ХЯМРАЛ, ХЯМРАЛ, ХЯМРАЛ...

480

ХЯМРАЛ, ХЯМРАЛ, ХЯМРАЛ...

 

Хямрал Монголд тэгтлээ нүүрлэчихлээ гэж үү! Тэгжээ. "Яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ” хэмээн бахархдаг монголчууд бид хямралд сөхөрнө гэдэг үнэмшихэд бэрх. Тэгвэл чухам юунаас болж хямрал нүүрлэв ээ! Дээр доргүй л гадаадаас орж ирэх валютын урсгал хомсодсоноос гэж яриад байна аа даа. Эндээс үзвэл валют орж ирдэггүй байсан урьд өмнө яагаад хямрахгүй болоод байсан юм. Тэгвэл чухам юунаас гэж. Мунхаг минийхээр бол гарцаагүй төр, засгийн эрх баригч эрхэм эвэртэн тууртнуудаас болж байна. Хэрэв энэ үгийг эрхэм эвэртэн тууртнууд уншвал багтартлаа уурсан намайг ойр байвал яг тэр жил одоогийн Шадар сайд У.Хүрэлсүх Г.Баярсайханыг Төрийн ордон дотор шанааддаг шиг юм болох биз. Гэвч хол байгаа болохоор бүдүүн зүрх гарган өгүүлсү. Товч тайлбар хэлэхэд, энд бичигдэх санаа дүгнэлт бол ганц молхи миний мунхаглал биш надтай санал бодлоо хуваалцсан хот, хөдөөгийн олон арван жирийн хүмүүсийн үг юм шүү.

 

 

Үе үеийн УИХ, Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, банк зарим бизнесийнхэн Монголыг цөлмөн залгисаар хямралд живүүлчихжээ. Их л төв шударга дүр эсгэсэн энэ хүмүүс хэн ч халдашгүй дархан эрх эдлэхийн хамт усан дээр өрөм тогттол гоё ярихаас биш хийсэн бүтээсэн нь энэ гээд барьж авах юм даанч алга. Хэдэн зуугаар тоологдох хууль баталсан гэх ч хэрэгждэг нь хэд гурав. Тэгсэн хэрнээ яг л нөгөө үлгэрт гардаг арвантаван толгойтой атгаалжин хар мангас шиг татвар төлөгчдийн буюу улсын төсвийн мөнгө хөрөнгө болон бусад баялагийг цөмлөн хүүдийлж байна.

 

Наад зах нь УИХ-ьш гишүүний сарын 1.4 сая төгрөг дээр хууль санаачилсны 37 сая төгрөг авна. Жирийн монгол хүн жилийн дөрвөн цагт малаа додомдоод, уурхайн гүнд нүүрс малтаад, барилга дээр тоосго өрөөд 1.4 сая төгрөг авч байна уу. Үгүй. Гэтэл нөгөө эрхмүүд холбогдох байгууллага, хүмүүсийн бэлтгэсэн тав арван хуудас материалыг туслахуудаараа алдаа мадагтай хуулийн төслөрхүү бичиг болгуулна. За тэгээд Монгол Улс, ард түмэнд ямар ч ач холбогдолгүй бараг л хувийнхаа зорилгоор гадаад дотоодод хэдэн зуун сая ам.доллараар зугаацан доншуучилна. Онгоцонд л гэхэд дээд зэрэглэлийн суудалд заларна гээч. Бас таван одтой буудлуудад тухална. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хэн нэг нь орон нутаг руу явлаа гэхэд арав, түүнээс дээш тооны том оврын машинтангууд дагалдана. Өөрийн нь халааснаас гарахгүй болохоор ямар их мөнгө шатааж байгаагаа бодох ч үгүй, бодохыг ч хүсэхгүй. Олонхийнх нь дарж нууж мэдүүлсэн хөрөнгө орлого нь хаана тэгтлээ хөлсөө дуслуулан гараа холгож хөдөлмөрлөөд, юу бүтээсэндээ тийм их хөрөнгө хураав гэмээр л байх юм. Элдэв булхай луйврынх байж магад. Тэр их хөрөнгө орлогынхоо хажуугаар УИХ, Засгийн газрын гишүүд орон сууц, цахилгаан, дулааны төлбөрөөс чөлөөлөгддөг ч байж мэднэ. Энэ мэт шуудай шуудайгаар хураасан мөнгөө ам.доллар болгоод, зарим нь оффшор (гадаадад) бүсэд аваачаад чанадын чанад нуучихна. Бас болоогүй, УИХ-ын гишүүн бүр дөрвөөс зургаан туслах ажиллуулан улсын төсвөөс 700-800 мянган төгрөгөөр цалинжуулчихаад үүрэхийг нь чи, аахилахыг нь би гэгчийн үлгэрээр цай гүзээлж л суух.

 

Ер нь арилжааны банкууд өндөр хүүт зээлээрээ мөнгө гэгчийг ёстой л хүүлэх юм даа. Зарим томоохон компанийн захирлууд их хэмжээний ам.доллараар цалинждаг болсны нэг жишээ "Цахилгаан холбоо” компанийн захирал л гэхэд сард 6400 ам.доллар хүүдийлж суудаг мэдээ бий. Ерөнхийлөгч Элбэгдоржийн Каплаг нь суллаад явуулчихсан "Саус Гоби Сэндс” компанийн 35 тэрбум төгрөг тодорхойгүй хэвээр. Хөгжлийн банкны 1.3 их наяд төгрөгийн асуудлыг тодруулж төрийн санд оруулах шаардлагатай байна. УИХ-д суудалтай намуудыг татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгөөр "тэжээн” оодруулсаар байвал тэр их хэмжээний мөнгөө салхинд хийсгэж байна л гэсэн үг. Энэ мэт дотоодын өч төчнөөн нөөц боломжуудыг ашиглах аргыг эрэлхийлэхгүй, юм л бол гадаадаас зээл авахыг эрмэлзэх нь дэндүү арчаагүй сэтгэлгээний илрэл юм. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг мэргэн үгийг нэг санавал зүгээрсэн дээ.

 

Нөгөө талаар УИХ, Засгийн газрын эвэртэн тууртан эрхмүүд хорьдугаар зуунд үеэ өнгөрөөсөн нам гэдэг ухагдахууныг ашиг сонирхол, нэр төрийн төлөө улайран зүтгэгчдийн хуйвалдаан болгочихлоо. Тэгснээр төр засгийн албанд чин шударгаар ажиллах сэтгэлгүй ухамсар, ёс суртахууны доголдолтой хүмүүс дийлэнх нь болж засаглалын хямралыг гүнзгийрүүлэв. Энэ нь эдийн засгийн хямралыг даамжруулах нэг хүчин зүйл болж байна. Бодоод үзье. 2016 оны сонгуульд 34.8 тэрбум төгрөг зарцуулчихжээ. Тэгээд зогсоогүй улс орон хямралтай байгааг мэдсээр ярьсаар байж 2017 оны төсвийн урсгал зардлыг 2016 оныхоос 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Бас болоогүй Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 400, Шадар сайдад 400, ШӨХТГ-т 60 сая төгрөгийн зардал нэмжээ. Бүр шинээр Монгол Улсыг гадаадад сурталчлах зардал гэж олон сая төгрөг төсөвт суулгасан нь хачирхалтай. Үүний хажуугаар хахсан дээр нь нудраад авъя гэсэн шиг Монголбанк ажилтнуудынхаа цалинг 25 хувиар нэмсэн мэдээ бий. Бас прокурор, шүүхийнхэн ч цалингаа нэмсэн сурагтай. Худалдааны байгууллага, наймаачид ч барааныхаа үнийг сэмхэн нэмж л суух. Уг нь хямралын үед үнээ бага зэрэг бууруулмаар. Миний хувьд дээр дурдагдсан зардлуудыг нэгтгэж тооцоололгүй уншигчдад үлдээлээ. Хямралыг төвөг багатай шиг давах хэмжээний тоо гарч таарна.

 

Тэгэхээр дураараа дургин дунд чөмгөөрөө жиргэж байгаа УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, яамд, агентлагууд, банкуудын эвэртэн тууртнуудын цалин, хангамжийг 800 мянган төгрөгөөс дээш гаргахгүйгээр бууруулах шаардлагатай болжээ. Тэглээ гээд тэд ядуурахгүй, өлсөх ч үгүй. Харин гүйцэтгэж байгаа ажил албанд нь тохирсон цалин болох юм. Ер нь өнөөдөр 100-200 мянган төгрөгөөр амьдарч байгаа хүн (өрх) Монгол Улсын иргэдийн дийлэнх олонх байгааг бодолцох л хэрэгтэй. Тэгээд ч УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийг жирийн иргэнтэй адил хариуцлага хүлээдэг болгохыг газар сайгүй ярьж байна шүү. Үнэхээр голч шударга, улс эх орон, ард түмнээ гэсэн эрүүл саруул сэтгэлгээтэй хүн УИХ-ын гишүүдийн дунд байгаа бол холбогдох хууль тогтоомжиндоо өөрчлөлт оруулах замаар хашиж байгаа албан ажлынхаа ачааллаас хэт өндөр цалин хангамжийг 800 мянган төгрөгт буулгах, хэн ч халдашгүй дархан эрхээ хязгаарлан хариуцлага хүлээдэг болох санаачилга гаргах учиртай. Хэрэв тэгж чадвал УИХ-ын гишүүн болох, өндөр албан тушаалд залрах гэж үхэлдэн тэмцэлдэх, авлига өгөх, авах зэрэг бусармаг явдал ч цөөрөхсөн дөө.

 

Гэвч тэд дотроо дургүйцэж цухалдаад л дуугүй өнгөрнө биз. Уг нь өөрсдөө өөрсдийн хийсэн үйлийн үрийг нимгэлэх аваас хойшдын зам мөр нь ариусах бус уу. Одоогийнхоороо л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэцгээгээд байвал хямрал ужгирсаар юунд ч хүргэж мэдэх нь.

 

 

Худай Ц.НАМСРАЙ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>