Үнэгүй хувцас ба утаа !

736

Үнэгүй хувцас ба утаа !

 

Зохион байгуулагч биш, үг ч хэлээгүй, зүгээр л энгийн нэг аавын хувьд өнөөдрийн оролцсон жагсаалын талаар сэтгэгдлээ хэлье. Монголчууд бараг анх удаа утааны эсрэг жагслаа. Энэхүү жагсаалыг бага насны хүүхэдтэй ээжүүд эхлүүлж, аавууд хожуухан нэгджээ. Аливаа улс төрийн нам хүчин бус харин аав ээжүүдийн дуу хоолой гэдэг мессеж олны дэмжлэгийг авахад хамгийн том түлхэц болов. Ажихад ихэнхийнх нь хүүхдүүд дор хаяж нэг удаа утаанаас болж өвдсөн байдалтай байв. Хүн явж явж өөрийнхөө амьдрал дээр туулж мэдэрсэн хойноо л хөдлөдөг бололтой. Ний нуугүй хэлэхэд би ч ялгаагүй хүүхэдтэй болоогүй бол утааг төдийлөн тоохгүй явж байх байсан биз. Далан мянган төгрөг өг ! гэж жагсдаг оюутан насны хүүхдүүд талбай дээр маш цөөхөн байлаа. Утаа энэ янзаараа үргэлжилэх аваас ирээдүйд үр хүүхэдгүй болох аюул тэр залууст хамгийн их хамаатай.

 

20,000 хүн талбай дээр цугласангүй харин 2000 бол хол давсан. Ингээд харвал өнөөдрийг хүртэл утаанд хордож сүйрч яваа нь "Бидний буруу" ч юм шиг. Энэ жил миний олж харсан хамгийн том "Хүний цугларалт" бол Маяа хэмээх бүсгүй үнэгүй хувцас тараана гэхэд цугласан хүмүүс. Үүнд мэдээж баяр наадмыг тооцохгүйгээгээр шүү дээ. Үнэгүй хувцас ба утаа ... Энэ сэтгэхүй, энэ тоонууд бол бодит нөхцөл байдал бөгөөд "Бидний буруу" гэж хэлж байгаагийн үндэслэл юм. Үр хүүхэд нь үхэж байхад тоохгүй тэр хүмүүст үнэгүй хувцас илүү чухал.

 

Жагсаал цуглаан зохион байгуулалт сайтай байсан. Шаардлага тодорхой, баталгаат гарын үсэг тоондоо хүрсэн, одоо хуулийн хугацааны дагуу хариугаа нэхэн шаардах ёстой. Яагаад ч юм хүмүүс жагсаал цуглаан хийж байсан туршлагагүй нялх хүүхэдтэй ээжүүдээс хэтэрхий төгс зохион байгуулалт нэхээд байх шиг санагдсан. Үнэхээр асуудал үүсвэл зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан ганцхан хүүхэн хариуцлага хүлээх байсан нь иргэний зориг юм. ДМ нэгдэл гэсэн хувцастай хүмүүс баахан улс төрчдийн зургийг гаргаж ирж турхирсан, дайрсан өнгийг цухалзуулж байсан нь "Ээж аавуудын сайн дурын" гэдэг имиджид муугаар нөлөөлөх гэж оролдсон, олон хүн цугласан талбайг өөр зүйлд овжиноор ашиглах гэсэн явцгүй үйлдэл байсан. Утааны эсрэг тэмцэлд хүртэл амбиц улс төр шургахыг оролддог юм байна гэдгийг хараад тун их гайхсан. Гэсэн ч анх тэр жижигхэн групп үүсэхээс эхлээд ихэнхи постыг нь алгасалгүй уншиж ямар нэгэн далдын өөр оролцоо байхгүй юм байна гэж итгэсэн миний хувьд газар авахгүй зүйл санагдсан. Угаасаа энэ жагсаал хэн нэгнийг онцгойлон чиглэж чичлээгүй, бодит хүүхдүүдийн өвчин зовлон түүнд санаа зовнисон тэвчихээ больсон эхчүүдийн бухимдал дээрээс үүссэн, нөлөөллийн зорилготой жагсаал байсан. Ер нь бол засгийн газрыг огт юм хийгээгүй гэж хэлээгүй, гэр хорооллын хүмүүсийг битгий нүүрс түл гэж тулгаагүй, зүгээр л Монгол улсад хамгийн чухал зүйл нь хүн мөн юм бол "Утаа" хэмээх сэдвийг номер нэгт тавин яаралтай, бүр нэн яаралтай шийдээч гэсэн гол санаа байсан болов уу. Харин ийм зүйл дээр сайн өмгөөлөгч нар нэгдэж утаанд хордсон, нас барсан хүүхдүүдийн хэргээр засгийн газрыг шүүхэд өгч стратегийн өмгөөлөл хийж болдог гэж сонссон.

 

Энэ зөвхөн эхлэл байгаасай. Төгсгөлд нь хэлэх зүйл ердөө энэ. 20000 хүн цуглатал нь эрчээ бүү алдаасай. Жилийн 4 улирлын турш Улаанбаатарт хүний амь авдаг "Өвлийн улирал" байдаг шүү гэдгийг санаж яваасай. Хордохгүй болтлоо гарцыг хайгаасай, үхэхгүй болтлоо "Үхтэл тэмцээсэй".

 

 

4 сартай хүүгийн эцэг Улаанбаатар хотын утаа ихтэй бүсийн иргэн 
Ч.Ганжавхлан

https://www.facebook.com/photo.php?fbid=1371433349557665&set=a.440372265997116.101398.100000730405019&type=3&theater

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>