Евро жил хагасын дараа алга болж магадгүй
Н.МӨНХЖИН
АНУ-ын шинэ засаг захиргаанаас Европын холбоон дахь төлөөлөгчөөр сонгогдох гэж байгаа Тед Маллок ВВС агентлагт ярилцлага өгөхдөө "Европын холбооны нэгдсэн мөнгөн тэмдэгт евро ойрын жил хагасын дотор сүйрч алга болно” хэмээн онцолжээ. Мөн Их Британи ойрын гурван сарын дотор АНУ-тай аль аль талын ашиг сонирхолд нийцсэн худалдааны гэрээ байгуулах боломжтой хэмээн ярьсан нь дэлхийн төвшинд бас нэг шуугиан тариад байна. Их Британийн Европын холбооноос гарах шийдвэрийг (Brexit) "Цэвэрхэн, харгис, хэрцгий” гэж нэрлэсэн Маллок Brexit-ийг Их Британийн хувьд хамгийн зөв зам, гарц хэмээн үзэж байгаа аж. Их Британи Европын нэгдсэн зах зээл, гаалийн холбооноос гарсны дараа "Брюсселийн хүнд суртал”-ыг үл хайхарч, худалдааны гэрээг бие даан хийж болно хэмээн нөхөрсгөөр зөвлөв. Хэрвээ Лондон, Вашингтоны хоорондох гэрээ хэлэлцээг Брюссель ямарваа нэг арга хэлбэрээр саатуулах, зогсоох гэж оролдвол энэ нь утгагүй, хэрэггүй үйлдэл болно хэмээн профессор Маллок үзэж байна. "Эхнэр нь нууц амрагтай болох гэж байхад нь нөхөр нь хориглосонтой яг адил” хэмээн зүйрлэжээ.
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаар өнөөдөр Вашингтон руу нисч байна. Тэрээр Цагаан ордны шинэхэн эзэнтэй уулзах анхны гадаад лидер болох бололтой. Тэд хоёр улсын хооронд худалдааны гэрээ байгуулах талаар голлон ярилцах аж. "Уолл-Стрит болон Лондоны хөрөнгийн бирж дээр ажиллаж байсан хүмүүсийн хувьд хэлэхэд, зөв хүмүүстэй зөв өрөөнд суугаад ярилцвал хангалттай сайн мэдээлэл авч, илүү их эрч хүчийг олж авдаг юм. Трампт мэдээж их эрч хүч байгаа, үр дүнд хүрэх нь дамжиггүй” хэмээн Тед Маллок нэмж хэллээ.