Богд хааны даалинг гиннест бүртгүүлнэ

487

Богд хааны даалинг гиннест бүртгүүлнэ

 

Өнөөдрийн байдлаар Монгол Улс ЮНЕСКО-д 13 нэр төрлийн соёлын биет бус өвөө хадгалан хамгаалуулж бүртгүүлсэн байна.

 

Үндэсний гэх тодотголтой өв болгоноо ирээдүй хойч үедээ өвлүүлэн хадгалуулах үүднээс Гиннесийн ном болон ЮНЕСКО-д бүртгүүлдэг уламжлалтай. Монгол уран хатгамал, даалин урлалыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлэх асуудлаар холбогдох албаны хүмүүс өчигдөр мэдээлэл хийлээ. Тухайлбал Богд хааны хэрэглэж байсан даалинг дөрөв дахин /урт нь 2 м, 25см, өргөн нь 88 см/ томруулж урлан Гиннесийн номд бүртгүүлэхээр болжээ.

 

Монгол уран хатгамал, тэр дундаа даалин урлалыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр 2010 онд хүсэлт гаргасан бөгөөд ингэхийн тулд эхлээд Гиннесийн номд нэр дэвшүүлэх хэрэгтэй. Тиймээс "Хүндэтгэлийн даалин”-г урлахаар болсон байна.

Хүндэтгэлийн даалин урлах ёслол энэ сарын 27-нд Богд хааны ордон музейд болно. Үзэсгэлэнд өнөө цагийн уран хатгамалчдын сор болсон бүгээлүүдээс гадна Богд хааны ордон музейн ховор нандин үзмэрүүдийг дэлгэх аж. Уран хатгамалч З.Цэнгэлсайхан "Монгол зүү ороох оёдол нь чулуун зэвсгийн үед үүссэн байх магадлалтай. "Хүннүгийн язгууртны цогцолбор” археологийн олдворт уул, ус, үүлэн хээгээр чимэглэсэн, уран нарийн хийцтэй хатгамал, ширмэл, нэхмэл эдлэлүүд байдаг. Тэдгээрийн дундаас зүү ороож хатгасан торгоны тасархай судлаачдын сонирхлыг хамгийн их татаж байлаа. Энэ нь монгол зүү ороох оёдол өнө эртний түүхтэй, нүүдэлчдийн өв соёлын салшгүй нэг хэсэг байсныг гэрчилж байна.

 

Монгол үндэсний зүү ороох оёдол нь маш чамин учраас нягт нямбай оёдол шаарддаг. Өнгө зохицол, билэгдлийг нь үл анзааран, хазгай муруй оёж, хайнга хандвал дахин давтагдашгүй шинж чанараа алддаг. Тиймээс монголчууд "торго уйлуулах”, "даалимба инээлгэх” хэмээн ярьдаг байсан. Ур ухаан, сэтгэл мздрэмжээ бүрэн зориулж, нягт нямбай урлаж чадвал даалимбан дээр ч урлагийн бүтээл амилж болдог” хэмээв.


Г.НАРАНТУУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.