Дэнчингийн мөнгө хатуудаж байна гэв

687

Дэнчингийн мөнгө хатуудаж байна гэв

 

Монгол Улсын хүн амын тал хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн тоон мэдээ бий. Гэхдээ 1.5 сая орчим бүсгүйчүүдийн хэд нь төрийн алтан жолоо атгалцаж, улс орны асуудалд байр сууриа илэрхийлж чадаж байна вэ. Улс төрд эмэгтэйчүүд хэрхэн манлайлж оролцох ёстой вэ. Эдгээр асуултыг эрэлхийлсэн "Эмэгтэйчүүд ба улс төр” хэлэлцүүлэг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан мягмар гарагт Төрийн ордонд боллоо.

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "Эмэгтэйчүүд манлайлал” сантай хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн З.Нарантуяа, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, Ц.Оюунгэрэл тэргүүтэй улстөрчид оролцож, намын шинэчлэлийн хүрээнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний улс төрийн манлайллыг хэрхэн хөгжүүлэх зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцсан юм.

 

Энэ үеэр тэд өнгөрсөн дөрвөн жил хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр жинтэй шийдвэр гаргасан нь эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байсантай холбоотой хэмээн үзэж буйгаа хэлсэн юм. Гэхдээ сүүлийн үед хүний эрхийг зөрчиж, хуулийн дарангуйллын хэлбэрээр асуудлыг шийдэх, иргэдийн сонгох эрх чөлөөнд халдах гэсэн оролдлого нэлээд ажиглагдаж байгаа гэв. Үүнд эмэгтэйчүүд анхаарлаа хандуулж, идэвхтэй сөрөг хүчин байж, нийгмийн дуу хоолой болох шаардлага тулгарч байгааг онцоллоо.

 

УИХ-ын гишүүн асан М.Батчимэг "Ардчилсан нам бол бидний хамтын гэр. Намаа зөв шинэчилж авч явах нь өнөөгийн тулгамдсан асуудал болоод байна. Зөв явахгүйгээр бид улс орондоо шударга шинэчлэлийг авчирч чадахгүй. Ардчилсан нам зарчмын том алхмууд хийж чадсан гэдгээрээ Монголын улс төрд дараагийн шинэ салхийг хагалсан. Цашдаа зөв явахын тулд намын дүрмийг сайн боловсруулах ёстой. Хэсэг бүлэгт биш, нийт гишүүддээ үйлчилдэг дүрэмтэй болвол бодитой шинэчлэл болно. Үүний тулд эмэгтэйчүүд идэвхтэй оролцож, дуу хоолойгоо хүргэх шаардлагатай” гэлээ.

АН-ын бүлгийн эмэгтэйчүүд энэ дөрвөн жилд идэвхтэй сөрөг хүчин байна гэв Түүнчлэн намын дүрмийн шинэчлэлийн хүрээнд анхаарах нэг асуудал байгаа нь бүх шатны сонгуульд өндөр татвар ногдуулж байгааг ярих ёстой гэдэгтэй эмэгтэй гишүүд байр суурь нэгтэй байсан юм. Учир нь Ардчилсан намын гишүүн Үндэсний бодлогын хорооны гишүүн болохын тулд зургаан сая төгрөгийн татвар төлөх зохицуулалт намын үндсэн дүрэмд тусгасан аж. Энэхүү шалгуур нь эмэгтэй гишүүдийн хувьд хатуудаж байгааг учирлав.

 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн тавьсан илтгэл эмэгтэй гишүүдэд урам өгч байсныг дурдах нь зүйтэй. Тэрбээр улс төрд орох сонирхолтой манлайлагч эмэгтэйчүүд ямар зан чанарыг эзэмшиж, улс терд өөрийн дуу хоолойгоо хэрхэн хүргэж, байр сууриа бат бөх эзлэх вэ гэсэн үнэтэй сургамж өгсөн юм. Түүний зөвлөснөөр эмэгтэй улстөрчид бусдын төлөө түрүүлж алхам хийдэг, дуугардаг байх хэрэгтэй. Хамгийн гол нь дуу хоолойгоо бусдад хүргэж чаддаг байх ёстой. Олны өмнө гарч үг хэлэхэд таны хоолой зангирч, өвдөг чинь чичирч магадгүй. Гэхдээ шантралгүй, олон удаа тайзан дээр гар. Дууныхаа өнгийг зас. Үгийн баялгаа нэмэгдүүл хэмээсэн нь бусдадаа урам хайрласан үнэтэй сургамж байлаа.

 

Эцэст нь, хэлэлцүүлэгт оролцсон Ардчилсан намын шат шатны эмэгтэй гишүүд намын шинэчлэлийн хүрээнд хэрхэн хамтарч ажиллах, ирэх дөрвөн жилд идэвхтэй сөрөг хүчин байж, дуу хоолойгоо хүргэх, дараагийн том амжилт өөд хамтдаа зүтгэхээр санал нэгдсэн юм.


[ЗГМ]

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>