АРИЛЖААНЫ БАНКУУДЫН САХИЛГА БАТЫГ САЙЖРУУЛАХ АМЛАЛТАНДАА ЭЗЭН БОЛОХ УУ

845

АРИЛЖААНЫ БАНКУУДЫН САХИЛГА БАТЫГ САЙЖРУУЛАХ АМЛАЛТАНДАА ЭЗЭН БОЛОХ УУ


 

"Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкуудад 9 хувийн хүүтэй байршуулж байсныг 15 хувь болгож өсгөлөө”... Сүүлийн үед энэ мэдээлэл хэвлэл мэдэаллийн хуудаснаа олонтаа харагдах болсон. Тэр дундаа "Есөн хувь байсан хүүг 15 хувь болгож өсгөснөөр Нийгмийн даатгалын сангийн орлого 36 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн” гэдэг мэдээллийг ч уншигч та лавтайяа анхааран уншсан байж таараа. Учир нь энэ бол арилжааны банкуудын хүүгийн зөрүүн дээр хэрхэн тоглож, түүнээсээ хэр хэмжээний ашиг олж чаддагийн бодит баримт. Хэдийгээр арилжааны банкны үйл ажиллагаа зах зээлийн зарчмаар явах ёстой ч гэлээ эргээд шударга зарчим, бодит хүүгээ тогтоож байна уу гэдгийг хэзээ ч иргэд ч, төр ч анхаарлын гадна үлдээж болохгүй гэсэн үг. Үндсэндээ энэ бол арилжааны банкуудын активын үнэлгээг шинэчлэн хийх ёстой гэсэн Олон улсын валютын сангийн шаардлага бодитой гэдгийг харуулж байгаа хэрэг. Ямар ч хүүгийн өрсөлдөөн байхгүй. Шууд өөр хоорондоо харилцан тохиролцох замаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг есөн хувь болгон бууруулсан учраас тэр.

 

Эндээс мөн л тэтгэврийн зээлийн хүүг 18 хувь байсныг 15 хувь болгож бууруулсан ХААН болон Төрийн банкны шийдвэр байна. Арилжааны банкуудтай салбар хариуцсан яам нь чамгүй хугацаанд санал солилцсны эцэст асуудлыг шийдсэн. Харин үүнийх нь араас бусад банкууд тэтгэврийн зээлийн хүүгээ бууруулж эхэлсэн. Тэгэхээр эндээс зээлийн хүүг бууруулах бодит боломж арилжааны банкуудад байгаа нь харагдана.

Тэр дундаа хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны хоёрдугаар сарын эцэст 1052.1 тэрбум төгрөгт хүрч, чанаргүй зээл өмнөх сарынхаас 12.4 хувиар өссөн байхад эргээд харилцагчдадаа ирэх дарамтыг бага ч атугай хөнгөлөх замаар өөрсдийн эдийн засгийн эргэлтээ хурдасгах бодит шаардлагатай арилжааны банкууд тулгарч эхэлсэн гэдэгтэй маргах хэрэггүй болов уу. Нэгэнт бодит жишээ, бодит үр дүн байгаа тохиолдолд шүү дээ.

 

Гол нь үүнийх нь цаана арилжааны банкны дангаар ноёлох, Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь удирдах сонирхолоо ажил хэрэг болгох олон салаа бизнес цэцэглэсэн гэдгийг эдийн засагчид, судлаачид хэлдэг. "Банк зөвхөн банкныхаа бизнесийг л хийх ёстой” гэдэг зөвлөгөө бол тэдний эн тэргүүний үг. Гэтэл арилжааны банкууд салбартаа тоглох бус уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээ, хэвлэл мэдээллийн чиглэлээр гээд бүхий л хүрээнд бизнесийн үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл үүнийх нь үр дүнд жишээ нь Хадгаламж банк дампуурлаа зарлаж байсан түүх саяхных. Тус банкны хөрөнгө оруулагч нь уул уурхайн салбарт бизнес эрхлэхийн тулд банкнаасаа 160 тэрбумыг төлбөр тооцоонд тушаачихсан. Үүнийх нь балгаар Монголд эдийн засгийн нөлөөгөөрөө хоёрт бичигдэж, 300 тэрбум төгрөгтэй тэнцэх активтай гэдгээ зарлаж байсан Хадгаламж банк төлбөрийн чадваргүй гэдгээ зарласан. Тэр дундаа өөрийн хөрөнгөөс хол давсан зээл авсныг нь тухайн үеийн Монголбанкны удирдлагууд мэдэж байсан төдийгүй хоёр жилийн турш нууцаар дэмжлэг үзүүлсэн гэдгээ тайлбарлаж байсан. Хэдийгээр энэ үйл явдал 2013 оны үйл явдал ч гэлээ арилжааны банкны эздийн эзэрхийллийн ард иргэд ч, төр ч хохирч үлддэгийн бодит жишээ нь энэ юм.

 

Тийм учраас л Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Сангийн яам, Монголбанкны төлөөлөлтэй хийсэн олон удаагийн уулзалтынхаа үеэр "Арилжааны банкнуудын үйл ажиллагааны чиглэлийг хязгаарлах, тодорхой болгох хэрэгтэй. Эдийн засагт хэт их нөлөө үзүүлж байна” гэдэг зөвлөмжийг өгсөн байж таараа. Үүнийгээ хэлээд зогсохгүй ажил хэрэг болгож, эхний ээлжинд арилжааны банкнуудын активын үнэлгээг олон улсын нэр хүнд бүхий компаниар хийлгэх ёстой гэсэн шаардлага тавьсан. Тэгвэл энэ асуудлаар өчигдөр Монголбанкны удирдлагууд арилжааны банкны гүйцэтгэх уцирдлагуудтай уулзаж ярилцсан сурагтай. Түүнчлэн ирэх сарын 1-нээс эхлэн хадгаламжийн хүүгээс татвар авах санал хэрэгжиж эхэлнэ. Өнөөдрийн байдлаар татвар хийгээд хадгаламжийн хэмжээг хараахан тодорхойлоогүй байгаа ч Олон улсын валютын сангийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах зорилгоо мартаагүй л бол дээрх хоёр шийдвэрийг ажил хэрэг болгох ёстой. Тэр тохиолдолд манай улс эхний ээлжинд ядаж л Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаанд үнэнд гүйцэтгэж, үгэнд нь орж ажиллана гэдгээ батлах баталгаатай болох биз ээ. Ядаж л сахилга батыг нь сайжруулахгүй бол Монгол Улс бүхлээрээ дампуурч ч мэднэ гэдэг зөвлөмж нэг бус нэлээдгүй олон хүнээс, тэр дундаа тусламж өгөхөө мэдэгдсэн ОУВС хүртэл сануулсаар байхад шүү дээ



Г.ЭНХЛЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>