Золбин ноход зоолж байна

309

Золбин ноход зоолж байнаУтаа ярьж, уушгины хатгалгаанд санаа зовж байх хойгуур бас нэг асуудал үүсээд байгаа нь золбин нохой, муур. Муур ч бас харьцангуй цөөн байх шиг. Харин золбин нохой бүр замаа алдлаа. Өндөр хөгжилтэй улс оронд гэрийн тэжээвэр нохойныхоо тоо судалгааг нарийвчлан гаргадаг төдийгүй нохойгоо тоолж, элдэв халдвараас сэргийлж тогтмол вакцин хийлгэнэ. Бүр нохойны тусгай хэрэгсэл, эм тариа, идэж уудаг хоол хүнс нь хүртэл бэлэн байдаг. Түүгээр ч барахгүй эзэд нь нохойны татвар төлнө. Тийм ч болохоор золбин нохой гэсэн ойлголт бараг байдаггүй гэж хэлж болно.

Гэтэл манай улсад энэ асуудал бүр замаа алдлаа. Эзэнтэй, эзэнгүй нь мэдэгдэхгүй ноход гудамж талбайг дүүргэж, хэдэн  арваараа сүрэглэн явах боллоо. Өнөөдөр нийслэлд золбин нохойтой хаана л бол хаана таарна. Гэр хороололд бол бүр ярих юм байхгүй. Орон сууцны орц хонгил, төв талбай, Төрийн ордны хашаанд ч таарна. Ямартаа л, манай улсад аялахаар ирсэн жуулчид "Монголд сэрэмжлэх хамгийн гол зүйл нь халаасны хулгайч, золбин нохой. Энэ хоёр байнга дагаж явдаг” хэмээн ярьсан байх вэ дээ. Үүнийг гэрчлэх гэсэн мэт захын хорооллын жалга шуудуу гээд л хаа сайгүй үхсэн нохойн сэг зэм.

Үүнээс нь элдэв нян, бактер үүсч хаврын салхи шороотой агаарт дэгдэн элдэв өвчин үүсгэж байгааг мэргэжлийн холбогдох байгууллагууд анхаараад ч бүрэн арга хэмжээ авч чаддаггүй. Мөн хотын гудамжинд өдөрт золбин ноход хэдэн арваараа машинд дайруулна. Нийслэлийн гэрийн хорооллуудад нохойгүй айл гэж байхгүй. Түүгээр ч барахгүй гэрэлтүүлэг муутайхан газар, нийслэлийн захын гэр хороололд орой үдэш явахад ганц айлгадаг зүйл нь золбин ноход. Хотын хогийн цэгүүд дээр хог түүгчид нохойтой уралдан, хогоо түүнэ.

Бодит байдал ийм л байна. Өмнө нь золбин нохойтой тэмцэх ажлыг "Нөөц” гэдэг компани гардан гйүцэтгэж байсныг 2014 оны дөрөвдүгээр сараас нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар хариуцдаг болж байсан. Үүний дараахан золбин нохой, муур устгах ажлыг "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ давхар зохион байгуулж эхэлсэн.

Тэгээд ч үр дүнд хүрсэнгүй. Золбин нохой, муур устгах зардал 7500 төгрөг байсан бөгөөд энэ зардал хүрэхгүй байна гэсээр байгаад 12 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор  хотын төвд нохой муурыг буудаж устгалгүйгээр иргэдээс тодорхой хэмжээний ханшаар худалдан авах, уургалан бариад  нэг цэгт тээвэрлэн хүргэж устгалд оруулах  гэх мэт зохион байгуулалтын ажлуудыг хийх  шаардлагатай гэж байсан. Тэгвэл энэ ажил яав аа. Үүнээс гадна золбин нохойны асуудал хөндөгдөхөд спираль тавих гэж байгаа гээд л бөөн юм болсон.

Энэ асуудал олон нийтийн цахим сүлжээгээр нэг тарж, шүүмжлэлд өртсөөр эцэстээ таг болсон. Бас болоогүй төрийн зарим чиг үүргийг төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эзэнгүй золбин нохой, муур устгалын гүйцэтгэлд хяналт тавих, түүнтэй холбогдох судалгаа, мониторинг хийх ажлын саналыг төрийн бус байгууллагуудын дунд зарлаж, сонгогдсон төрийн бус байгууллагууд эзэнгүй нохой, муур устгах ажлыг газар дээр нь биечлэн шалгаж, устгагдсан нохойны тоо хэмжээг тогтооно.

Мөн устгасан нохой, муурны сэг зэмийг шатаах ажлыг шалган тоон судалгааг гаргана. Судалгааны ажлын хүрээнд  эзэнгүй нохой, муурны тархалтын судалгааг гаргаж, тухайн бүсийг хариуцсан устгалын байгууллагад мэдэгдэж, гүйцэтгэл хангалтгүй тохиолдолд шаардлага тавьж устгал хийлгэнэ гээд л байсан. Золбин нохой муурыг устгах талаар дэвшилтэт арга технологи, санал, санаачилгыг судалж, 2016 оны гуравдугаар сарын 01-нээс 2017 оны гуравдугаар сарын 01 хүртэл гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа л гэж байсан.

Гэтэл өнөөдрийг хүртэл таг. Бодвол өнөөх судалгааныхаа ажлыг хийгээд завгүй байгаа юм байлгүй. Тэднийг судалж тогтоогоод, мониторинг хийж суусаар байтал өнөөх золбингууд чинь зоолж, хавартай зэрэгцэж ороо нь ороод, харин ч нэг өсөн нэмэгдэх байлгүй. Өнөөх "Аз жаргалтай хот”-доо иргэдээ амгалан тайван явуулж, элдэв халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд золбин нохойн устгалыг хийж, хотоо цэвэршүүлмээр байна. Төрийн хамгаалалтад авах гээгүй л юм бол арга хэмжээ аваач.

mminfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.