Цөлжилтийг хязгаарлах намгууд устсаар
Намгийг ойн хамтаар "Дэлхийн уушги” гэж нэрлэдэг. Тодруулбал, нэг га намаг бүхий газар 1800 кг хүртэлх нүүрсхүчлийн хийг шингээж 700 кг хүртэлх хүчилтөрөгч агаарт ялгаруулдаг. Энэ нь нэг га ойгоос 15 дахин их үзүүлэлт юм. Гайхалтай байгаа биз. Хүүхэд байхад Майхан толгойн намаг дээгүүр харайж, бамбалзсан газар дээр үсэрч тоглодог байлаа. Хамгийн гоё цэцэг тэнд ургаж, хамгийн гоё эрвээхэй дээгүүр нисэлддэг байв. Харин одоо эрчимтэй хуурайшлаас болж олон зуун гол, горхи, булаг шанд, нуур, цөөрөм ширгэж, намаг хатаж байна. Түүнчлэн голын хөндийд байх бут, бургасыг малын хашаа барих болон ахуйн бусад зориулалтаар ашиглах нь ихэссэнээр намгархаг газарт маш их сөрөг нөлөө үзүүлэх боллоо.
Хүлэрт намгийн доройтлын үүднээс дэлхийн долоо дахь дулаан ялгаруулагч орноор Монгол Улсыг 2010 нэрлэсэн. Хүлэрт намгийн доройтлоос үүдэлтэй асар их хэмжээний нүүрстөрөгч манайхаас ялгардаг. Улаанбаатараар хөндлөн гулд урсах Сэлбэ, Туул, Дунд голын эргэн тойронд та одоо намаг олж хардаг уу. Цагтаа ногоон зүлэг халиурч асан намагт газруудын дээр одоо өндөр байшин сүндэрлэж, цементэн зам эгнэн, үхмэл шороо босох болжээ. Үлгэр, домог мэт болсон намагт газрыг аврахгүй бол түүний хор хөнөөлийг арилгахад бэрх болохыг эрдэмтэд анхааруулж байна.
Ус чийг, намгархаг газрын дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Үүгээр намагт газар, түүний байр байдал, тулгамдсан асуудлыг эрдэмтэд хэлэлцжээ.
ШИДЭТ НАМАГ
Намгийг бүрэлдүүлдэг гурван зүйл бол ус, хүлэр болон ургамлууд юм. Дэлхийн усан мандлын нэг гол хэсэг нь намаг бөгөөд 115 мянган шоо км ус агуулдаг шидтэй эд. Өөрөөр хэлбэл, дэлхийн бүх гол мөрний уснаас зургаа дахин их нөөцтэй гэсэн үг.
Намгийн зарим ач холбогдлоос дурдвал, уур амьсгалыг зөөлрүүлж, усны тэнцвэрийг хадгалах, хур тунадас болон мөнх цэвдгийн хайлбар усны илүүдлийг тогтоож, аажмаар байгалийн эргэлтэд оруулж байдаг. Тодруулбал, гол мөрний ус, газрын гүний усыг тэжээж, хур тунадасны эх үүсвэр болно. Түүнчлэн хүлэр нь мөнх цэвдгийг хайлахаас хамгаалж, олон зүйлийн ургамал, амьтны амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг. Намгийн ид шид үүгээр дуусахгүй. Хүлэмжийн хийг шингээж, их хэмжээний нүүрстөрөгч агуулж, органик бодисыг бий болгох замаар дэлхийн уур амьсгалыг зохицуулдаг. Намаг нь төрөл бүрийн бохирдуулагчдыг өөртөө шингээж, усыг цэвэршүүлдэг байгалийн шүүлтүүр юм.
Ган удаан хугацаагаар үргэлжлэхэд намагт хадгалагдах чийг амьд организмын амьдралын эх үүсвэр болж, цөлжилтөөс хамгаалдаг. Хүлэрт намаг өндөр, уулархаг газарт усны нөөц хуримтлуулах, цэвдгийн давхаргыг хамгаалах үүрэгтэй.
Гэвч намгийы доройтод өөрөө хүлэрт нүүрстөрөгчийг исэлдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлт бий болгох эрсдэлтэй. Бохирдсон намгаас жилд дунджаар нэг гегатонн нүүрстөрөгч ялгардаг гэсэн тооцоо ч бий. Нөгөөтэйгүүр, энэ нь хөдөө аж ахуй, ой, газар ашиглалтын бусад салбарын дулаан ялгаруулалтын 10 хувьтай тэнцдэг байна. Хүнээр зүйрлэвэл, эрүүлдээ хүнд маш хэрэгтэй, харин өвдөхөөрөө хор болж авч хаяахаас өөр аргагүй гүйлсэн булчирхайтай зүйрлэж болмоор.
Хүлэр гэдэг нь намгийн гол бүтээгдэхүүн бөгөөд хөвд зэрэг ургамлын үлдэгдлүүд хуримтлагдан дутуу задарч дагтаршин хүлэр болдог. Дэлхийн намаг бүхий газруудад 250-500 миллиард тонн хүлрийн нөөц агуулагддаг. Харин Монголд хүлэр маш бага хэмжээтэй байна. Сонирхуулахад, хүлэр ыь чухал ашигт малтмал бөгөөд хүлэр ихтэй зарим орнууд түлш, бордоо, дулаан тусгаарлагч материал болгон ашигладаг.
НАМАГ ХАМГААЛАХ ЗҮЙЛ, ЗААЛТ МАНАЙД БАЙХГҮЙ
Түймэр, бэлчээрийн даац хэтрүүлэх зэргээс үүдэн Орхон, Идэр голын хөндий, Дархадын уулархаг сав газруудад байрлах олон мянган км үргэлжлэх хүлэрт намаг хатсаар. Уул уурхай, бүтээн байгуулалт, усны зарцуулалт, ойн болон хүлэрт намгийн түймэр, усан цахилгаан станцын байгууламжийн хаалт зэрэг нь ч намгийн тогтвортой байдалд муугаар нөлөөлдөг.
Монгол оронд 2004 онд хийсэн судалгаагаар манай газар нутгийн хоёр хувийг хүлэрт намаг эзэлдгийг тогтоожээ. Хүлэрт намагтай газрыг голчлон хадлан, бэлчээр, газар тариаланд ашиглаж, бэлчээрийн үржил шимтэй гэж үздэг.
Хүлэрт намаг бүхий газруудын 40 хувь нь улсын тусгай хамгаалалттай 25 байршилд байдаг.
Байгаль орчны салбарын эрх зүйн харилцаа 20 орчим хууль, олон улсын 18 конвенц бас бус тогтоомжууд хэрэгжиж байна. Гэвч үүнд намгийн талаарх тусгай зүйл, заалт байдаггүй. Усны сав газрын хамгаалалтын менежментэд намаг бүхий газрыг хамгаалах, түүнийг нөхөн сэргээх асуудлыг ч тусгаагүй. Хятад улс гэхэд л бохирдсон намгуудаа цэвэрлэхэд 850 сая ам.доллар зарцуулах тушаал гаргасан удаатай.
"Хүлэрт намаг хамгаалах стратеги төлөвлөгөө” төслийн зөвлөх Д.Энэбиш "Одоогоор энэ асуудал хүмүүст төдийлэн хүрч амжаагүй байгаа. Өнөөдрийн хурлаар л танилцуулсан гэхэд болно. БОАЖЯ-тай дунд шатны тайлан хэлэлцэж, үүнд төрийн бодлогыг хэрхэн яаж тусгах вэ гэдгийг танилцуулсан. Яамнаас эл асуудлыг соргог хүлээж авч, төлөв байдлын тайланд тусгана гэсэн. Цаашид судалгааны дүнг нэгтгэж, хүлэрт намгийг хамгаалах стратегийг бүх шатны байгууллагын менежментэд суулгах ажил бий. Байгаль хамгаалах 20 орчим хуульд зүйл, заалт оруулах хэрэгтэй” гэсэн юм.
ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД
2014 онд Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банканд хүсэлт тавьсан юм. Үүний дагуу тус банкны төлөөлөгчид ирж, БОАЖЯ-ны удирдлагууд тэргүүтэй талуудтай төслийн талаар уулзаж, харилцан зөвшилцөлд хүрсэн байна. Азийн хөгжлийн банк, Японы Ядуурлыг бууруулах сангийн тусламжаар хэрэгжүүлж буй "Монгол орны хүлэрт намгийг хамгаалах стратегийн төлөвлөгөө” төсөл өнгөрсөн оноос хэрэгжсэн. Энэ хүрээнд хүлэрт намаг бүхий зарим газар эдийн засгийн судалгаа явуулж иргэдийн чадавхыг нэмэгдүүлжээ. Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн иргэд намаг хамгаалах, түүнийг нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн байна. Үүнийг олон улсын намгийн байгууллагаас дэмжин, төсөл хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзлээ. Уг төсөл ирэх зургадугаар сарын 30-ныг дуустал хэрэгжих бөгөөд техникийн туслалцаа үзүүлэх ажил ыь намгийн менежментийг сайжруулах зорилготой гэв.
Монгол орны хүлэрт намгийн менежмент, нөхөн сэргээлтийг хангуулах төлөвлөгөөг боловсруулах шаардлага зайлшгүй. Ингэснээр байгаль орчны менежментийг сайжруулах, тогтвортой хөгжлийг дэмжихэд ихээхэн хувь нэмэртэй билээ.
Г.САЙНЗАЯА
[ЗГМ]