|
Видео

Шинэ мэдээ

Ээрэгдсэн “эргийн гаднах” асуудал

 

Оффшорын хуулийн анхны хэлэлцүүлэг он дамнан үргэлжилж байна. Засгийн газраас  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан юм. Өнгөрсөн оны сүүлээр энэ хуулийн төслийг хэлэлцэх явцад гадаадад данс нээлгэсэн төр, захиргааны  өндөр албан тушаалтан, тэдний гэр бүл, хамаатан садан бүхэн оффшор бүсэд хамаарахгүй.  Албан тушаалтнууд хийгээд хамрах хүрээ, оффшор бүсийн орон зайг тодорхой гаргах шаардлагатай хэмээн гишүүд онцолж байсан юм. Учир нь хуулийн төслөөр оффшор бүс гэсэн тодорхой орон зайг тусгаж, зааглаж, өгөөгүй, цаашлаад ХОМ гаргадаг албан тушаалтнуудыг ч дотор нь ангилах шаардлага тулгарсан.

 

Дээр нь манай улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын компаниудын ихэнх нь оффшор данстай. Гэтэл оффшор данстай гаднын компаниудыг оруулж ирэхийг хоригловол, гадаадын хөрөнгө оруулалтыг зугатсан энэ үед дарин дээр давс нэмнэ гэгч болно.

 

1990 оноос хойш Монгол Улсад хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхийн хирээр манай улсын гадаад харилцаа хөгжин гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын тоо олширч, эдгээр компаний хувьцаа эзэмших иргэдийн тоо өссөөр байна.

 

Баримт дурдахад 1990-2015 оны хооронд Монгол Улсад гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг. Үүнээс 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас хийгдсэн байна. Жагсаалтыг Нидерланд 4.23 тэрбум ам.доллар, Люксембург 1.15 тэрбум, Британийн Виржин Арал 1.1 тэрбум, Хятадын Гонконг 229 сая, Бермудын арал 29 сая, Швейцарь 103 сая, Кэймэн арал  74 сая ам.доллараар тус тус  тэргүүлжээ.

 

Монгол Улсад нийт 110 орны хөрөнгө оруулалт бүхий 13140 хамтарсан болон дагнасан гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэн. Үүнээс 920 компани буюу 7 хувь нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид байна. Тухайлбал, "Оюутолгой” болон "Энержи Ресурс”-ийн "ММС” компаниудын  толгой компаниуд нь бүгд оффшор бүсэд бүртгэлтэй байна. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай "Ханаду Майнз”, "Волф Петроюм”, "Хүннү Коүл” зэрэг 20 гаруй компаниуд хувьцаагаа "Нью Йорк”, "Гонконг”, "Торонто”, Лондонгийн Хөрөнгийн биржэд арилжаалдаг. Тэдгээрийн толгой компани нь мөн адил оффшор бүсэд бүртгэлтэй байна.

 

Манай улс 2002 оноос Их Британи, Швейцарь, Люксембург, Нидерланд зэрэг улс орнуудтай "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, давхар татвараас чөлөөлөх” тухай хэлэлцээртэй байгуулсан байдаг. Эдгээр оффшор бүс бүхий улс орнуудаас Монголд хийх хөрөнгө оруулалт давхар татварт хамрагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ.  Энэ утгаараа манай улсын эдийн засагт оффшор бүсийн хөрөнгө оруулалт тун чухал үүрэг гүйцэтгэж байгаа.  "Эргийн гадна” хэмээх Оффшор бүсэд Британийн Виржин арал, Бермуд, Кэймэн арал зэргээс гадна АНУ, Малайз, Хятадын Гонконг, Нидерланд, Люксембург, Лихтенштэйн зэрэг улс орнууд, тэдгээрийн оффшор бүсүүд ордог ба оффшор үйлчилгээ нь өнөөдөр дэлхийн санхүү, бизнесийн салбарт өргөн хэрэглэдэг арга хэрэгслэл болсоор ирсэн.

 

Ер нь оффшор гэх гадаад үг манай үгийн санд  орохдоо сөрөг хандлагатайгаар нийгэмд түгсэн. Олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай компаний хувьцаа, банкны данс эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, улмаар төрд итгэх иргэдийн итгэл буурсантай холбоотой. Учир нь оффшор гэх энэ хууль бус бүсэд данстнууд  дотор манай өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд нэг бус удаа нэрлэгдсээр ирсэн. Гэхдээ манайд энэ  талаар хориглосон хууль эрх зүйн зохицулалт байхгүй.  Тиймээс ямар ч хэлбэрээр тухайн бүсэд мөнгө байршуулсан байсан хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм. Хэдийгээр хууль эрхзүйн хариуцлага хүлээгээгүй ч оффшорт данстай гэх эрхмүүдийн нэр олон нийтийн дунд унасан талтай.    Тиймээс АТГ-т  хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд гадаад улсын нутаг дэвсгэрт данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох талаар зохицуулалт хийхээр хуулийн төсөл өргөн барьсан нь энэ.

 

Хуулийн төслөөр АТГ-т  хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан тушаалтанд оффшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, оффшор бүсэд хуулийн этгээд байгуулах зэрэг асуудлыг хориглох талаар шинээр тусгажээ. Хэрвээ дээрх албан тушаалтнууд оффшор бүсэд өөрийн нэр дээр данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд байгуулахыг хориглох хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан уг заалтыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгасан байна.

 

Дэлхийн улс орнууд оффшор бүсэд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах талаарх зохицуулалтыг хуульчлахдаа голчлон төрийн албан тушаал эрхлэхтэй холбогдуулан хориглосон зохицуулалт хийсэн байна.

 

Гишүүд оффшор бүсийг тодорхой зааж, зааглаж өгөхийг хууль боловсруулагчдаас шаардсан. Гэхдээ бусад орны туршлагаас харахад "оффшор бүс” гэх албан ёсны тодорхойлолт байхгүй ба "эргийн гаднах, хилийн гаднах улс, бус нутаг” гэх утгыг илэрхийлдэг гэж хууль санаачлагчид тайлбарлаж байгаа. Тиймээс манай улсын хувьд оффшор бүсэд хамаарах улс, нутаг дэвсгэрийг тодорхойлох, жагсаалт батлах нь манай улсын гадаад харилцаа, бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай тул бусад улс орны туршлагыг судлан үзэж "оффшор бүс”-ийг "гадаад улсын нутаг дэвсгэр” гэж томъёолжээ.   Үүнд нийтийн албан тушаалтаны гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хөндөхгүй байх, бусад хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суух, зорчих зэрэг хэрэгцээ шаардлагыг харгалзан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах асуудлыг хориглохгүй байхаар зохицуулсан.

 

Харин үүнд тухайн эрхэм гадаадын аль нэг эмнэлэгт шинжилгээ хийлгэн, эмнэлгийн бичиг гаргуулаад, данс нээлгээд  яах вэ? Хуулийн цоорхой үүснэ гэж шүүмжлэх гишүүд байгаа.  Гэр бүл, үр хүүхдийнхээ данс руу эмчилгээний, сургалтын төлбөр шилжүүлсэн тохиолдолд мөн л хариуцлага татах уу гээд оффшор бүсийг тойрсон олон асуудал гишүүдийг талцуулж, ээрэгдүүлж байна.

 

Ямартай ч УИХ энэ долоо хоногт анхны хэлэлцүүлгийг нь үргэлжлүүлэх нь.  УИХ-ын намрын чуулган завсарлахад долоо хоног үлдсэн.  Намрын чуулганаар амжиж батлагдах эсэх нь олонхийн улс төрийн шийдвэрээс хамаарах асуудал.

Н.Энхлэн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.