МОНГОЛЫН АНХНЫ ДОЛЛАРЫН ТЭРБУМТАН Ж.ОДЖАРГАЛ

617
 
 

Монголчууд сүйхээтэй сэргэлэн нэгнээ "Суусан газраасаа шороо атгадаг хүн” хэмээн нэрийддэг. Энэ үгийг бодит биелэл болгосон эрхэм бол MCS группын захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал юм.

Олон залуус Ж.Оджаргал шиг бизнесмэн болохыг битүүхэн мөрөөддөг биз ээ. Тэрээр аливаа боломжийг хүлээх бус харин бий болгож чаддаг, жинхэнэ бизнес сэтгэлгээтэй лидер.

Түүний үүсгэн байгуулсан MCS буюу Mongolian consulting service компани татвар төлөлтийн хэмжээгээр хувийн хэвшлийг тэргүүлдэг. Өнгөрсөн 2015 онд 200 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж, 76 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дотоодын 3000 аж ахуй нэгжээс 389 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ худалдан авсан дүнгээс нь харж болно. Тус групп өдгөө 7600 хүнийг байнгын ажлын байраар хангаж эрчим хүч, уул уурхай, харилцаа холбоо, ноос ноолуур, барилга, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зэрэг олон салбарт ажилладаг 50 гаруй охин компанитай хүчирхэг "вант улс” болон оршин тогтнож байна. Түүний бизнес 1993 оноос эхтэй.

Одоогоос 13 жилийн өмнө consulting буюу зөвлөх үйлчилгээ манайд нэвтрээгүй байлаа. Чухам тэр үед Ж.Оджаргал энэ төрлийн компани байгуулахаар сэтгэл шулуудсан ч түүнийг дэмжих нь битгий хэл ойлгох хүн маруухан байв. 1991 онд Киев хотын Политехникийн дээд сургуульд кибернетикийн мэргэжил эзэмшсэн цэл залуухан Ж.Оджаргал Эгийн голын усан цахилгаан станцын төслөөс ажлын гараагаа эхлээд байв. Тус төсөлд Швейцарийн Элекртоватт компанийн мэргэжилтнүүд зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд энэ үед л түүнд consulting-ийн компани байгуулах санаа төрсөн гэдэг. Тухайн үед Цюрих хотод байрлах Элекртоватт компанид хэдэн сар ажилласан нь хувийн бизнесээ эхлүүлэхэд олон талын туршлага хуримтлуулах боломж бүрджээ. Ингээд 1993 онд зориг шулуудан шууд л ажлаасаа гарч гурван найзынхаа хамт MCS компаниа байгуулсан байна. Тэр үед эмэгтэйчүүдийн баяр болж таарсан учраас оргилуун дарс оруулж ирж борлуулсан нь нэлээд ашигтай байж. Түүнээс хойш ажил нь оргилуун дарс шиг оргилж эхэлсэн гэлтэй. Хамтран ажиллаж байсан найз нартайгаа зөвшилцөж цаашид хоёр нь тусдаа гарч бизнес хийхээр болов. Тэдний нэг нь Жаст компанийн үүсгэн байгуулагч Ш.Батхүү юм. Харин Ж.Оджаргал найз Бямбадоржийнхоо хамт анхны санаа болох consulting-аа сонгосон байна. Тэд Дэлхийн банкныханы хараанд өртөж анхны ажлаа авсан нь, 5000 ам.долларын санхүүжилттэй эрчим хүчний төсөл байв.

Тэрээр аливаад үнэхээр мэдрэмжтэй ханддаг. Тиймдээ ч анх жижигхэн өрөөнөөс бизнесээ эхлүүлэхдээ оффисын тавилга хэрэгтэйг ойлгож Сингапураас тавилгаа оруулж ирдэг Анун ХХК-аа байгуулсан юм. Мөн компьютер, тоног төхөөрөмж борлуулалтын М-Си-Эс Электроникс компанийг байгуулж тухайн үед Монголын зах зээлд эрэлт ихтэй ч нийлүүлэлт дутмаг байсан бараа бүтээгдэхүүнүүдийг импортлох болжээ. Түүнчлэн өргөн хэрэглээний барааны зах зээлд дэлхийд алдартай "Procter & Gamble”-ийн бүтээгдэхүүнийг дотоодод нийлүүлэх "Анунгоо” компанийг байгуулсан.

Мөн Монголын аль л гайгүй үндэсний хөрөнгө оруулагчдыг нэгтгэн Энержи ресурс ХХК-ийг байгуулаад 2010 оны 10 дугаар сард "Мongolian Mining Corporation” нэрээр Хонгконгийн Хөрөнгийн Биржээс 900 сая ам.доллар босгож байлаа. 2011 онд Ухаа худаг аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд Монгол инженерүүдийн ур ухаан, оюуны хүчээр боссон анхны цахилгаан станц, анхны нүүрс баяжуулах үйлдвэр болон ус хангамжийн систем, хүнд даацын авто зам зэрэг бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэж ашиглалтанд оруулсан.

Энержи ресурс компанийн 450 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай нүүрс баяжуулах үйлдвэр Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг танихын аргагүй өөрчилсөнийг хэн хүнгүй мэднэ. Түүний үүсгэн байгуулсан MCS группын Монголд оруулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг энд дурдах нь илүүц болов уу. Тус групп сүүлийн зургаан жилийн хугацаанд улсад 1.3 их наяд төгрөгийн татвар төлсөн нь боловсролын салбарт ажиллаж буй нийт 27 мянган багшийн цалинг долоон жилийн турш тавих мөнгө юм. Мөн 318 мянган хүний 20 сарын турш авах тэтгэврийн хэмжээтэй дүйцнэ гээд бодохоор тус групп Монголд зөвхөн татварт ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгааг харуулах биз ээ.

Ж.Оджаргалын нэг онцлог нь зөвхөн Монголдоо бус гарч сэтгэж чаддагт оршино. Тиймдээ ч дэлхийд зартай Шангрилла зочид буудлын сүлжээг нэвтрүүлж чадсан. Тэрээр энэ тухайгаа "Миний хувьд Монгол орныг хөгжүүлэх гол салбаруудын нэг бол аялал жуулчлал гэж боддог. Тиймээс бид гадны жуулчдыг эх орондоо ирүүлэхийн тулд тэдэнд ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Бид таван одтой, дэлхийд алдартай зочид буудлыг оруулж ирж, томоохон асуудлыг нь шийдвэрлэсэн. Харин бусад компаниуд бусдыг нь шийдэх биз. Ийм хэмжээний зочид буудал байгуулахад маш их хөрөнгө мөнгө орсон. Мэдээж олон улсын хөрөнгийн биржээс мөнгө босгосон. Ойрын 10 жилийн дотор үр шимийг нь хүртэхгүй байх. Ямартай ч Шангрилла зочид буудлын сүлжээ олон улсад Монгол орныг өдөр бүр сурталчилж байгаа. Энэ хэрээр Монголыг үзээгүй дэлхийн баячууд манайд ирнэ шүү дээ” гэж ярьсан байдаг.

Эрсдэлгүй бизнес гэж үгүй. Харин эрсдэлээс айгаад хойш сууснаар амжилтанд хүрэхгүй. Тиймээс Ж.Оджаргал үргэлж урагш тэмүүлдэг. Түүнд өнгөрсөн хугацаанд  алдсан үе бий. Тэрээр 1995 онд алтны шороон ордод хөрөнгө оруулалт хийсэн нь амжилтгүй болж долоон сая төгрөгөөр шатсан удаатай. Гэхдээ тэрээр өөрийгөө үргэлж зоригжуулж ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж улс орондоо ихийг хийж бүтээхийг зорьдог нь хэвлэлд өгсөн ярилцлага бүрээс нь тод харагддаг.

Ноён Ж.Оджаргалын "Бид Монгол хүмүүс учраас улс орны хөгжилд хэрэгтэй, бусад компаниудын хийж чадахгүй байгаа төслүүдийг зоригтойгоор авч хийдэг” хэмээн хэлж байсан.

Хэдийгээр түүний талаар сөрөг мэдээллүүд бишгүй байдаг ч өөрийн хүчээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн амжилтын түүх нь олон залууст үлгэр дуурайлал болдог. Түүний үүсгэн байгуулсан MCS групп эх орныхоо хөгжилд нэмэр болсон олон бүтээн байгуулалт хийх биз ээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>