Г.Чойжамц: Томоохон эмнэлэгүүдийн сувилагч нарын талаас илүү хувь нь элэгний В, С вирусын халдвар авсан

566
 Г.Чойжамц: Томоохон эмнэлэгүүдийн сувилагч нарын талаас илүү хувь нь элэгний В, С вирусын халдвар авсан

Оточ Манрамба Их сургуулийн дэд захирал, АУ-ы Доктор, Профессор Г.Чойжамцтай элэгний өвчлөлийн талаар ярилцлаа.

Манай улс элэгний В, С вирусын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт бичигддэг, монголчуудын 70-80 хувь нь элэгний өвчтэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Элэгний өвчлөл их байгаагийн шалтгаан юу вэ?

Манай улсад элэгний өвчлөл их байгаа нь хэд хэдэн том шалтгаантай. Нэгдүгээрт, нэг удаагийн тариур зүүний хэрэглээ хожуу нэвтэрсэн. 1960, 1670-аад он хүртэлх хугацаанд нэг тариураар олон хүнийг тарьж, дахин дахин хэрэглэж байсан. Энэ нь элэгний вирусын халдварт өвчинг нэгээс нөгөө хүнд дамжуулж тараах том шалтгаан болсон. Хоёр дахь шалтгаан бол манай монголчуудын хорт хэрэглээ өндөр байна. Элэг нь хүний бие махбодод орж ирсэн хорыг хоргүйжүүлж хамгаалдаг эрхтэн. Хүний бие махбодод хэрэггүй хоол хүнс, хорт нөлөөтэй аливаа бодисыг цэвэрлэх физиологийн үйл ажиллагааг элэг гүйцэтгэж байдаг. Тиймээс хортой бодисыг хоргүйжүүлэх явцдаа элэг өөрөө бас гэмтдэг юм. Хортой бодис гэдэгт ганцхан архи, тамхи ч биш өөх тос, чихрийн өндөр хэрэглээ, гадаад орчны хортой нөхцлийг ч хамруулна. Архи уудаггүй хүн, хортой нөхцөлд ажиллаж байгаа хүн ч элэгний эмгэгээр өвчилж болно. Үйлдвэрүүд янз бүрийн химийн бодис хэрэглэж байгаа нөхцөлд тэнд ажиллаж байгаа хүмүүс хордох эрсдэлтэй нь ойлгомжтой. Маш энгийн жишээ хэлэхэд, машины кузов засварын газрууд бохир агаарыг татаж авах төхөөрөмжгүй, ажилчид нь ямар ч хамгаалах хэрэгсэлгүйгээр будгийн мананцар дотор машин будаад зогсч байдаг. Энэ бол элэгний өвчлөл их байгаагийн биеэ даасан том шалтгаан. Гурав дахь шалтгаан бол эмийн хэрэглээ. Манай улс эмийн маш өндөр хэрэглээтэй орон. Жилд улсын хилээр 100 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний эм импортлогдож байна. Эм хүний эрүүл мэндэд сайн нөлөөлөхийн зэрэгцээ муу нөлөө ч үзүүлдэг. Эм болгонд гаж нөлөө бий. Эм бол химийн бодис шүү дээ. 

Элэгний халдварт өвчин ямар замаар дамждаг вэ?

Гол зонхилох хоёр зам байна. Нэг нь хавьталаар, нөгөө нь цус, цусан бүтээгдэхүүнээр дамждаг. В, С, Дельта вирусын гепатит бэлгийн замаар ч халддагийг шинжлэх ухаан нотолчихсон. В, С, Дельта вирусын гепатитаар халдварласан нь тэр бүр хурдан мэдэгддэггүй, ил хурц зовиур шаналгаа өгдөггүй удаан явцтай. Хамгийн хурдандаа хоёр сарын дараа, бүр 20 жилийн дараа ч илрэх нь бий. Бас манай эмнэлгийн ажилтнууд тариурыг хоёр гараар угсарч, бохир зүүгээр өөрийгөө хатгаж халдвар авч байна. Улаанбаатар хотын томоохон эмнэлгүүдийн сувилагч нарын дунд хийсэн судалгаанаас харахад эмнэлэгт ажиллаж буй сувилагч нарын талаас илүү хувь нь В, С вирусын халдвар авчихсан, түүнийгээ өөрсдөө мэдээгүй явж байх жишээтэй. Хумсны хэрэглэлээр хүртэл дамждаг гэдгийг тогтоочихсон. Тиймээс шивээсний зүү, сахлын татуурга, хумсны хэрэглэл зөвхөн нэг хүнийх байх ёстой гэдгийг анхаармаар байна. 

Ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах вэ?

Элэгний архаг өвчтэй хүнд ядрах сульдах гол шинж тэмдэг илэрнэ. Ерөөсөө юу ч хиймээргүй, хэвтмээр болдог. Үүнийг өөрөө ч тоохгүй, гэр бүлийнхэн нь ч анзаардаггүй. "Аргагүй би хоёр жил амраагүй ажиллаж байгаа учраас ядралгүй яахав” гээд яваад байдаг. Тиймээс хэвийн биш ядралтаа сайн анзаарах хэрэгтэй. Мөн элэг орчмоор илт өвдөөд байхгүй ч хоолны шингэц өөрчлөгдөх, цусан дахь өөх тосны глюкозын хэмжээ өөрчлөгдөх, элэгний эсийн дотор байдаг ферментүүд /АлАТ, АсАТ/ захын цусанд их болох, шинжилгээгээр В, С вирусын РНХ, ДНХ илрэх зэрэг гол шинжүүдээр оношилно. Зарим хүн турж эцдэг, зарим нь жин нэмдэг. Элэгний үйл ажиллагаа муудаад эхлэхээр хүний арьс өнгө зүсээ алдаж, толбо үүсдэг. Үүнийг ч гэсэн анзаарах хэрэгтэй. 

Элэгний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Ер нь элэгний өвчнөөр өвдөхгүй байхын тулд юуг анхаарах ёстой вэ?

Хорт хавдар олон шалтгаантай. Орчин үеийн шинжлэх ухаан хоёр зүйл дээр илүү төвлөрч байна. Нэгдүгээрт, В, С, Дельта вирусын халдвараас болоод элгэнд хавдар үүсдэг. Хоёрдугаарт, уургийн дутагдлаас болж хавдар үүснэ. Монголд элэгний хавдар ихэсч байгаа нь элэгний вирусын гепатит их байгаатай л холбоотой. Жишээ нь, С вирусын гепатитын халдвар авсан хүмүүсийн 20 хувь нь хавдарт шилждэг, үлдсэн 80 хувь нь дархлаа сайтай учраас хавдар үүсгэхгүй байна гэж үздэг. Нэгэнт өөрчлөлт өгөөд архаг гепатит, элэгний хатуурал, цирроз гэсэн онош тавигдсан бол элэг бүрэн төгс үйл ажиллагаа явуулж, хоргүйжүүлдэг функцээ гүйцэтгэж чадахгүй болсон. Тиймээс элгэнд хортой юм ерөөсөө хэрэглэж болохгүй. Архи тамхи, муудсан хоол хүнс гэх мэт. Үүнийг бид гэдэс дотор, элгэндээ найдаж хэрэглэдэг. Тэгвэл одоо элэг эрүүл биш учраас найдсаны хэрэггүй. Шарсан, хуурсан хоол,  амьтны гаралтай тос өөхнөөс  татгалзаж, тослог багатай сүү хэрэглэхийг зөвлөе. Өрөмийг нь авчихсан сүү 10-аас дээш хувийн тослогтой. Өндөр хөгжилтэй орны стандартад 3-аас доош хувийн тослогтой сүү хэрэглэдэг. Гэтэл манайхан өтгөн сайхан цэвэр сүү гэж рекламдсаныг нь хэрэглээд байдаг. Өтгөн сүү гэдэг чинь тослог өндөртэй байна гэсэн үг. Тиймээс тослог багатай сүү хэрэглэж, шар буурцаг, гүнжидын тос, оливын тос зэрэг ургамлын тос хэрэглэвэл сайн. Элэгний өвчтэй хүн чихрийн шижин тусах өндөр эрсдэлтэй тул цусан дахь сахарын хэмжээгээ үргэлж хянах хэрэгтэй. Мөн элэгний өвчтэй хүн элгээ доргихоос хамгаалах ёстой. Элэг доргих гэхээр мориноос ойчих гэх мэт том доргилтын тухай боддог. Гэтэл автобусанд явж байхад хүчтэй тормослох дайтай доргион л элгийг ноцтой доргиодог. Тиймээс элгийг үргэлж хайрлан хамгаалж, би элэгтэй хүн шүү гэж ямагт бодож байх хэрэгтэй.

Элэгний В, С вирусын эмчилгээнд хэрэглэгдэх Харвони, Софосбувир зэрэг эмийг АНУ-аас оруулж ирж байгаа. Энэ эмийн үйлчлэл, үр дүн хэр байна?

Харвони, Софосбувир гэдэг 2 эм бол элэгний С вирусын нуклейн хүчлийн хувилалыг зогсоох үйлдэл үзүүлдэг эм. Сайн үр дүнтэй байна. Вирус элэгний эсийн дотор шимэгчлэн амьдарч, элэгний эсийн бөөмийн нуклейн хүчил хуваагдахад дагаж өөрийгөө хувилдаг. Ингэж элэгний эсийн дотор хамгийн түрүүнд глюкоз, липидын солилцооны гүнзгий алдагдал үүсгэдэг. Эдгээр эм нь вирусын өөрийгөө хувилдаг биологийн процесийг зогсоочихож байгаа юм. Ингэснээр В, С, Дельта вирусгүй болно гэдгийг тогтоочихсон. Энэ сайн хэрэг. Ийм үр дүнтэй эмчилгээний арга гарсан нь шинжлэх ухааны асар өндөр хөгжлийн үр шим. Үүнийг монголд авчирч хэрэглэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ тухайн хүний вирус устсан ч элгэнд нэгэнт өөрчлөлт орсон учраас элэгний өвчтэй хэвээр үлдэнэ гэсэн үг. Зөвхөн вирус өөрийгөө хувилдаг үйл ажиллагааг л зогсоож байгаа болохоос  элэгний өвчинг эмчилж байгаа хэрэг биш. Тиймээс вирусын хувилал зогсоосны дараах эмчилгээнд маш их ач холбогдол өгөх хэрэгтэй. Элгийг эрүүл болгох асуудалд хувь хүн өөрөө их анхаарал тавих ёстой. Элэг эрүүлждэг эрхтэн. Ер нь хүний бүх л эд эс солигдож байдаг. Эд эс солигдож, эрүүлжих процесийг дэмжих эмчилгээг хийлгэж, элэг хамгаалах эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Элэг хамгаалах европ эм ч бий, монгол тан ч бий. 

Монгол эм тан элэгний өвчлөлд хэр үр дүнтэй байна. Манба Дацан эмнэлгийн хувьд элэгний хүнд өвчтэй хүмүүсийг эмчилж байсан гэсэн. Уламжлалт анагаах ухаанаар элэгний өвчинг бүрэн эмчлэх боломжтой юу?

Манай Оточ Манрамба Их Сургуулийн дэргэдэх Манба Дацан эмнэлэг хэвтэн эмчлүүлж байгаа бүх өвчтөнүүдээсээ иж бүрэн шинжилгээ авч байж эмчилгээгээ эхэлдэг. Тэгээд эмчилгээ дуусахад дахин шинжилгээ авч гарсан үр дүнгээ лабораторын багажийн шинжилгээний аргаар үнэлж хэвшиж байна.  Ингэхэд уламжлалт эм, эмчилгээ маш үр дүнтэй байна. Уламжлалт анагаах ухаанд ч гэсэн элэг хамгаалах эм бий. Энэ анагаах ухааныг их эртний анагаах ухаан, хуучин юм, шашин гээд янз бүрээр хардаг. Гэтэл уламжлалт анагаах ухааны эмийн сан хөмрөгт элэгний сайн эм байна. Энэ бол нэг боломж. Үүнийг үйлчлүүлэгчид маань тэр бүр мэддэггүй. Шинжлэх ухааны хүрч тайлбарлаж чадахгүй байгаа зүйл уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээнд бий. Хүн төрөлхтөн байгаль дээр байгаа бүх юмыг хэрэглэж байж "энэ үнэхээр эм юм байна” гэдгийг олж мэдэж, бичиж хойч үедээ үлдээсэн түүхтэй. Уламжлалт анагаах ухааны эмийн өв сангийн талаарх мэдээлэл, ном судрыг  зүгээр нэг хүн таамаглаад биччихсэн юм биш. Энэ бол хүний нийгмийн хөгжлийн түүхээр шалгагдсан үнэн. Одоогийн бидний үе хүртэл хадгалагдаад ирсэн энэ их мэдээлэл бол хүн дээр хийсэн туршилтын үр дүн. Уламжлалт анагаах ухааны эх сурвалжийн мэдээлэл бол нотолгоонд суурилсан анагаах ухааны ололт, үр дүн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Эх сурвалж: Уламжлалт Анагаах ухаан сонин


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>