Уулын бүсэд өвөлжиж байгаа айлуудын мал бэлчээрлэх боломжгүй болсноос говийн бүс рүү нүүдэллэж байна

803

Уулын бүсэд өвөлжиж байгаа айлуудын мал бэлчээрлэх боломжгүй болсноос говийн бүс рүү нүүдэллэж байна

 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн 2016 оны №03 тушаалаар өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өгөх, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх эрх бүхий Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан Шуурхай бүлэг  2016 оны 19-21-ний өдрүүдэд Алтай, Булган, Үенч, Ховд хотод ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн 17 сумаас Алтай, Булган, Үенч суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн, Мөст, Цэцэг суманд уулархаг газраа цас их хэмжээгээр орсон, бусад суманд өвөлжилт хэвийн байна.

Булган, Алтай, Үенч суманд 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс хойш цас үргэлжлэн орсны улмаас Алтай сумын нутгаар тал газраа 23 см, гуу жалга, уулархаг газраараа 23 – 30 см, Үенч сумын нутгаар тал газраа 28- 30 см, гуу жалга, уулархаг газраа 50- 60 см, Булган сумын нутгаар тал газраа 35- 40 см, гуу жалга, уулархаг газраа 60-90 см зузаан цасан бүрхүүл тогтож, агаарын температур өдөртөө -15-20 хэм, шөнөдөө -25-35 хэм, хөрсөн дээр -37 хэм хүрч хонож байна.

Булган сумын хувьд нийт нутгаар 35-90 см цасан бүрхүүл тогтсон, орон нутгийн чанартай зам харгуй хаагдсаны улмаас 96 өрхийн 333 хүн, 97,744 толгой мал тусгаарлагдаад байна. Цас их орж, уулын бүсэд өвөлжиж байгаа айлуудын мал бэлчээрлэх боломжгүй болсноос говийн бүс рүү хийх отор нүүдэл үргэлжилсээр байна. Цаашид цас нэмж орвол зудын гамшигт нэрвэгдэх нөхцөл байдал бүрджээ.

Булган сумын Баянгол, Баянсудал, Байтаг, Алагтолгой, Үенч сумын Жаргалан, Улиаст, Нарийн гол, Алтай сумын Бодонч, Алтангадас багийн нутагт өвөлжиж байгаа төв суурин газраас 90- 150 км алслагдсан малчид, өндөр настан, жирэмсэн эхчүүдэд сумдын Засаг даргын Тамгын газар, эрүүл мэндийн байгууллагуудаас төрийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд хүндрэл тэй болжээ.

Цасанд хаагдаж боогдсон, замын нөхцөл байдал хүндэрсэн тухай бүрт улсын чанартай замын цасыг зам арчлалтын компаниуд  нээж байна. Харин орон нутгийн чанартай замыг аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Онцгой байдлын газар, хилийн цэргийн ангиас автомашин, техник хэрэгсэл, иргэдийн тракторыг дайчлан ажиллуулж байна.

Тухайлбал, Булган суманд Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас туулах чадвар өндөртэй хоёр автомашин гарган ажиллуулж, машин очих, утас холбоо барих боломжгүй Жаргалт, Тошилт, Цөө гэдэг газруудад зам гаргаж  19 айлд хүрч эрүүл мэндийн тусламж үзүүлсэн байна. Булган сумын хэмжээнд эрсдэл үүсэж болзошгүй газруудад өвөлжиж байгаа айлуудад өндөр настан, нярай хүүхдүүд, жирэмсэн эх нийт 333 хүн байгаа тул анхаарал хандуулан ажиллаж  байна.

Түүнчлэн өндөр уулын бүсээс говийн бүс рүү отор нүүдэл хийж байгаа айлууд зорьсон газраа ердийн хөсгөөр хамгийн багадаа 5-10 хоногийн газрыг туулж хүрэхээр байна.

Нийт сумын хэмжээнд өвс, тэжээлийг хангалттай нөөцөлсөн, гэвч зудын гамшиг нүүрлэсэн тохиолдолд Булган суманд байрлах улсын нөөцийн цэгийн өвс, тэжээлийн үнийг хямдралтай үнээр худалдан борлуулахыг малчид санал болгож байв.

Үенч суманд  2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар цасны хэмжилтээр сумын төвдөө 28 см, гуу жалга, ууландаа 50-70 см цастай, агаарын температур – 22-270, хөрсөн дээр -15-200  хэм хүйтэн, салхи баруунаас 4-9 м/с, зарим газраар 7-12 м/с хүрч, үүлэрхэг байна.

Түүнчлэн тус суманд найм хоногийн турш цас орсны улмаас сумын төвдөө 28-35 см, уулархаг газраа 40-70 см хүртэл зузаан цас тогтжээ. Иймээс сумын төвөөс багууд руу явах техникийн хөдөлгөөн бүрэн зогсож, эрүүл мэндийн дуудлага, үйлчилгээг хүргэж чадахгүйд хүрч, Жаргалан, Улиаст, Нарийн гол багийн зарим малчдын мал хотноосоо гарч чадалгүй 2-3 хонож байна.

Жаргалан, Улиаст, Нарийн гол багийн нутагт нийт 79 өрхөд 200 гаруй хүн 75600 толгой мал өвөлжиж байна. Үенч сумаас 2 трактор гаргаж Жаргалан, Улиаст багуудад зам харгуй гаргахаар ажиллуулж эхэлжээ.

Үенч сумын Эрүүл мэндийн төв эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх автомашингүй болсон. 2009 онд ашиглалтанд орсон тус сумын автомашин бүрэн зогссон, зарим иргэдийн хувийн автомашиныг түрээсэлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа тул Улсын онцгой комиссоос алсын дуудлагын автомашин олгож өгөхийг хүссэн.

Алтай суманд өнөөдрийн байдлаар цасны хэмжилтээр сумын төвдөө 21 см зузаантай, гуу жалга, ууландаа 45 см цастай, агаарын темпратур нь агаартаа -20 хэм, хөрсөндөө -22 хэм   хүрсэн.

Алтай сумын бодонч багийн  19 малчин өрхийн 23,100 толгой мал, Барлаг багийн 7 малчин өрхийн 4200 толгой мал нийт 26 малчин өрх өвөлжилт хүндэрсэн бүсэд амьдарч байгаа тул аймгийн төвөөс "ГАЗ 66” автомашин явуулсан, зарим айлыг нүүлгэн шилжүүлж говийн бүс нутаг руу нүүлгэж эхэлжээ.   Мөн сумын Засаг даргын Тамгын газраас иргэдийн хувийн тракторуудыг дайчлан зам гаргах ажлыг зохион байгуулж байна.

Өвөлжилт хүндрээд байгаа Бодонч, Барлаг багийн 22 малчин өрх Мөст, Цэцэг сумдын чиглэлд отроор нүүж байна.

Тус сумын Эрүүл мэндийн төвийн 2011 онд ашиглалтанд орсон автомашин бартаа ихтэй, алслагдмал газар амьдардаг малчин өрхөд эмнэлгийн тусламж үзүүлж, олон жил ашиглагдсаны улмаас гүйлтийн норм нь дуусч, бүрэн зогссон тул Улсын онцгой комиссоос уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Булган, Алтай сумдын уулархаг газар амьдарч байсан малчид их хэмжээний цас орж, мал бэлчээрлэх боломжгүй болсон тул говийн сумд руугаа өдөр алгасахгүй ердийн хөсгөөр нүүдэллэж байна. Орон гэрээ орхин малаа тууж яваа эмэгтэйчүүд, хүүхдүүд, залуус өндөр уулын хавцал дундуур өдөр, шөнөгүй ийнхүү отор нүүдэл хийж явна.

 

Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссын хурлыг 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдуулж, уг хурлаас дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

–      Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсний улмаас Алтай, Булган, Үенч сумдын өндөр уулын бүсээс Алтайн өвөр говь, Байтаг, Хавтагын нуруу руу отор нүүдэл хийж байгаа малчдад зориулж 3 чиглэлд отрын штаб байгуулах,

–      Цасанд хаагдсан зам, давааг нээх зорилгоор хүнд даацын туулах чадвар сайтай техник хэрэгслүүдийг дайчлан ажиллуулах,

–      Отор нүүдэл хийж буй малчдад дулаан хувцас, лаа, шүдэнз, түлш зэрэг нэн шаардлагатай бараа, материалын тусламж үзүүлэх ажлыг аймгийн Онцгой комиссын зүгээс Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран уриалга гаргаж, нутгийн зөвлөлтэй зохион байгуулах,

–      Баян-Өлгий аймгийн Булган сумын нутгаас Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумдын нутагт отроор өвөлжих малчдын асуудлыг шийдвэрлэхээр боллоо гэж Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг мэдээлэв.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>