Улаанбаатар тахлын голомт болсныг анхаарууллаа

241

Улаанбаатар тахлын голомт болсныг анхаарууллаа

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр сэтгүүлчидтэй "Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” сэдэвт зангиагүй уулзалт хийлээ. Тэрбээр уулзалтын эхэнд агаарын бохирдлыг бууруулахад хэвлэл мэдээллийнхний оролцоо тааруу байна хэмээн нэлээд зэмлэнгүй хэлэв. Тэрбээр "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлыг хэлэлцлээ. Тус хурлаар зөвлөмж гаргасан. Үндсэн хуульд байдаг гол заалт нь Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй. Мөн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Тэгэхэд Улаанбаатар хотын орчин аюултай болчихоод байна.

 

Шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах нь Үндсэн хуулийн дагуу авсан арга хэмжээ. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэж бий. Үүнийг ч гэсэн үндэслэж шийдвэр гаргасан. Эхийн хэвлийд бүрэлдэж буй хүүхэд амьгүй болох хэмжээнд хүрсэн гамшигийг аюул гэхгүй өөр юу гэх юм бэ. Үүнд төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа нийцүүлэхгүй бол өөр юунд нийцүүлэх вэ. Иргэд амьжиргаагаа залгуулах гэж л хотод нүүж ирсэн. Түүнээс эрүүл мэндээрээ хохирох гэж хот бараадаагүй. 2009 онд анх Ерөнхийлөгч болохдоо Улаанбаатар гамшигийн хот болсныг хэлж байна.

 

Гэтэл агаарын бохирдлыг хүмүүсийн анхаарлын төвд оруулна гэдэг урт хугацаа зарцуулах ажил. 2010 онд Агаарын бохирдлын төлбөр авах тухай хууль баталж байсан. НҮБ-ын байгаль орчны зөвлөгөөн дээр энэ асуудлыг тавьж байсан. Давосын жил бүрийн чуулган дээр би ярьдаг байлаа. Зөвхөн Улаанбаатарт л яриад байсан асуудал биш. 2010 онд Агаарын бохирдлыг бууруулах тухай хууль санаачилъя гэхэд санаачлах гишүүн олдохгүй л байсан шүү дээ. Би зургаан жилийн өмнө утааг зүрхэндээ хар л даа гэж хэлж байсан. Хэлнэ гэдэг бол хийхийн эхлэл” гэлээ.

 

Мөн тэрбээр нүүрсийг угааж хэрэглэх хэрэгтэй байна гэдгийг ч онцолсон юм. Ерөнхийлөгчийн хэлснээр бол Улаанбаатарын гэр хорооллынхон 600 мянган тонн нүүрс түлдэг юм байна.

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар Улаанбаатарын агаарын бохирдлыг гамшигийн түвшинд хүрсэн гэж үзсэнийг дуулгалаа. Ингэж гамшигт хүрлээ гэж үзвэл агаарын бохирдол ихтэй бүсийг тодорхойлох, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг эрх зүйн үндэс бүрдэж буй юм байна. Түүнчлэн агаар тооцох боломжтой болж байгаа аж. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нэрийг Орчны бохирдлын асуудлаарх онцгой байдлын үндэсний хороо гэж нэрлэхээр болсноо Үндэсний аюулгүйн байдлын зөвлөмжид тусгажээ.

Үндэсний хорооны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй бол хариуцлага хүлээх хэрэгтэй. Утаатай тэмцэх нь удаан хугацааны ажил хэмээв.

Нэгэнт гамшигийн бүс гэж зарласан учраас нүүлгэн шилжүүлэх асуудал яригдана. Улаанбаатар амьдрахад сайхан, хүрч ир гэж би хэзээ ч хэлж байгаагүй шүү гэдгийг ч дурдав. Ерөнхийлөгч Улаанбаатар бол тахлын голомт хэмээн анхаарууллаа. Утаанаас гадна хөрс, усны бохирдол ч гамшигийн хэмжээнд хүрсэн тул байгууллагууд хүртэл ойрын нутаг руу нүүх санаачилга гаргаач гэдгийг уриалсан юм.

 

Тзрбээр уулзалтын үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Азийн хөгжлийн банк утаатай тэмцэж буй улс орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа юм билээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу бид гаднаас санхүүгийн дэмжлэг авах боломж бий юу?

-Шилжилт хөдөлгөөн хязгаарласныг дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагаас анх "Синьхуа” агентлаг мэдээл-сэн. Улаанбаатар агаарын бохирдлоос болоод шилжилт хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авлаа гэж. Лондон хотод байдаг "Цэвэр агаар сан” ийм санаачилга гаргасан байгууллагатай хамтарч ажиллая гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр монголчууд өөрсдөө манлайлж утааг бууруулах хэрэгтэй. Гаднаас мөнгө авах сэтгэхүй рүү татагдах л юм бол бид унах гээд байна. Уг нь хотын захын цэцэрлэг халаалтын асуудлаа газрын гүний дулаанаар хангаж, санхүүжилтээ гаднын байгууллагаас авчихвал хялбар шийдэгдэнэ. Иргэд гэртээ нарны цахилгаан хэрэглэж илүү гарснаа нийтийн цахилгаанд холбочихвол болно гэж үзэж байгаа. Ийм байдлаар олон айл халаалтын асуудлаа шийдсэн байдаг. Дэлхий нийтийн хандлага ч ийм болсон.
Агаар бохирдуулбал хариуцлага тооцох боломжтой болж байгаа

 

-Утаатай тэмцэхийн тулд Улаанбаатарт ардчилал ярихгүй гэлээ. Нөгөө талаар хотын татварыг өндөр тогтоох санал гаргаж байна. Цахилгаан халаагуураар хангана гэж байгаа. Гэтэл өмнө нь өчнөөн мөнгө зарсан. Ийм алдаатай бодлогыг дахиж хэрэгжүүлэх хэрэг байна уу?

-Өмнө нь хийсэн ажил алдаатай байсан бол тэрийгээ засаад явна. Түүнээс бүгдийг нь үгүйсгэж болохгүй. Та нар төрийг шүүмжлэх бүрэн эрхтэй. Үндэсний хороо цаашид сайжруулаад хийгээд явах хэрэгтэй. Хотын татварын асуудлаа Улаанбаатар оруулж ирэх байх. Гэхдээ иргэдэд сонголт байх ёстой. Одоо 30 мянган байр эзэнгүй байна. Сул байранд иргэдээ оруулах талаар зохицуулалт хийх хэрэгтэй.

 

-Төвлөрлийг сааруулахад төр юу хийх вэ. Орон нутгийн хөгжлийн санд түлхүү мөнгө хуваарилах боломж байхгүй юу?

-Захиргааны үйл ажиллагаа, иргэдийн сонголт хоёр давхар явж байж асуудал шийдэгдэнэ. Орон нутгийн хөгжлийн сангаас сүүлийн таван жилд бүтээн байгуулалт сайн хийлээ гэж ярьдаг. Би орон нутгийн Хөгжлийн сангийн мөнгийг өмнөх жилээс нь битгий бууруу-лаач гэсэн хүсэлт тавьдаг. Сум орон нутаг нь сайхан болоод ирэхээр иргэдэд ажлын байр бий болно. Ерөнхий сайд зарим орон нутгийн иргэдийг хөдөө рүү нүүвэл малжуулах төсөл хэрэгжүүлнэ гэсэн. Энэ бол төвлөрлийг сааруулах нэг шийдэл. Үйлдвэр, үйлчилгээ байгуулах, ажлын байр бий болговол хөдөө рүү иргэд нүүнэ шүү дээ.

 

Ерөнхийлөгч эхлээд хотын хөрсийг эрүүлжүүлэх, цаашид ногоон бүсийг илүү нэмэгдүүлвэл утааны хор тайлагддаг болно гэдгийг онцоллоо. Утаатай орчинд ногоон бүс бий болгочихвол асуудал шийдэгдэх боломжтой юм байна. Хүмүүс айл бүхэн 10 мод тарья гэж фэйсбүүкт бичсэн байсан. Байгаль орчны байгууллагууд ногоон бүс бий болгоход-санаачилга гаргаж ажиллах байх гэдгийг ч дурдав. Мөн хороодын дарга нарыг утаа үйлдвэрлэдэг өрхүүдийнхээ тоог гаргаж самбарт мэдээлж байх хэрэгтэйг санууллаа. Цаашдаа хороогоо утаагүй болгож чадсан Засаг дарга нарыг урамшуулах бодлого барих аж. Түүнчлэн утаа буурахгүй байвал дүүргийнх нь Засаг даргыг огцруулдаг болгох хэрэгтэй гэлээ. 


Б.ГАНДОЛГОР

ЗГМ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.