Монголчуудын тамын тогооны үлгэр ба Монголын гадаад нэр хүнд хөөрхий

666

Монголчуудын тамын тогооны үлгэр ба Монголын гадаад нэр хүнд хөөрхий

 

Одоогоос яг сарын өмнө Монгол Улс ОУВС-гийн тусламжийн хөтөлбөрт хамрагдсан. Долоон төрлийн татварыг нэмж, үргүй зардлаа "үс ч үгүй” арилгах, айл гэр, улсаараа бүсээ чангалах хатуухан болзолтой хөтөлбөрт хамрагджээ. Эм гашуурах тусам эдгээх чанар нь сайн гэдэг шиг өмнөх шигээ задгай тансаглаж яваад энэ хямралыг гэтэлнэ гэж юу байхав. Өвдөж, гашуу оргиж таарна. Тэглээ гээд тэвчих л хэрэгтэй болж байна.

Энэ хөтөлбөрийг авсны буянаар энэ сарын 21-нд төлөх ёстой байсан 580 сая ам.долларын өрийг хэд хоногийн өмнө шийдчихээд сууж байна, бид. Дараа дараагийн санхүүгийн тусламжийг зөв зохистой зүйлд зарцуулахаар Засгийн газар, Монголбанк тун ч шахуу ажиллаж буй ажээ.

Нэгэнт хариуцлага хүлээж баахан зээл тус­ламж авч байгаа хойно монголчууд бид ОУВС-гийн өмнө нэлээдгүй үүрэг хүлээсэн. Энэ бүхнээ гүйцэлдүүлэхийн тулд эхлээд УИХ-ын ээл­жит бус чуулганыг өнөө маргаашгүй хуралдуулж, төсвийн тодотголыг хийх ёстой. Үнэндээ энэ бол сарын өмнө хөтөлбөрт хамрагдахдаа манай дарга нарын хэлж байсан үг. Нэг сар өнгөрлөө. Ээлжит бус чуулганы сураг ч алга. Эхэндээ төдийд, өдийд гэж барим тавим товлосон хугацаа Төрийн ордноор яригдаж байснаа өнөөдөр бүр таг чиг болов. Хаврын чуулганаар нэгмөр шийдье гэж байгаа гэж нэгэн албан тушаалтан бас хэлээдхэв.

 

УИХ ээлжит бус чуул­ган зарлахгүй байгаагаа "...Одоо зарлавал гишүүдийн ирц хүрэхгүй” гэж тайл­бар­ласан байна. Арга ядар­сан, арай ч дээ гэмээр тайлбар шүү.

 

Хэн нэгнийг халах солих, Ерөнхий сайдыг огцруулах эсэх, "Эрдэнэт үйлдвэр”-ийг төрд авах эсэх талаар хэлэлцэхэд мань завтай үедээ чуул­ганд суудаг нөхөд хүртэл ир­чихсэн бараг 100 хувийн ирцтэй сууж байдаг сан. ОУВС-гийн хөтөлбөрт баг­таж төсвийн тодотгол хийхээр болсон нь дээр­хүүдээс хувь илүү ач хол­богдолтой асуудал бай­маар. Гэвч эрхэм гишүүдэд энэ хамаагүй ажээ. Хаврын чуулганыг нээтэл гүрийх нь тодорхой болчихлоо.

 

ОУВС одоо манай улсыг анхааралтай ажиглаж байгаа. Юмаа өгсөн юм чинь анхаарч харахаас ч аргагүй юм. Энд Засгийн газар, Монголбанк нь хө­төл­б­өрийг үр дүнтэй хэрэг­жүүлэх гэж чар­дайгаад, харин УИХ нь хуралдаж төсвөө тодот­голгүй гүрийгээд байгааг тэд мэдэхгүй. Томоороо Монгол Улс гэдэг нэр л гарна. Анх хөтөлбөрт хам­рагдах гэхдээ юу юу гээд байлаа даа л гэнэ. Хүлээ­сэн үүргээ ажил хэрэг болгох алхам нь хууль тогтоох байгууллагаас хамааралтай байхад "ирц хүрэхгүй нь” гэдэг илтэд амиа хоохойлсон хулхи тайлбарыг Олон улсын байгууллага яаж хүлээж авч байгаа бол. Ер нь үүнээс болж үүсэх үр дагаврын тухай эрх баригчдад ямар нэг аргаар ойлгуулахгүй бол бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн ганцханыг ч элээ­гээгүй байхдаа юу юу ч болгочихов доо.

 

Намрын чуулганы сүүлчийн өдөр дайрсаар байгаад "Монголын зэс корпораци”-ийн ОХУ-аас худалдаад авчихсан "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авлаа гэх тогтоолыг баталсан. Түүнээс хойш энэ асуудал бас л таг чиг. Уг тогтоолын дагуу бол "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авах ажлыг Засгийн газар хариуцаад ажиллах ёстой юм билээ. Ер нь бол УИХ ийм тогтоол гаргасан нь гадаад ертөнцөд бас л таагүй мэдээлэл цацаж байгаа. Баргийн юманд анхаарал хандуулдаггүй, тийм зав ч үгүй ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров манай Гадаад харилцааны сайдаас "Эрдэнэт үйлдвэр”-ийн талаар лавлаж асуусан байгаа юм. "...Танайд Эрдэнэтээс болоод асуудал үүсээд байна уу үгүй юу” гэж. Түүнд ийм л мэдээлэл очсон хэрэг.

Ер нь бол "Монголын зэс корпораци”-ийнхан гурван жилийн турш хөлс хөдөлмөр, оюун ухаан, хөрөнгө мөнгөө зарж байж ОХУ-тай гэрээ байгуулж, "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг "чирээд” ирсэн байгаа юм. Гэтэл авчирсан хойно нь эрх баригчид бөөнөөрөө хуралдаж суугаад л "Төрдөө авна” гэдэг шийдвэр гаргачихсан. Уг нь тэр 49 хувийн эзэн ОХУ чинь Монголын төрд биш "Монголын зэс корпораци”-д л худалдсан юм.

 

Зүгээр л жишээ. Таныг хамаг байдгаа шавхан байж таалагдсан машинаа худалдаж аваад унаад гэртээ очтол дүүргээс, эсвэл сумын захиргаанаас дарга нь давхиж ирээд Дүүргийн, сумын хөрөнгө болгоно. Хурааж авлаа гэвэл юу болох вэ. Өгөхгүй нь тодорхой биз. Жишиж л байгаа болохоос ийм л юм болоод байгаа юм.

 

Ерөөс энэ бүхнээс үүдэн Монгол Улсын минь гадаад нэр хүнд л шалдаа бууна. Хөрөнгө оруулагчид хэдэн жилийн өмнөөс үргэж дайжаад алга болсон. Явсаар ОУВС ч тоохоо боливол яана. Дээрээс нь хойд хөршийнхөн юу гэж байгаа бол. Улсынхаа баялгийг авъя гээд хэдэн жил гүйгээд байхаар нь үнэ тахирч гэрээлээд өгчихсөн чинь нутагтаа очоод төрдөө булаалгачихлаа л гэж харж байгаа. Үнэн нь тэр юм л даа. Зөвхөн энэ хоёр ч бус өөр бусад нь үнэлж дүгнээд эхэлсэн л байна.

 

Монгол дахь Америкийн Худалдааны танхимын Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Жэй Лиотта "...Яаж нэг зүйл тухайн нэг Засгийн газар, парламентын үед хуульд нийцэж байснаа өөр нэг засгийн үед хуульд нийцэхгүй болж болох юм бэ. Би зөвхөн "Эрдэнэт”-ийн талаар яриагүй байна. Хууль бол ямар ч цаг үед тогтвортой байдлаа хадгалах ёстой” гэсэн байна. Түүнчлэн "Ройтерс” агентлагийн сурвалжлагч Террэнс Эдвардс "...Санаа зовоож байгаа нэг асуудал нь парламент цагдаа, шүүгч болон гэрчийн үүргийг өөрөө гүйцэтгэж байна. Энэ асуудал шүүхээр шийдвэрлэгдэх ёстой байсан ч яагаад тэгээгүйг нь гайхаж байна” гэжээ. Энэ мэтчилэнгийн жишээг хэдэн арваар нь харж болохоор болоод байгаа юм. Эцэст нь, болж өнгөрсөн зарим үйл явдал, тодруулбал ОУВС-гийн гэрээний дараах нөхцөл байдлаа хэрхэн бүрдүүлж байгааг, "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авах ажиллагаа хэрхэн явагдаж буйг гадаад ертөнц харж байна. Цааш хэрхэн үргэлжлэхийг ч ажиглаж байгаа. ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн яаж хэрэгжүүлж, эхнээсээ нэг л бүтэхгүй маягийн тайлбар тавиад ааг зоог гээд байгааг анзаар ч байгаа. Харин энэ бүхэн буруу тийшээ явбал бид Монгол Улсын гадаад нэр хүнд гэх хэзээ ч эргэж төлждөггүй үнэт зүйлээрээ төлж барагдуулна.

 

Монголчуудын байдаг тамын тогоонд манаач хэрэггүй гэдэг нэг онигоо шиг юм байдаг даа. Яагаад гэвэл тамын тогооноос гарах гээд авирсан нэгийгээ татаж унагаад дээш нь гаргадаггүй учраас  тэр. Яг үүн лугаа адил үйл явдлууд Монголд өрнөж байна. Тавантолгойг хөдөлгөнө гэж ярьсаар  арван жил боллоо. Тавантолгой руу орж чадаагүй  нь "...Би яагаад байж болдоггүй юм” гэж атаархаад унагаж явсаар өдийг хүрч байгаа юм. Энэ нь "Эрдэнэт” дээр давтагдаад л явж байна. Одоо болохоор Тавантолгойд хөрөнгө оруулах магадлалтай урд хөршийн том компани Монголд ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээж байгаа гэх маягтай мэдээлэл гарч байна. гэж байгаа. Яг энэ маягаараа тамын тогоондоо зодолдоод  байвал Монгол руу хэн мөнгөө барьж ирэх вэ гэдгийг 65-ын бүлэг ул суурьтай ярих цаг болжээ. 

 

 

Б.ДАМДИН-ОЧИР /ЗУУНЫ МЭДЭЭ/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>