|
Видео

Шинэ мэдээ

Улаанбаатарын утаан хөшигтэй одоо л тэмцэхгүй бол оройтлоо

Улаанбаатарын утаан хөшигтэй одоо л тэмцэхгүй бол оройтлооНэгэн үе Азийн цагаан дагина хэмээн нэрлэгдэж байсан улсын минь нийслэл өнөөдөр утаандаа идэгдэж, суунагласан утаан хөшгөн дунд бид амьдарч байна. Мэлхийг час халуун усанд хийхэд тэр дороо үсэрч гардаг хэрнээ бүлээн усанд хийхэд шалзарч буйгаа мэддэггүйтэй адил Улаанбаатарчууд бид ямар агаараар амьсгалж, хичнээн их хордож байгаагаа мэдэхгүй байсаар байтал нэг л мэдэхэд агаарын бохирдол гээч аймшигт утаа бидний амь насанд заналхийлж эхэллээ. Өвлийн хэдхэн сар л тэсчихвэл болох мэтээр ойлгож хичнээн их хордож, өвчилж байгаагаа тэр бүр мэддэггүй.

Улаанбаатарт агаарын бохирдол бий болж буй олон шалтгаан байгаа бөгөөд бохирдлын түвшин хэт өндөр байгаа нь агаар бохирдуулагч утааны ялгарал их, газар зүйн байрлал болон цаг уурын нөхцлийн хосолмол хүчин зүйлээс үүдэлтэй.

Хамгийн эхэнд Улаанбаатар хотын газар зүйн байрлал нь уулаар хүрээлэгдсэн хөндийд оршдог, хүрээлж буй уулуудын бэлээр гэр хорооллууд тархан байрласан байдалтай холбоотой. Энэ нь агаарын урсгал зогсонгиших, тунахад гол нөлөөтэй.

Үүний дараагаар нийслэл хот өнөөдөр 1,3 сая орчим оршин суугчтай байгаа бөгөөд тэдний талаас илүү хувь нь буюу 800 мянга гаруй нь гэр хорооллын бүсэд амьдарч байгаа явдал. Иргэдийн амжиргааны түвшин хүнд хэцүү байгаагаас үүдэн зарим айлууд зориулалтын бус түлшээр гэрээ дулаацуулж байна. PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор нь хүний биед хорт хавдар үүсгэдэг хамгийн хортой элемент. Нарийн ширхэгт тоосонцорын ялгарлын 70% нь гэр хорооллын нүүрсээр галладаг зуухнаас ялгарч байгаа ба үлдсэн хувь нь цахилгаан станц, автомашин болон аж үйлдвэрээс ялгардаг байна. Зөвхөн нүүрс түлснээр хорт бодисыг бид өөрсдөө үйлдвэрлэж байна гэсэн үг.

Агаарын бохирдлын эрүүл мэндэд, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх богино болон урт хугацааны нөлөө асар их. Агаарын бохирдлын улмаас ургийн гажиг, дутуу төрөлт, зулбалт, цаашлаад аутизтай хүүхэд төрөх эрсдэл нэмэгддэгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна. Бага насны хүүхдийн эртхэн тогтолцоо бүрэн хөгжөөгүй байдаг учраас агаарын бохирдлын хор хөнөөлийн гол бай болдог байна.

Зөвхөн 12 сар гарснаас хойш тав болон түүнээс бага насны 18 хүүхэд уушигны хатгаа зэрэг амьсгалын цочмог өвчлөлийн улмаас хорвоог орхисон харамсалтай судалгаа гарсныг БЗД-ын эрүүл мэндийн төвийн эмч М.Саранцэцэг мэдээллэсэн. Нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгүүдэд өдөрт гэхэд л 50-60 хүүхэд амьсгалын замын өвчтэй гэсэн шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байна. Бага насныхан ханиад томуу, амьсгалын замын өвчнөөр өвдөж хүндрэх тохиолдол их байгаа нь тэд өглөө хамгийн их утааны үеэр сургууль, цэцэрлэгтээ явдагтай холбоотой. Өнөөдрийн байдлаар бараг бүхий л эмнэлэгийн хүүхдийн тасгууд ачааллаа дийлэхгүй ажиллаж зарим нь коридорт хүртэл гудас дэвсээд хэвтэж байгаа харамсалтай дүр зураг цахим сүлжээгээр нийтэд олонтаа тархсан.

Уг нь Монгол улсын үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг, 16-р зүйлийн хоёрт зааснаар "Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалын тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг. Мөн Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хуулийн (1996) 5.2-т зааснаар "хүүхэд бүр эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж заасан байдаг хэдий ч эрхээ элдэх нь бүү хэл, эрх зөрчигдсөөр байна. Монгол улсын үндсэн хууль гууль мэт хэрэгжиж чадалгүй цаасан дээр бичигдсэн бичиг төдий л байсаар.

Агаарын бохирдол зөвхөн хүний эрүүл мэндийг хордуулаад зогсохгүй ургамлын аймгийг сүйтгэж, барилгын бат бөх байдалд ч нөлөөлдөг гэсэн судалгаа бий.

Саяхан Бээжин хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч онц байдал зарласан. Тав хоногийн турш Бээжин хотын сургуулиудыг хааж, 200 үйлдвэрийн үйл ажиллагаа түр зогсоох арга хэмжээ авсан. Гэтэл манайх үүнээс хэд дахин их бохирдолтой байхад арга хэмжээ авах нь битгий хэл, төрийн өндөр албан тушаалтнууд нь нэг ч удаа мэдэгдэл хийсэнгүй.

Ядаж л агаарын бохирдол гэдэг бол мэдэхгүй, байгаагүй, шинэ зүйл огт биш. 1973 оны АНУ-ын Нью Йорк, 1952 оны Лондон гэх мэт олон агаарын бохирдлоо шийдэж чадсан улс орнуудын жишээ бий. Ганцхан өвөл 12 мянган хүний алтан амийг авч, дөрөвхөн хоногийн дотор 4000 хүний амийг авч одсон аймшигт утаанаас салахын тулд Лондоны эрх баригчид Цэвэр агаарын хууль баталсан бөгөөд уг хууль хэрэгжиж эхэлснээр Лондон хот ганцхан өвлийн дотор утаа, агаарын бохирдлын төвшинг эрс багасгаж, дөрөвхөн жилийн дараа агаарын бохирдлоос бүрэн ангижирсан гэдэг. Эдгээрээс суралцаад, авахыг нь авч, хэрэгжүүлэх зүйлийг хэрэгжүүлээд явж болно. Иймхэн жижиг, цөөн хүн амтай хот дорвитой шийдэл гаргаад зохицуулж болохоор л санагдах юм.

Үр хүүхдээ өвчилж, эмнэлэгийн хүйтэн шалан дээр хэвтэхийг эсэрцүүцэж үр хүүхэд, ирээдүйнхээ амьсгалах эрхийн төлөө 20000 аав, ээжүүд нэгдэж байна. Зөвхөн амаараа хэлээд суух биш бодит тэмцэл хэрэгтэй. Жагсаал хийлээ гээд утаа багасахгүй ч ядаж л ард иргэдэд агаарын бохирдол бидний хувьд асуудал болоод байгааг ойлгуулах, цаашлаад төрийн өндөр албан тушаалтнуудад дохио өгөх чухал зүйл болно гэж бодож байна. Энэ мэт ямх ямхаар дорвитой хөдөлж чадвал утаан хөшгөөс бид ангижирч чадна.

Одоо л энэ утаан хөшигтэй тмэцэхгүй бол оройтох нь. АНУ-ын Нью Йорк, 1952 оны Лондон шиг "Үхлийн” хэмжээнд хүргэж байж ухаарах уу. Энэ хэвээр удах тусам эргээд шийдэхэд хэд дахин илүү хөрөнгө царцуулж, хэдэн мянган хүн өвчлөх болно.

Агаарын бохирдол бол чимээгүй хөнөөгч. Бид яах вэ? цаашид ч гэсэн цэвэр агаараар биш суунагласан их утаагаар амьсгалсаар, бяцхан үрс эхийнхээ хэвлийд хордсоор байх уу. Яг л бүлээн усанд шалзарч буй мэлхий шиг...

Монгол улсын их сургуулийн Сэтгүүл зүйн 3-р ангийн оюутан Б.Пүрэвдулам

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.