“Бид зээлдэг, харин ард түмэн төлчихнө” гэсээр байх уу ЭРХ БАРИГЧИД АА

730

“Бид зээлдэг, харин ард түмэн төлчихнө” гэсээр байх уу ЭРХ БАРИГЧИД АА

 

Олон сар дуншсан асуудал нэг тийшээ шийдэгдэж байх шиг байна. ОУВС-гаас зээл авч байж л эдийн засаг нь сэргэнэ гэж итгэсэн эрх баригчид санасандаа хүрчихлээ. Гэхдээ энэ санасан зоргоор хямдхан олдсонгүй.

 

Ард түмний нуруун дээр ТАТВАР хэмээх ачааг нэмсэн чанга хатуу болзолтой гурван жилийн ялыг л ОУВС-гаас өгч байгаа. Харин эрх баригчдад энэ төдийлөн сонин биш бололтой. Харин ч эдийн засгаа сэргээсэн нэрийдлээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ард түмнээсээ сайн дүн авах гэсэн улайрал болоод байх шиг.

 

Өмнөх засгийн газар "Чингис”, "Самурай”, Мазаалай” гээд л ёстой дураараа өр зээл тавьж байлаа. Гэхдээ энэ мөнгө ард түмэнд төдийлөн хүрсэн зүйлгүй дээгүүрээ идэж уугаад дуусссан гэж болно. Энэ дүр зургийг гэрчлэх мэт өчигдөр л гэхэд Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн асан "Фортуна” Н.Батбаяр хоёр "ААВЫН ХААЛГА” татчихлаа. Харин энэ их өр зээлийг хэн төлөх талаар асуухад тухайн үеийн Шинэчлэлийн засгийн газрын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бидний үр хүүхэд төлчихнө санаа зовох зүйлгүй гээд хээв нэг хэлж байсан санагдана.

 

Ийнхүү дөрвөн жилийн мөчлөгтэй засгийн газрууд ард түмний нуруун дээр ачаа үлдээж өр зээлээр дарсаар байх уу. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж саяхандаа энэ зээлийн талаар ихээхэн бухимдалтай үг хэлж байсан. Тэрээр "Дөрвөн жилийн засгийн газар болгон 5 тэрбум ам.долларын өр тавиад байя гэж бод доо. Дараачийнх нь тавина. Тэрний дараагийнх нь өмнөх нь тавьсан юм чинь бид тавина гэнэ. Ингээд ажил хийдэггүй, бүтээж босгодоггүй, хариуцлага байдаггүй, зээл аваад л замаас нь талыг нь гудраад л. Ингээд Эх орныг дуусгах юм болоод байна” хэмээн ширүүхэн шүүмжилсэн. Ёстой л Ц.Нямдорж хэлж байгаа болохоос үнэн үг л дээ.

\

Өнөөгийн үүсээд байгаа эдийн засгийн хямралыг ОУВС-гийн нарийн хараа хяналтан дор  "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болж байгаа. Гэхдээ энэ хөтөлбөрийн тухайд ард түмний халаас руу хэт гараа шургуулж хулгай хийх хөтөлбөр байгаад л бухимдал тээх хүмүүс цөөнгүй. Авдаг хэдэн төгрөгнөөс нь булаагаад байхаар хэн ч дургүйцэх нь тодорхой.

 

Ер нь ТӨРД ГАРЧ хувааж идээд, улсаа хямраасан нөхөд хариуцлага үүрэхгүй, жирийн иргэдийн халааснаас татварын бодлогоор өрөө төлөх гэж байгаа нь л бухимдал төрүүлнэ. Эцэст нь хэлэхэд хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд Монгол улс цааш хөгжихгүй л болов уу. ЕРӨНХИЙ САЙД. МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР АА.

 

 

Эх сурвалж: BOLOD.MN

ЧОЙ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>