Авлигачдыг өршөөсөн Монголын төр

512

-Сураг алдарсан эдийн засгийн гэмт хэргүүд яаж шийдэгдсэн бэ-

 

АТГ болон Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн хугацаанд авлига хээл хахууль, албан тушаалын болон эдийн засгийн гэмт хэргүүдийг олноор нь илрүүлэн шалгаж байсан. Тэгвэл тэдний удаан хугацааны турш шалгаж байсан зарим хэргийнх нь эзэн холбогдогчид хэргийн гадна үлдэж шүүхийн танхимд өөр хүмүүс дуудагдан ирэх болсон.

Одоо дээрх хэргүүд шалгагдаж байгаа эсэх, шийдэгдсэн бол ямар хүмүүсийн хэрэг хэрхэн яаж шийдэгдсэн тухай тоймлон хүргэе.

200 САЯЫН ХАХУУЛЬ АВСАН ГЭХ Н.БАТСҮХИЙН ХЭРЭГ СУРАГ АЛДАРСАН УУ

 

Өнгөрсөн долоодугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон.

Тэрбээр дээрх улсын иргэнд хууль бусаар 42 айлын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь барьж, саатуулсан юм. Хууль хяналтын байгууллага түүний энэхүү үйлдлийг авлигын хэрэг хэмээн үзэж АТГ-т үргэлжлүүлэн шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газраас хавтаст хэргийг нь шилжүүлсэн байдаг.

Хэдийгээр түүнийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн үйлдэл дээр нь барьж түүний хань хамсаатнуудыг илрүүлсэн ч уг хэрэг ямар шатандаа яваа нь одоогоор бүрхэг. Уг нь тэдэнд холбогдох хэрэг нь тодорхой байсаар атал юуны учир ийнхүү шийдэгдэхгүй байсаар он гаргах болов гэдэг нь хачирхалтай.

Хамгийн гол нь Н.Батсүх нь өөрийн удирдлагад ажилладаг нөхөдтэйгөө үгсэн хуйвалдаж иргэдийн цахим үнэмлэхийг ашиглан 42 айлын газрыг 200 сая төгрөгөөр зарахыг завдаж байсан юм. Зарим эх сурвалж Н.Батсүхээр дамжуулж өндөр албан тушаалтнууд уг асуудалд холбогдсон байхыг үгүйсгэхгүй гэсэн юм. Тиймээс энэ хүнийг золигт гаргаж, жинхэнэ эзэд нь ард нь үлдэх вий гэсэн хардлага одоог хүртэл газрын албаныхны дунд яригдаж буй юм.

Г.ДЭНЗЭНГИЙН ХЭРГИЙГ ЯАЖ ДЭНСЛЭХ БОЛ

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгдэх Г.Дэнзэн Засгийн газрыг ХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж шинэчлэлийн Засгийн газрын үед "Эрдэнэс Тавантолгой" компаниас тендер авч, эхнэрийнхээ "Говь повер" компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

Хэдийгээр тэрбээр энэхүү хэргийг зохиомол гэж хэлж байгаа ч мөрдөгчид түүнтэй холбоотой маш ноцтой зүйлийг олж илрүүлэн цагдан хорьж байсан юм.

Тус хэргийг шалгаж байсан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн бүтэн жил гурван сарын хугацаанд хангалттай нотлох баримт цуглуулсны хүчинд хэргийг Нийслэлийн прокурорын газар руу шилжүүлж тус газраас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай эсэхийг нь дэнслүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлээд байгаа билээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг хэргийн шүүх хурлын тов ирэх оны нэгдүгээр сарын дунд хавьд товлогдох байх хэмээн хэлж байв. Ямартай ч Г.Дэнзэн "би бохир улс төрийн золиос болсноо нотлох болно" хэмээн хэлж байсан тэрбээр өөрийгөө хэрхэн хамгаалах бол гэсэн хүлээлт ч олны дунд бий.

УСНААС ХУУРАЙ ГАРЧ ЧАДСАН НХҮЕГ-ЫН ДАРГА АСАН Д.БАЯРСАЙХАН

 

Дараагийн эрхмүүд нь Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан, Санхүү бүртгэл төлөвлөлтийн газрын дарга асан Ч.Эрдэнэбулган нарын хэрэг. Тодруулбал, нэр бүхий хүмүүс 2014 онд албан тушаалаа урвуулан ашиглаж 20 орчим компанийг өөрсдийн ах дүүсийнхээ нэр дээр байгуулан нийтдээ 4.4 тэрбум гаруй төгрөг хувьдаа завшсан байж болзошгүй хэмээн цагдан хоригдож байсан.

Тэднийг удаан хугацааны турш цагдан хорьж шалгасан ч хэрэг шүүх рүү шилжих үед тэд хийсэн гэмгүй нэгэн болж хувирцгаасан. Өөрөөр хэлбэл, нэр бүхий хоёр хүнд холбогдох хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож дүү нар нь шүүхийн танхимд дуудагдах болсон юм.

Уг нь тухайн үед хэргийг шалгаж байх явцад цагдаагийн газраас Д.Баярсайхан ах дүү, хамаатан садангаараа нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хуваарилагддаг хөрөнгөөс завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн мэдэгдэж байсан ч ийнхүү хэргийн гадна үлдэж чадсан.

Уг нь анх тэднийг баривчилахдаа сүр дуулиантайгаар төрөл садандаа мөнгө завших боломж олгосон хэмээн сүрийг үзүүлж хорьчихоод, сүүлд нь гэм буруугүй хэмээх эрх мэдэл прокурорынхонд байв уу гэсэн шүүмжлэл өнгөрсөн хугацаанд олонтаа гарч байсан.

Яг үнэндээ олны анхаарал татсан энэ мэт хэргийг прокурор эрх мэдлийнхээ хүрээнд хэрэгсэхгүй болгож, шүүхээс илүү эрх мэдэл эдлээд байгаа олон тохиолдол байгааг хүн бүхэн мэднэ. Ямартай ч энэ мэтээр хээл хахууль авлигатай холбоотой хэргээс цэвэрхэн мултарсан эрхмүүд цөөнгүй бий.

Х.БАТТУЛГА БА ТҮҮНИЙ НӨХДИЙН ХЭРЭГ ХААГДАХ УУ

 
Гэрэл зургийг Mpa.mn

Төслийн нэрээр гадна дотныхонтой нийлж "Шинэ төмөр зам төсөл”-өөс ихээхэн хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт холбогдоод буй Х.Баттулга ба түүний нөхдийн хэрэг. Яг үнэндээ энэ хэрэг нийгэмд дээрхүүдээс илүү шуугиан тарьж сүртэй гэмээр баривчилгаануудыг хийж байсан.

Өөрөөр хэлбэл, энэ хэргийн улмаас УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын эргэн тойрны хүмүүсийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан юм. Тодруулбал, уг хэрэгт холбогдоод буй ЗТЯ-ны ТНБД асан Б.Батзаяаг "Шинэ төмөр зам" төслийг хэрэгжүүлэхдээ улсаас онц их хэмжээний мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан хэмээн баривчилж "Самсунг Си Энд Ти" компанийн захирал солонгос эрийг хүртэл хэрэгт буруутгасан юм.

Гэвч энэ хэргийг шалгах шаардлагагүй болж байгаа тухай мэдээлэл гарч байсан. Учир нь Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих концессын гэрээг Монголын Төмөр Зам компани "Самсунг Си энд Ти" компани харилцан тохиролцсоны үндсэн дээр хүчингүй болгожээ.

Тодруулбал гэрээ дүгнэх үйл ажиллагаа гурван сарын турш үргэлжилж өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсныг Зам Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат албан ёсоор зарлаж байв. Энэхүү гэрээ нь хүчингүй болсон учраас дараагийн хөрөнгө оруулагчийг олж хамтран ажиллахаар болсон юм. Тиймээс л энэ хэргийг хаагдах магадлалтай хэмээн олон хүн үзэж буй юм.

Ямартай ч энэ мэтээр цааш тоочвол эдийн засгийн асар олон гэмт хэрэг болон албан тушаалын хэргүүд өнөөг хүртэл эцэслэн шийдэгдэлгүй хэрхсэн нь бүрхэг хэвээр байгаа юм. Угтаа бол цагдаагийн байгууллагаас иймэрхүү төрлийн гэмт хэргийг шалгаад прокурор руу очдог ч ямар нэгэн байдлаар дарагдаж дээрээс ирсэн "том” ах нарын тушаалын дагуу замхардаг гэдгийг цагдаагийнхан учирлан ярьж байсан нь олон.

Тиймээс энэ мэт нийгэмд дуулиан шуугиан тарьж байсан эдгээр хэргүүдийг хэрхэн яаж шийдэгдсэн хэрэв шийдэгдээгүй бол ажиллагаа ямар шатандаа явж байгаа талаар хууль хяналтын байгууллагын нэр бүхий удирдлагууд олон нийтэд үнэн зөвөөр мэдээлэх хэрэгтэй байх.

Яг үнэндээ авлигын мөнгөөр хөлжсөн "Цагаан захтнууд" хамгийн сайн хуульчдыг хөлсөлж өөрсдийгөө хамгаалах гэж оролддог нь нууц биш. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Прокурорын байгууллагынханд ийн хандан хэлж байсан. Тэрбээр "Авлигачид цагаадаж байгаа тэр цаг мөчөөс эхэлж Монголын төр харлана. Ийм юмны өмнө бид бууж өгч болохгүй. Монгол Улсад хууль сахиулахын төлөө бид ypaгшaa явах ёстой.

Бид хийх ёстой. Өнөөдөр наад авлигачид чинь бариад авахад "Би баригдаагүй байна” гэж орилдог улс шүү дээ. Хэргийг бариад "Чи ийм хэрэг хийсэн байна" гэхэд "Би хэрэг хийгээгүй л гэж орилдог”. "Ийм нотолгоотой байна” гэхэд "Тэр худлаа” гэж орилдог. "Би хэлмэгдлээ" гэдэг.

"Би өршөөгдөх хүн биш, би цагаадах хүн" гэдэг. Тэр авлигач өнөөдөр цагаадаж байвал Монголын төр өнөөдрөөс эхэлж харлана. Бид нэгэн цаг үед, богинохон цаг үед ажиллана.

Бид энэ үед л үүргээ биелүүлэх хэрэгтэй. Бид төрийн алтан гагнаас, нэг гинж нь болоод ажиллаж байгаа энэ үедээ л ажлаа хийгээд бууж өгөхгүй цаашаа явах үүрэгтэй" хэмээн онцлон хэлж байсан.

Тэгвэл цагдаа болон АТГ-ын мөрдөгчдийн удаан хугацааны туршид шалгаж илрүүлсэн олон хэрэг яагаад ийнхүү прокурорын шатанд очоод хэрэгсэхгүй болдог юм бол. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр тус байгууллагад хүрэлцэн очиж тэднээс аминчлан хүссэн ч хүслийг нь талаар болгож буй нь харамсалтай.

Мэдээж энэхүү эдийн засгийн гэмт хэрэг ингээд дуусахгүй маш олон албан тушаалтнуудын гэмт хэрэг шалгагдаж буй учраас дараа дараагийнхаа дугаарт цувралаар хүргэх болно.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>