг олон жилийн дараа шүүхээр орох гэж байна. Өнгөрсөн жилүүдэд Монголчуудын анхаарлын төвөөс гарч байгаа уг хэрэг үнэхээр зөв учигаар хуулийнхантай холбогдож байгаа юу гэдэг асуудал ч анхаарал татаж байгаа. Тэгвэл тус хэрэгт оролцох шүүгчдийг томилоод байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ерөнхий шүүгч М.Алдарт С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг хуваарилаад байгаа аж.

Тодотгоход, Улстөрчдийн оролцоотой гэгдэж яригдаж ирсэн уг хэргээр Монголын улстөрчид олонтаа шоудсан нь үнэн. Тэгвэл энэ удаагийн шүүх рүү шилжлээ гэх чимээ хуулийнхны чигч шударга үйл ажиллагааны үр дүн үү, эсвэл өөр хувилбар уу гэхчлэн янз бүрийн л хардлага дагаж байна. Ц.Амгаланбаатар нарыг талийгаач Ш.Отгонбилэг агсантай холбоотой, ойрын хүрээнд ажиллаж байсан гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоосон гэх мэдээлэл гарч байгаа юм. Уг хэрэгт  яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаагийн ээж н.Жавзмаа УИХ-ын гишүүдэд хандаж гаргасан өргөдөлдөө хүүг нь хилс хэрэгт холбогдуулахдаа  өөр  хэрэгт  мөн гүтгэж байгаа талаар өгүүлсэн юм. Б.Содномдаржаа нь   прокурорын шат хүртэл 7 сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн ч,  тухайн өмгөөлөгч шүүхийн  шатанд өмгөөлөл үзүүлэх боломжгүй гэсэн тул ээж нь   өмгөөлөгч авахад туслалцаа үзүүлэхийг Ц.Нямдорж,  Ө.Энхтүвшин,  С.Дамба-Очир, О.Содбилэг, О.Баасанхүү Я.Санжмятав, С.Эрдэнэ, Д.Сарангэрэл,  Ш.Раднаасэд, ЖБатзандан  нарын нэр бүхий гишүүдээс хүсээд байсан.

За мөн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт эхнэр Б.Булган, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байгаагаа хуулийнхан хэлээд байгаа. Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат хэлэхдээ  "Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэж байсан. Хэрэгт холбогдсон Ц.Содномдаржаа нь 42, Ц.Амгаланбаатар нь  35, Т.Чимгээ нь 40 гаруй настай. Яллагдагч Б.Содномдаржааг хууль хяналтынхан 2015 оны наймдугаар сард баривчлан шалгаж эхэлсэн байдаг. Ц.Амгаланбаатарын хувьд таксины жолоочийн амь насанд хүрсэн  хэргээр Орхон аймгийн шүүхээс цаазын ял сонссон ч  Ерөнхийлөгчийн өршөөлөөр 25 жилийн хорих ял эдэлж байгаа нэгэн гэх мэдээлэл байдаг. За харин Т.Чимгээгийн тухайд яллагдагч Ц.Амгаланбаатарын ойрын хамаатан, ГОК-ын гуанзанд тогоочоор ажилладаг  байсныг бид мэдээлсэн.

Тэгвэл С.Зориг агсны амийг хөнөөсөн  хэрэгт холбогдон, ШШГЕГ-ын Урьдчилан хорих 461-р ангид хоригдож буй Б.Содномдаржаа,  Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ  Ц.Амгаланбаатарт их асуудал байгаа гэцгээсэн. Т.Чимгээгийн ах Т. Хүрэлбат "С.Зоригийг алсан хэргийн гол буруутныг илрүүлэх сонирхол   улс төрчид болоод хуулийнхны хэнд ч байхгүй. Хамгийн гол нь хэргийг хэн нэгэнд үүрүүлж, хаах сонирхол л тэдэнд байна. Тиймдээ ч хэрцгий алуурчин  болох Амгаланбаатарын үгээр гэм зэмгүй хоёр хүнийг хилс хэрэгт гүтгэж байна… Миний дүү Т.Чимгээг Эрдэнэт хотод ажилдаа явах гээд автобусны буудал дээр байхад нь хар машинтай хүмүүс бариад явсан байсан. Бид уйгагүй хайсны эцэст гурван хоногийн дараа тагнуулаас бариад явсныг мэдсэн юм. Мөн л энэ н.Амгаланбаатар гэх залуугийн гүтгэлгээр бариад явсан байсан. Н.Амгаланбаатар гэх залуу манай дүүгийн нөхрийн талын өргөж авсан хүү юм байна лээ. Тэр хүн дүү рүү минь "Чамайг шоронд оруулна” гэх зэргээр дарамтлаж мессэж бичдэг байсан гэсэн. Ингээд эцэст нь бариад явсан. 1998 онд миний хоёр настай хүүхэдтэй байсан. Дүү минь гурван хүүхэдтэй, эмэгтэй хүн, ийм хэрэг үйлдэнэ гэж байхгүй шүү дээ. Энэ хугацаанд биднийг хэвлэл мэдээллийнхэнд хандаж болохгүй гэдэг байсан. Мөн манай ээж 70 гаруй насны хөгшин Дорноговь аймагт байдаг. Дорноговьд очиж, гэрийг нь дөрвөн машинтай 20 гаруй залуучууд нэгжсэн. Энэ хэргийг нууж байгаад ядарсан улсуудад үүрүүлэх ажиллагаа  явагдаад байна. Миний дүү Дорноговь аймгаас Эрдэнэт хот руу шилжсэн юм. Шилжсэн бичгээ хуулбарлаад, таксинд авч явж байхад нь жолооч нь хулгайлсан байдаг. Миний дүүгийн хамгийн том охин өнгөрсөн зургаан сард ослоор нас барсан. Бид дүүдээ хэлээгүй нууж байсан. Гэтэл тагнуулынхан очоод хэлсэн байсан. Амгаланбаатар очиж "Шоронд суух сайхан байна уу” гэж дарамталсан байсан. Одоо бидний утсыг байнга чагнаж, машин дагаж байдаг. Гэр бүлийн бүх гишүүнийг дагаж дарамтлаж байна. Бид байнгын айдастай байна.” гэсэн бол Б.Содномдаржаагийн ээж Л.Жавжмаа "Миний хүү Содномдаржаа 461-р ангид хоригдоод, нэг жил хоёр сар боллоо. Миний хүүд 2014 оноос дарамталсан мессэж ирдэг болсон. Ирсэн мессэжүүдийг нь хэвлээд, цагдаагийн байгууллагад өгсөн. Тэгсэн ч тоогоогүй. Хэвлүүлсэн мессэжүүд нийлээд 28 хуудас болсон байдаг. Жил гаруй хугацаанд дарамтлаж байгаад, 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр хашаандаа явж байхад нь хар машинтай, хар хувцастай, маск зүүсэн залуучууд бариад явсан. Ингээд дөрөв хоног сураггүй байсан. Сүүлд сонсоход тагнуулаас бариад явсан байсан. Авч яваад шууд, 461-р ангид хорьсон юм билээ. Одоо хүүгээ хоригдсоноос хойш бидний амьдрал маш хэцүү байна. Бид гэр бүлээрээ хадлан хадаж, фермерийн аж ахуй эрхэлдэг. Манай хүү гол ажиллуулдаг хүн нь байсан. Миний хүү шоронд орж, бид өр зээлээ төлж чадахгүй байна. Манай хүү зургаан хүүхэдтэй. Дөрөв нь бага насны хүүхэд юм. Эхнэр болон хүүхдүүд нь маш хэцүү байдалтай байна. Миний хүү энгийн номхон ногоочин малчин хүн. Хууль хяналтынхан С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлнэ гэдэг нэрийн дор энгийн малчин хүнд тохож байна гэж үзэж байна. Би энэ хугацаанд хуулийн байгууллагад 51 удаа өргөдөл бичиж,  ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл захидал бичсэн, хариу ирүүлээгүй. Би цаашид хөлөө хүрэх хүртэл газар явна.”  гэж байсан. Тэрбээр хүүг нь хэн ямар учиртай мессежээр дарамтлуулж байсан бэ гэдэг асуултад”Хүү рүү минь мессэж илгээсэн хүнийг сүүлд мэдэж авсан. Хажуу хашааны н.Амгаланбаатар гэх залуу "Чи Зоригийг алсан биз дээ, хэргээ хүлээ” гэх зэргээр маш их мессэж ирүүлдэг байсан. Тэр залуу манай хажуу айлд багаасаа өргүүлсэн. Хүн алсан хэргээр 25 жилийн ял эдэлж байгаа юм байна лээ. Манай хүүтэй өс хонзонтой байсан байх гэж бодож байгаа. Шоронд эргэж ир гэдэг байсан. Манай хүү эргэж байгаагүй юм. Бид тэр хүнтэй ойр дотно байгаагүй.”  хэмээн хэлсэн юм.

Тэгэхээр хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн иймэрхүү зүйлсийг өнгөрсөн хугацаанд хэлж ярьсан. Түүнчлэн шүүх хэрхэн шийдвэрлэх нь нийтийн анхаарлыг татаж байна. Хэдийгээр энэ хэрэг нь маш нууцын зэрэглэлд багтаж буйг Улсын ерөнхий прокурорын газраас хэлж ярьж байгаа ч, өнгөрсөн олон жилүүдэд  нам улстөрийн хүчнүүдийн зүгээс уг хэргээр тоглолт хийж ирснийг үгүйсгэх аргагүй. Тиймээс ч С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг Монголчуудын өмнө нээлттэй явуулж болохгүй гэж үү?

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>