Ленинградын бүслэлтэд тулалдсан монгол цэрэг
Ажилчин, далайчин, дайчин, дипломатч гээд хийгээгүй ажил түүнд байгаагүй. Хүний амьдрал гэдэг урьдаас тааж тааварлахын аргагүй учрал тохиолоор дүүрэн байдаг ажээ. Өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй улс оронд одож, хэний ч санаанд оромгүй ажил хийж, шорон гянданд хүртэл орж, дайны талбарт үхэлтэй тулгаран алдаж, бүр аль ч орны харьяат биш болж явсан ээдрээтэй түүхийн эзэн бол Должинсүрэнгийн Сүхээ. Эх орны дайнд хамгийн урт хугацаагаар байлдсан монгол гэвэл энэ хүнийг нэрлэдэг. Түүний орос нэр нь Дмитрий Сергеевич Сухов. Энэ хүн яагаад ийм сонин хувь тавиланг туулсан талаар өгүүлсү.
Д.Сүхээ 1913 онд одоогийн Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт төржээ.
Сүхээ хийдэд шавилан суусан лам нарыг хар болгох ажилд идэвхтэй оролцож байсныг нь үнэлэн Улаанбаатарт Мал эмнэлгийн дэргэдэх морин хадуурчны түр сургуульд явуулжээ. Харин төгсөхөд нь тэднийг хотод ажиллуулахаар болж, Aж үйлдвэрийн комбинатын барилга барих ажилд хуваарилсан байна. Орос сургагч нарын зааварчилгаагаар тэнд олон монгол залуу ажиллаж байжээ. Энд ажиллаж байхдаа Сүхээ нэг найзынхаа хамт Аж үйлдвэрийн комбинатын байрыг шатаах зорилготой явж байсан хоёр хүнийг илчилсэн удаатай. Шөнө хоёр хүн байрны орчим сүүтэгнэж байгааг концерт тараад найзтайгаа хамт харьж явсан Сүхээ харж харуулд мэдэгджээ. Тэр хоёр үл таних хүнийг баривчлахад биеэс нь гар буу, хутга, олон хайрцаг шүдэнз, бензинтэй шилнүүд, урт цувсан тостой хөвөн гарсан гэдэг. Орос руу зарим хүмүүсийг сургуульд явуулахаар болоход Сүхээгийн нэр багтсан байлаа. Тэд Кострома хотын гутлын фабрикт дадлага хийж, хажуугаар нь хичээл заалгана. Төгсөхөд бусдаасаа илүү сайн сурсан гурван хүнийг Москва хотын арьс ширний дунд сургуульд сургах болсны нэг нь Сүхээ байсан юм. Өөрөө юм юманд хичээж мэрийдэг болохоор хувь заяа түүнийг дандаа өөд нь чиглүүлж байсан гэлтэй. Тэрээр орос хэлийг гаргууд сайн сурчээ. Түүний хэлний мэдлэгийг үнэлж, сурч байхад нь Монголын Элчин сайдын яаманд коминдатаар ажиллуулжээ.
Нэг удаагийн шуудангаар Монголоос Элдэв-Очир гуайн нэр дээр илгээмж иржээ. Хэн ч түүнийг явуулсангүй, тоостой хонгилд хэвтэх болов. Амралтын өдрөөрөө Сүхээ хаягийн дагуу илгээмжийг эзэнд нь хүргэж өгөхөөр шийдэж Москвагаас Севостополь хүрч Элдэв-Очир гуайнд очжээ. Тэрээр орос эмчийн асаргаанд хэвтэрт байсан юмсанж. Илгээмжийг нь авч ирсэнд Элдэв-Очир гуай маш их баярлаж, энгийн сайхан яриа өрнүүлжээ.
Харин Сүхээг буцаж ажилдаа ирэхэд Элчин сайдын зөвлөх айхтар уурлаж "Хэн чамайг тэр илгээмжийг аваачиж өг гэсэн юм” хэмээн загнаж сүйд болжээ. Дараахан нь Элдэв-Очир гуай бурхан болж Москвад оршуулах ёслол нь болжээ. Монголын Элчин сайдын яамны аж ахуй эрхлэгчийн хувьд цагаан гантигаар дөрвөлжин хэлбэртэй бумба хийлгэж, нүүрэн талд нь алтан үсгээр овог нэр, он сарыг бичжээ. Түүнд талийгаачийн чандрыг хийсэн байна. Гэтэл оршуулгын дараа өнөө зөвлөх "өндөр үнээр дур мэдэж бумба хийлгэлээ” хэмээн толгой түрүүгүй загнасан байна. Удсан ч үгүй улсын 15 мянган рубль идсэн, хөрөнгөтөн орны хүмүүстэй холбоотой хэмээн буруутгаж Оросын цагдаа нар баривчлан хорьжээ. Манай элчингийнхэн л хор хутгаж, цагдаад өргөдөл гаргасан нь тэр байж. Таганкийн ганц хүний шоронд улс төр, цэргийн гэмт хэрэгтэн болж зургаан сар хоригдож байтал улс төрийн хэрэг нь холбогдолгүй болов. Мөнгө идсэн хэргээр Среденскийн шоронд шилжжээ. Хэдэн сарын дараа мөнгөний асуудалд холбогдолгүй болох нь тогтоогдож гүтгэсэн хүмүүс буруудах дээрээ тулахад Элчин сайдын яамны нэр төрийг хамгаална гэдэг нэрээр Сүхээг ажлын хариуцлага алдсан хэмээн дахин шүүхэд өгсөн байдаг. Энэ дагуу Зөвлөлтийн хуулиар хоёр жил хорих болжээ. Печорийн лагерь, тэндээсээ Север, Двинскийн колонид хоригдож байгаад суллагдах болоход түүний паспорт олдсонгүй.
Бичиг баримтгүй тохиолдолд Монголын Элчин сайдын яамнаас зөвшөөрөл иртэл суллаад явуулж болдоггүй, тодорхой хаягтай байлгах ёстой байв. Тэгээд Монголын талаас шийд иртэл түүнийг Орост нутаг хязгаарлан суулгажээ. Хийдэг ажил нь ургаа мод унаган голоор хөвүүлнэ.
Сүхээг нэг өдөр эрүүл мэндийн бүхий л төрлийн үзлэгт оруулжээ. Хариу нь сайн гарчээ. Учир нь түүнийг далайн холын тээврийн онгоцонд ажиллуулах болсон байв. Тэр өдрөөс эхлэн жил гаруй далайд явжээ. Далайн хатуу ширүүн амьдрал, гэнэтийн аюултай нөхцөлд дасан, далайчны амьдрал түүнд таалагдаж байв. Хөлөг онгоцон дээр ажиллаж байхад Должинсүрэнгийн Сүхээ гэдгийг Димитрий Сергеевич Сухов болгон өөрчилжээ.
Хөлөг онгоцыг өөр чиглэлээр ашиглахаар болж, далайчид сайн дураараа цэрэгт явахад Д.С.Сухов ч фронтод явах хүсэлтээ өгчээ. Ленинградын орчим хуваарилагдаж, хүрэх замдаа дайсны агаарын довтолгоонд өртөн хэд хэдэн хүнээ алджээ. Суховыг Балтийн тэнгисийн явган цэргийн буудлагын есдүгээр тусгай бригадад хуваарилжээ.
1941 оны зун, намар германчуудыг Ленинград руу оруулахгүйн төлөө хориглон тэмцэж байсан бол өвөл нь гэхэд байдал дээрдэж дайсныг өөрийн талаас болон араас нь, дотроос нь устгах, зохион байгуулалтыг нь алдагдуулах зэргээр тэмцлийн хүрээ нь өргөжсөн байв. 1943 оны нэгдүгээр сард фронтын бүслэлтийг сэт цохисон нь цааш өргөжин тэлэх өргөн давшилтын эхлэл болсон юм.
1943 онд Сухов дайны талбарт хүнд шархдаж, цэргийн эмнэлэгт ухаан оржээ. Дараа оныхоо нэгдүгээр сарыг дуустал эмнэлэгт хэвтэж байгаад гарахдаа дахин фронт явах хүсэлт гаргасан гэж байгаа. Харин түүний тархины доргилт сэдэрч бүх насаараа тахир дутуу болох магадлалтай тул эмч нар зөвшөөрсөнгүй. Удсан ч үгүй түүнд эх орондоо буцах зөвшөөрөл ирсэн байна. Энэ бол 1944 оны гуравдугаар сарын 23-ны өдөр байжээ. Зөвлөлт улсад суралцахаар мордож байсан жаахан хархүү 10 жилийн дараа ингэж Монгол нутагтаа хөл тавьжээ. Ирээд Аж үйлдвэрийн комбинатын савхин гутлын хэсэгт орсон байна. Гэхдээ тэрээр 1945 онд сайн дураараа цэрэгт татагджээ. Бөмбөгдөгч онгоц барьж сураад Японтой тулалдах хүсэл түүнийг хатгаад суулгаагүй аж. Энэ хүсэл нь ч биелэгдэн Чөлөөлөх дайнд оролцон Хятадын зүүн хойд, Өвөр Монгол, Баргыг чөлөөлөлцсөн байна.
Дайны дараа Намын дээд сургуульд сурч төгсөөд Гадаад явдлын яаманд ажилд оржээ. Сүхээ гэж маш цэвэрхэн сайхан хувцасладаг ганган эр явсан гэнэ. Тиймдээ ч Гадаад яамны ганган Сүхээ гэж нэрлэгдэж байв. Тэнд байхдаа Ардчилсан Солонгос дахь Монголын Элчин сайдын яаманд аж ахуйн эрхлэгчээр томилогдон ажиллажээ. Монголдоо буцаж ирснийхээ дараа солонгос хүүхдүүдийг хүмүүжүүлэх газрын орлогч даргаар томилогдсон байна. Гадаад явдлын болон Барилгын яаманд ч ажиллаж байв. Дараа нь Дарханд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан аж. Нас нэлээн өндөр болсон хойноо Сүхээ гуайн хараа нь эрс мууджээ. Дайтаж явахдаа авсан шарх нь хараанд нь нөлөөлсөн бололтой.
Ийм сонин амьдралтай авга ахынхаа талаарх баримт материалыг авчирч өгсөн хүн бол Л.Пүрэвдаваа гуай юм. Эх орны дайнд Монгол хүн эр зориг, авхаалж самбаагаа гайхуулан тулалдаж явсан баатарлаг түүхийг дахин сануулсан түүнд баярлалаа. Учир нь Сүхээ гуай хэдэн жилийн өмнө бурхны оронд заларсан аж. Тэрээр амьд сэрүүн байхдаа өөрийн туулсан амьдрал, дайн байлдаан, үзэж өнгөрүүлсэн бүхнийхээ талаар нямбайхан бичиж үлдээснийг иш үндэс болгов.