|
Видео

Шинэ мэдээ

Дүүргүүдийн эрх мэдлийг хүч түрэмгийлэн булааж байсан Үүл баатар хаачив

Дүүргүүдийн эрх мэдлийг хүч түрэмгийлэн булааж байсан Үүл баатар хаачив

 

Баянзүрх дүүрэгт хачин юм болж, хуучин засаг дарга нь болох АН-ын Д.Пүрэвдагва гэгч суудлаа тавьж өгөхийг хүсэлгүй, намынхаа жирийн гишүүд дэмжигч иргэдийг турхираад өнгөрсөн долоо хоногийг үдлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд БЗД-ийн Засаг даргыг шинээр батламжилсан нь түүнийг ийн үймээн дэгдээхэд хүргэсэн. Хотын дарга С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Энхтайваны Бат-Амгаланг батламжилсан.

Гэтэл тахимаа өгч сураагүй БЗД-ийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа гэгч тийнхүү жудаггүй зан гаргаж, иргэдийг өдөөн турхиж, БЗД-ийн байранд жагсаал цуглаан зохион байгуулж, эмх замбараагүй байдал үүсгэсэн нь энэ юм.

Түүнийг АН-ын нийслэлийн хорооныхон "дэмжив”. Гэвч үнэн чанартаа АН-ын нийслэлийн хорооны хэн ч танихгүй Д.Нүрзэд хэмээх залуу хууль ёс ярьж суусан. Харин дарга нар нь нөгөө мундаг Э.Бат-Үүл баатар нар хаачив.

Үнэн хэрэгтээ Э.Бат-Үүл нар 2012 онд нийслэлд эрх баригч болоод орон нутгийн сонгуулийн дараа хүч түрэмгийлж байснаасаа ичээд гарч ирж элдэв мэдэгдэл хийж чадахгүй байгаа тухай олон нийтийн дунд яригдаж байна. Жагсаал цуглаан эмх замбараагүй байдал үүссэн газарт үүргийнхээ дагуу хамгийн түрүүнд цагдаагийн албан хаагчид очдог.

Энэ дагуу үүрэг авсан цагдаагийн албан хаагчид БЗД-ийн байранд очиход цугларсан иргэд цагдаагийн албан хаагчид руу сандал шидэж, үл мэдэгдэх нунтаг цацаж байгаа нь телевизийн камерт бичигдэн үлджээ.

Тэд яагаад цагдаагийн албан хаагчдыг ингэж доромжилж, дээрэлхэхийг оролдов оо. Д.Пүрэвдаваа гэгч сонгуулийн хууль зөрчиж, иргэдэд мөнгө тарааж байсан нь илэрсэн. Ийм байтал тахимаа өгч, ялагдлаа хүлээн зөвшөөрөхийн оронд жагсаал цуглаан зохион байгуулж байгаа нь олон хүний эрх ашгийг зөрчсөн үйлдэл боллоо.

Энэ ганц Д.Пүрэвдаваагийн асуудал биш, цаана нь БЗД-ийн хэдэн зуун мянган иргэдийн эрх ашиг зөрчигдөж, ажил хэвийн явах аргагүй болсон нь эмгэнэлтэй.

2012 онд АН-ынхан хууль зөрчин хүч түрэмгийлж байхад МАН-ынхан чимээ анир багатай хэсэгхэн эсэргүүцээд дуугүйхэн зайгаа тавьж өгч байлаа.

Тэр үед МАН-ын ялсан аймаг, дүүргийг Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нар шууд түрэмгийлэн эзэлж байлаа. Н.Алтанхуяг Дорнод аймаг, Говьсүмбэр аймгуудыг улаан цайм хүч түрэмгийлсэн.

Тэгвэл Э.Бат-Үүл ч мөн тийм арга барилаар ажиллаж билээ. 2012 оны 12 сарын 20-доор тухайн үеийн засаг дарга Э.Бат-Үүл хууль шүүхийн байгууллагаар далайлгаж МАН ялсан дүүргийн Засаг дарга нарыг томилохгүй гэж дарамталсаар МАН ялсан дүүргүүдэд өөрийн намын хүмүүсийг засаг дарга болгож байлаа.

Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын 41 суудлаас МАН 22-ыг авч олонхи болоод Р.Дагвыг Засаг даргаар сонгож, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд батламжилж өгөх хүсэлтээ хүргүүлсэн ч Э.Бат-Үүл "Би та нарын санал болгосон, танай намын хэн ч бай батламжлахгүй” гэж дарамталж байлаа. Тэгсээр Э.Бат-Үүл М.Чинболд гэгчийг Засаг ноёны суудалд залж байлаа.

Үүнийг эсэргүүцсэн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ынхны өөдөөс Э.Бат-Үүл "Та нар хэдий эсэргүүцээд яахав дээ. Хэвлэлийн бага хурал зарлана л биз. Тэр нь бидний нэр хүндэд муугаар нөлөөлнө л биз. Тэглээ гээд айх юмгүй. Би бүх хорооны Засаг дарга нарыг чинь халж хаяад оронд нь үүрэг гүйцэтгэгч томилно” гэж сүрдүүлж байсан гэдэг.

Ингэж дарамтлуулсан Сонгинохайрхан дүүргийн МАН-ынхан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй хэлэлцээрийн ширээнд суусан байдаг. Тэгээд дүүргийн Засаг даргаа Э.Бат-Үүлд найр тавин, ИТХ болон Тамгын газрын даргынхаа суудлыг өөрсдөө авахаар тохиролцож байсан аж.

Э.Бат-Үүл 2012 онд дараагийн даваанд Багануур дүүргийг амлаж авсан. Багануур дүүргийн хувьд МАН олонхи болж Засаг даргаар ажиллаж байсан Ц.Сандаг-Очирыг улираан томилсон. Гэвч мөн л батламжлаагүй бөгөөд түүнийг АН-ынхан гуталнаас эхлээд сандлаар хүртэл шидэж дарамталсаар суудлыг булааж билээ.

Ийнхүү АН-ынхан шууд хүч түрэмгийлэн дүүргийн засаг даргын суудлыг булааж байсан бол МАН-ынхан энэ удаа шүүхийн шийдвэрүүд гартал хүлээгээд асуудлыг шийдсэн гэх. Мөн АН-аас нэр дэвшиж ялсан зургаан хүн мөнгө тараасан нь батлагдсан учир ирэх 10 сард дахин сонгууль хийх тов гарчээ. Тэр үед АН-ынхан ялаад эрх барих эрхээ хууль ёсоор авах гарц нээлттэй гэнэ.

Гэвч Д.Пүрэвдагва гэгч ямар ч үнээр хамаагүй БЗД-ийг өөртөө авч үлдэхийг санаархаад амжилт олсонгүй.

Г.Самбаа

GEREG.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.