Ерөнхийлөгч эрдэс баялаг, байгаль орчны хамгааллын бодлогын хуралдаанд оролцлоо

684

 

Швейцарын Холбооны Улсын Давос хотноо  зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтын хэлэлцүүлгүүд үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч  Цахиагийн Элбэгдорж өнөөдөр /1-р сарын 19/ Дэлхийн эдийн засгийн удирдагчид /IGWEL/-ын "Олон туйлт дэлхий дэх хариуцлагатай манлайлал” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцов.

Тус хурлаар олон улсын хамтын ажиллагааны 2017 оны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, ач холбогдлоор нь эрэмбэлэх мөн НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын нэн тэргүүнд анхаарах асуудлууд, АНУ-ын шинэ захиргаанаас дэлхий нийт юу хүлээх ёстой,  даяарчлалыг эсэргүүцэх, ард иргэдийн төр засагт итгэх итгэл буурч, популизм нэмэгдэж буй энэ цаг үед үндэсний болон олон улсын хэмжээнд иргэдээ сонсдог хариуцлагатай манлайлалыг хэрхэн бий болгох зэрэг асуудлаар хэлэлцүүлэг явууллаа.

Мөн эрдэс баялаг, байгаль орчны хамгааллын бодлогын хуралдаанд оролцлоо.  Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг баталснаар дэлхийн улс орнууд болон хувийн хэвшил чухал үүрэг, амлалт хүлээсэн билээ. Байгаль орчны чиглэлээр ийнхүү сүүлийн жилүүдэд ахиц гарсан боловч илүү дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгаа. Тиймээс энэхүү хуралдаанаар байгаль орчны салбарт тууштай нөлөө үзүүлэхүйц инноваци, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрхэн дэмжиж эрчимжүүлэхийг ярилцав.    

Мөн өдрийн үдээс хойш Хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар "Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нь: "Олборлох салбарын гүйцэтгэх үүрэг”  сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцов.

Уул уурхайн салбар нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дөхөм болох боломжтой тул энэхүү уулзалтаар уул уурхайн салбарын гүйцэтгэх үүрэг, оруулж болох хувь нэмрийг нарийвчлан хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Усны асуудлаарх хэлэлцүүлэг уулзалтад мөн оролцлоо.

Энэхүү уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд түлхэц болох усны шинэ бодлого боловсруулахад "Усны нөөцийн бүлэг 2030”-ийн туршлага, сургамж, зөвлөмжийг ашиглах талаар хэлэлцлээ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд 2005 онд байгуулсан "Усны нөөцийн бүлэг 2030” нь одоогоор 10 орны 400 гаруй тунш байгууллагыг нэгтгээд байна. Эдгээр түнш байгууллага усны бодлогыг ул суурьтай шинэчлэх, эдийн засаг нь хурдан өсч байгаа орнуудын усны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэ арга замыг дэмжих чиглэлээр Засгийн газар, шийдвэр гаргагчидтай хамтран ажиллаж байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>