|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 10:57
Өчигдөр, 09:40

Баабар: “Бүгдийн мэдэж байгаа юман дээр шүүх гоомой шийдвэр гаргавал Шүүх инстүүцийн нэр унадаг юм”

Баабар: “Бүгдийн мэдэж байгаа юман дээр шүүх гоомой шийдвэр гаргавал Шүүх инстүүцийн нэр унадаг юм”

 

Нийтлэлч Баабар гэхээр монголчууд андахгүй. Түүнийг Ардчилсан намын түүхийг бичилцсэн, басхүү туг нь болж явсан гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Өнгөрсөн 27 жилийн түүхэнд монголын төрийг баригч хоёр том хүчний нэг АН-ын дуу хоолой болж явсан түүнийг намын дарга С.Эрдэнэ нь шүүхэд өгсөн аж.

 

Тэрээр энэ тухайгаа "Бид тогтолцоогоо нураагаад эхэллээ” нийтлэлээрээ дамжуулан С.Эрдэнэ даргадаа уламжлалжээ. Тодруулбал: "Баянголын гэх Эрдэнэ намайг шүүхэд өгчээ. Өөрийнх нь нэр төрийг гутаасан учир тэрийгээ сэргээлүүлж надаар уучлал гуйлгуулах гэнэ. Баянгол дүүргийн шүүхэд дуудсан ёсоор очиж шүүхийн туслагчтай нь уулзлаа. "Бүгдийн мэдэж байгаа юман дээр шүүх гоомой шийдвэр гаргавал Шүүх инстүүцийн нэр унадаг юм” гэж зөвөлсөн. Харин шүүх удалгүй миний биеийг Эрдэнийн нэр төрийг гутаан гүтгэсэн гэж дүгнээд уучлал гуйх шийдвэр гаргав. Энэ бол гомдол гаргагчийг өө сэвгүй, ариун цагаан нэгэн гэж шүүх албан ёсоор баталж буй хэрэг.
    
Магадгүй гомдол гаргагч шүүгчийг хахуульдсан байж болно, магадгүй шүүгч алт мөнгө хараад биеэ барьж чадаагүй байж болно, магадгүй шүүгч хар зөнгөөрөө намайг үзэн яддаг байж болно, гэвч энэ бол шүүх инстүүцийн шийдвэр юм. Шүүгч хичнээн сүбъектив шийдвэр гаргасан ч бай, түүгээр төлөөлөгдсөн шүүх инстүүцийн шийдвэр мөн. Буруутгагдсан этгээд шүүхийн шийдвэрт гомдож болно, эсэргүүцэж давж заалдаж болно, дургүйцлаа нийтэд илэрхийлж болно, гэвч иргэн бүр шүүхийг хүндэтгэж шийдвэрийг нь биелүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр надад таалагдаагүй ч  шүүхийг хүндэтгэх үүднээс би хэвлэлээр уучлал гуйсан. Чухам үүнд л ардчилсан тогтолцооны мөн чанарын гол тулгуурын нэг оршино. Хуулийн дор нийгэм оршихуй.” хэмээсэн нь нам доторх асуудал нь савнаасаа сагаж эхэлснийг гэрчлээд байх шиг.

 

Ер нь АН-ын шинэ дарга С.Эрдэнийг тойрсон асуудлууд ундарсаар... зарим гишүүд нь түүнийг Баянгол дүүргийг барьсан шигээ Ардчилсан намыг хувьчлахаар улайрч байгаа тухай ч шуугих боллоо. Үнэхээр энэ байдал үнэн бол Ардчилсан нам удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН+МАХН хоёр шиг салж сарнин барын ам руу орох болчихооод байна.  

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.