КУРТ КОБЕЙНИЙ 50 НАСНЫ ОЙ

1285

КУРТ КОБЕЙНИЙ 50 НАСНЫ ОЙ

 

Орчин үеийн хөгжим сонирхогчдын дунд "Нирвана” хамтлагийг мэд­дэггүй хүн хуруу да­рам цөөн биз ээ. Тэгвэл энэ хамтлагийг үүсгэн бай­гуулагч Курт Кобейн АНУ-ын Вашингтон мужийн Абердин хотод яг 50 жилийн өмнө, 1967 оны хоёрдугаар сарын 20-нд төржээ. Курт Кобейний төрөлх Абердин хот Вашингтон мужийн төв Сиэттлээс холгүй оршдог бөгөөд Америкийн орчин үеийн хөгжмийн ертөнц Нью-Йорк, Лос-Анжелес зэрэг томоохон хотын рок соёлыг шагшин магтдаг байснаас биш хаа холын Сиэттлийн дунд түгсэн гранж буюу орчуулбал  "хог хаягдал” хэмээн тоом­­жиргүй нэрлэсэн рокийн өвөрмөц урсгалыг төдийлөн сонирхдоггүй бай­сан нь мэдээж. "Нир­вана” хамтлаг энэхүү сонин содон гранж рокийг 1991 онд "Smells Like Teen Spirit” дуугаараа дэлхий даяар тунхагласан төдийгүй "Х” үеийнхний дуу хоолой хэмээн тоогдох болсон билээ. АНУ-д "Х” гэж "Бэйбибүүмер” хэмээх дэлхийн II дайнаас хойш тө­рөлт огцом өссөний да­раа буюу 1965-1979 оны хооронд төрөгсдийг нэрлэдэг.

 

"Бэйбибүүмер” үеийн­хэн "Битлз” зэрэг өөрийн шүтээнтэй байсан бол "Нирвана”, нэн ялангуяа тус хамтлагийн үүсгэн байгуулагч Курт Кобейн 1991 онд гарсан "Smells Like Teen Spirit” сингл, "Nevermind” цомгоороо поп од Майкл Жек­соны урд гишгэн биеэ тоогчид гэгдсэн "Х” үеийнхнийг шууд л араасаа дагуулсан гэдэг. Чухам "Нирвана”-гийн энэ амжилтын ачаар олон нийтээс тусгаар бай­сан "хонгил”-ын рок моо­­донд орж дэлхий даяар түгж эхэлжээ. Хэзээ ч жүжиглэдэггүй, сонин содон тайзны дүр үзүүлдэггүй, өдөр тутам өмсдөг хувцастайгаа л тайзан дээр гарч эрээн бараан амьдралыг гоёч­лолгүй хүүрнэн дуулдаг бай­сан Курт Кобейн гэ­нэт ниргэсэн нэр алдрыг тэвчиж чадалгүй 27 на­сандаа амиа хорлон ертөн­цийн мөнх бусыг үзүүл­сэн бөгөөд үүний дараа гранж рок уналтад ор­­сон ч "хонгил”-ын рокийн урсгал дэлхийд түгэх эхлэлийг тавьсан гэдэг.


Б.БАРС

ЗУУНЫ МЭДЭЭ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>