|
Видео

Шинэ мэдээ

Эзэнтэй сумнууд

Эзэнтэй сумнууд

АН шинэ даргатай болно. Шинэ даргаа сонгох сунгаа нь сар гаруй үргэлжилж байна. Ингэснээр АН Монголын улс төрийн хүчнүүдээс анх удаа намынхаа бүх гишүүний саналаар сонгогдсон даргатай болно гэсэн үг. 

 

Харин улсыг хамтдаа бүтэн тойрсон таван нэр дэвшигч өөрсдийгөө "эвтэй тав" хэмээн нэрийдэж байгаа ч араараа сайн муугаа уудлалцаж байна. Мөн "... Би илүү" гэдэг PR-аа бүх төрлөөр хийж байгаа. Сүүлдээ судалгааны байгууллагын дүн хөндлөнгийн хүмүүсийн үг зэргээс дэмжлэг авахаар ёстой л үзэж тарж байна. 

 

Алунгоо эхийн таван сумны үлгэрээр таван сумны багц хүлээн авч, ёслол төгөлдөр өрсөлдөөнөө эхэлсэн тэд өнөөдөр хэн нь хэн бэгэдгээ олон нийтэд хэдийнээ мэдүүлжээ. Товчхондоо энэ таван "сум" ямар хэмжээнд өрсөлдөж байна вэ гэдгийг зөвхөн АН-ын гишүүд төдийгүй ард түмэн нийтээрээ харж байна. 

 

Бодит байдал дээр хэн нь хэний "сум" болж, АН-ын даргын суудлын төлөө өрсөлдөж байна вэ гэдгийг олон нийт мэдчихжээ. АН бол Монголын улстөрийн хоёр том хүчний нэг. Өнөөдөр түүхэн сонголтын өмнө хаачих вэ гэдгээ шийдэх гээд зогсож байна. Тэд хэнийг сонгох вэ. Үнэнийг хэлэхэд АН-ын гишүүдийн сонголт дан ганц намын гэхээсээ улс орны хэмжээний үр нөлөөтэй. Өнөөдөр дангаараа төр барьж буй МАН, улс төр бизнесийн бүлэглэлийн эсрэг дуугарч, ард түмний өмнөөс хяналт тавьж, хэлж ярих үүрэг тэдэнд ногдож байгаа юм. Өөр олон том шийдвэр, ачаа АН-ын дарга болох хүнд тохоогдоно. Тэр болгоныг давж гарах нь хэн бэ гэдэг л чухал. Үүнээс гадна "...Морин дэл дээр ертөнцийг эзлэх амархан. мориноос буугаад улсыг засах хэцүү" гэж Чингис хааны үгийг санаж, даргаа сонгох эрх, бас үүрэг АН-ын гишүүдэд үлдлээ.

 

ТЭНЭСЭН СУМ

Ж.Батзанданг ийн нэрлэж байна. Тэрээр 2000-аад оны эхээр гудамжинд жагсаж олны танил болсон. Тэр үеийн ой санамжийг нь сэргээвэл тэр өнөөдөр Төрийн ордонд, УИХ-ын чуулганы танхимд тухлаад, өнөөдрийн энэ болох, болохгүйтэй яагаад ч эвлэрч, хамт байж, нэг танхимд нэг агаараар амьсгалаад суух хүн биш. Гэвч Ж.Батзандан өнөөдөр тэнд байж л байна. Байх байхдаа өөрийнхөө хамгийн ихээр үзэн яддаг, өндөг шиддэг байсан намынхаа дарга нь болно гээд өрсөлдөж явна.

 

Ж.Батзандан Иргэний хөдөлгөөний намыг байгуулж, даргаар нь ажиллаж байв. Гэнэт л намаа орхиод АН-д орж ирсэн байдаг. Айлаар бол анхны эхнэр, нялх хүүхэд, тарчиг амьдралаа хаяад олон хүүхэдтэй, овоохон хөрөнгөтэй айлд орж суугаад, одоо гэрийн эзэн болохоор зүтгэж байна гэсэн үг. Гэтэл АН уг гарвалаа хөөвөл 27 дахь жилтэйгээ золгож байгаа. Ардчиллын төлөө гэсэн олон дарга, улстөрчийн хөлс, хүчинд өндийсөн улс төрийн хүчин юм. Энэ бүхнээс олон нийт ганц л гаргалгаа хийж байна. Тэр бол өөрийнхийгөө орхиод ирсэн хүн өрөөлийнхийг хаяад л явна. Эсвэл тэр айл өөдөлнө гэж үгүй. Энэ бол амьдралд мөн ч олонтаа тохиолддог явдал даа.

Нөгөөтэйгүүр Ж.Батзандан АН-ын дарга болох юм бол... гээд бодоод үзье. Түүнээс юу хүлээх вэ. Үзэл бодол, хэлдэг ярьдгийг нь, хамгийн гол нь хийж болох, хийж чадах юмыг нь бодвол тэр зүгээр л "тэнэсэн сум” юм. Яаж ч магадгүй, онож алдах нь тодорхой бус. Ерөөсөө л хаашаа ч харваж магадгүй сум гэсэн үг.


ЧИГТЭЙ СУМ

Ингэж Н.Алтан­хуягийг нэрлэхээс аргагүй. Түүнд сул тал, муу юм байгаа. Байх нь ч ойлгомжтой. Ерөнхий сайд байхдаа улсаараа эргэлзтэл задгай ярьдаг байв. Ерөнхий сайд байхаас нь л хүргэн, зөвлөхийнх нь асуудал, хэрэг зарга эхэлсэн. Өнөөг хүртэл дуу­­саагүй. Одоо бүр эх­нэр, дүүтэй нь холбоотой асуу­дал гарах болсон. Гэхдээ энэ нь түүний сул тал буюу эмзэг цэг нь юм. Харин АН-ын даргын  суудал бол огт өөр асуудал. Н.Алтанхуяг өмнө нь энэ ажлыг олон жил хийсэн. Намаа да­раал­сан таван ялалтад хүргэсэн удирдагч. Ер нь нам удирдахын, намын дарга болохын гол зорилго юу юм бэ. Тун энгийн хариулттай. Намаа улс төрийн тавцангаас буулгахгүй л байлгах хэрэгтэй. Н.Алтанхуягийг дарга байхад АН дандаа л ялалтын шатаар өгсөж ирсэн. Тэр "Алтангадас” фракцын удирдагч. АН-д "Алтангадас”-ын гүй­цэтгэсэн үүрэг их. Одоог хүртэл энэ фракцын хөл гар, сүлжээ АН-д бөх бат байсаар байна.

 

Н.Алтанхуягийг гишүү­дийнх нь дийлэнх АН-ын даргад дэмжиж байна. АН-ын гишүүд ингэхдээ ганц л зүйлийг харсан байж магад. Учир нь Н.Алтанхуяг намынхаа тамгыг атгасан байхад хэзээ ч ард түмэн рүүгээ харвахгүй сум юм.  Бас тийм ч амархан "эзэнтэй” болчихгүй байх зангараг түүнд бий. Үүнийг гишүүд нь хэлж байгаа. Магадгүй, нэр дэвшиж, өрсөлдөж байгаа таван "сум”-нд тавих хамгийн гол шалгуур нь энэ байж болох юм.


ЭВГҮЙ СУМ

С.Эрдэнэ бол тун эвгүй сум. С.Эрдэнийг тойрсон элдэв булхай, хэрэг зарга тасарна гэж үгүй. Зөвхөн сонгуулийн өмнө бус бүх цаг үед, байнга шахам иймэрхүү мэдээлэл гарч байдаг нь сонин. С.Эрдэнэ аминдаа тун арчаатай хүн. Элдэв мэдээлэл нь иймэрхүү шинжийг илтгэнэ. Гэхдээ тэр нь тун эвгүй. Нийгмийн даатгал, халамжийн мөнгө төгрөгтэй холбогдоно. Өмнөх хойдох хэрэг төвгийнх нь материал ил болно. Үнэнийг хэлэхэд С.Эрдэнийн өмнөх явдал өнөөдөрт хамаагүй л дээ. Гээд үзэхээр энэ хүн АН-ын даргад өрсөлдөж байна. АН бол Монголын улс төрийг авч яваа хоёр том намын нэг. Тэр утгаараа АН-ын дарга том л "этгээд” байх ёстой. Гэтэл С.Эрдэнэ бөөн нээнтэг. Түүнийг сөрөг намынхан нь янз бүрээр хэлж бөөрөлхөнө гэсэн үг. С.Эрдэнэ өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга л даа. Хэдэн сарын өмнө нэгэн чуулган дээр МАН-ын нэг гишүүн "...АН-ынхан та нар ийм даргатай байж битгий шударга ёс гэж ярь. Зохихгүй байна” гэж байсан. Ингээд л эхэлнэ. Ингээд ирэхээр АН цэвэр, хүчтэй улс төр хийж чадах уу. Энэ бол С.Эрдэнэ гэдэг даргатай болбол зайлшгүй яригдаж таарна. Дээрээс нь С.Эрдэнийг өнөөдөр Зи-ийн, эсвэл Элбэгдоржийн сум гээд л барим тавим ярьж байна. Эндээс үзвэл, ийм эвгүй сум АН-ын дарга болно гэдэг намын ирээдүйд халтай байж мэдэх сонголт юм.


ДЭЭРЭЭС ТАВЬСАН СУМ

АН-ын даргад таван "сум” өрсөлдөж байгаа. Тэгвэл түүний хоёрыг тээр дээрээс тавьж байна гэнэ. Нумыг нь барьсан эрхэм дээр байна гэсэн үг л дээ. Тэр хоёр сум болбоос Боловсролын сайд асан Лу.Гантөмөр, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нар юм. Магадгүй, нэр дэв­шигчдээс хамгийн бага дайралт, давшилт амсаж байгаа нь Лу.Гантөмөр, Д.Эрдэнэбат нар юм. Тэр утгаараа энэ хоёр эрхэм тун гоё сум болж таарна. Тэд боловсрол ярина. Аж үйлдвэрийн хөгжлийн тухай хэлнэ. Нэг нь АН-ын Залуучуудын холбооны удирдлагад, нөгөө нь АН-ын генсек байсны хувьд намын ажлын туршлагатай. Лу.Гантөмөрийн хувьд өмнөх, хойдох гээд ухуулаад, гарч ирээд байх муу юм байхгүй. Ер нь одоогийн Монголын улс төрд нэр цэвэр яваа цөөхөн улстөрчийн нэг мөнөөс мөн. Д.Эрдэнэбат ч ялгаагүй. Дээр үед одоогийн МАН-ын ги­шүүн байсан гэдэг юм билээ. Тэрнээс хойш хич­нээн ч жил өнгөрөв дөө. Тэр байтугай энэ эрхэм гудамжинд байсан АН-ыг Төрийн ордонд залсан гавьяаг хуваалцах эрхтэй хүн. Гэхдээ тэд өөрс­дийнхөө толгойгоор энэ намыг цаашид авч явах уу гэдэг хамгийн том асуултад бүдэрч магадгүй. Учир нь нэр дэвшигчид гараанаас гарахад л "...Нум нь дээр байгаа шүү, энэ сумнуудын” гэсэн яриа гараад авсан. Одоо бүр ойлголт болж хувирсан. Ийм эзэнтэй сум АН-ын тол­гойд гарвал юу болох вэ. Үнэнийг хэлэхэд толгой нь өөр газар байдаг "дарга” л Монголын улс төр, эдийн засагт лай болдгийг зөвхөн АН-ынхан бус монголчууд нийтээрээ мэдэрсэн.



Б.ДАМДИН-ОЧИР


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.