“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар сургалт зохион байгуулж эхэллээ

955

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар сургалт зохион байгуулж эхэллээ

 

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуультай хамтран шинэчлэн батлагдсан "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих болсонтой холбогдуулан "Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх нь” сэдэвт албаны сургалтыг өнөөдөр эхлүүллээ. Сургалтад Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа газар, хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, эргүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэж буй 658 алба хаагчийг  хамрууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Нямгэрэл, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг, Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Хосбаяр,  Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Цагдаа судлалын тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Ю.Бадамханд нар оролцож, шинэчлэн батлагдсан "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, сургалтын зорилго, чиглэлээр алба хаагчдад мэдээлэл өгсөн юм.

Сургалтын гол зорилго нь Шинэчлэн батлагдсан Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Монгол улсын Эрүүгийн хууль, Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдтэй нийцүүлэн хэрэглэх мэдлэг ур чадварыг олгох, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн алба хаагчид мэргэшүүлэхэд оршиж байна гэж Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>