|
Видео

Шинэ мэдээ

Жижиг зөрлөгийн том боломж буюу Монголын нүүрс Тяньжинд газардав

Жижиг зөрлөгийн том боломж буюу Монголын нүүрс Тяньжинд газардав

 

Олон-Овоо өртөөнөөс хөдөлсөн галт тэрэг 4-5 хоногийн дараа Тяньжиний боомтод хүрнэ. Улмаар Монголын уур уурхайн салбарт шинэ хуудас нээж буйд нүүрс экспортлогч компаниудын төлөөлөл олзуурхаж байна. Энэ завшааныг ашиглан Тяньжиний боомтоор дамжуулан Өмнөд Хятадын хэрэглэгчдэд нүүрсээ нийлүүлнэ.

 

Цаашлаад Япон, Солонгос тэргүүтэй гуравдагч оронд түүхий эдээ худалдаалах хэлцэл хийж буйгаа "Штайн коле” компанийн Д.Эрдэнэдалай хэлсэн. Тус компани энэ жил урд хөршийн түншүүддээ 2.5 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээтэй ажиллааж байгаа гэнэ. Харин "Чингисийн алт” компанийн дэд захирал А.Даваажав дэлхийн зах зээлийн үнийг онцолж байлаа. Энэ онд 600 мянган тонн буюу 9400 вагон нүүрс экспортлох гэрээг урд талын түнштэйгээ хийсэн бөгөөд 28 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц валютын орох урсгал гэсэн үг. Үүнээс 4.2 тэрбум төгрөгийн татварыг Монгол Улсад төвлөрүүлж, УБТЗ-д 9.4 тэрбум төгрөгийн тээврийн зардал төлөх тооцоог танилцуулав. Өмнө нь дээрх компаниуд нүүрсээ Эрээн рүү 350 юаниар худалддаг байсан бол одоо Тянь Жиний олон улсын биржид 600 юань буюу нийлүүлж эхэллээ.

 

ЖИЖИГ ЗӨРЛӨГИЙН ТОМ БОЛОМЖ

Олон-Овоо өргөө, дорнын талд гарын арван хуруунд тоологдох саарал байшин шовойж, УБТЗ-ын хэдхэн ажилтан харагдах жижигхэн зөрлөг байсан цаг саяхных. Тэгвэл өнөөдөр нүүрсээ төмөр замаар тээвэрлэх "монгол мөрөөдөл”-ийн эхлэл тус өртөө болж өргөжсөн байна. Өнгөрсөн оны III улирлаас БНХАУ-ын зах зээл дээр нүүрсний үнэ огцом өссөнөөр төмөр замаар тээвэрлэх захиалга эрс нэмэгдсэн гэдгийг өртөө ажилчид онцолж байлаа. Компаниудаас хоногтоо 200-300 вагон нүүрс ачуулах захиалга ирэх болсон нь тус өртөөг өргөтгөх шаардлага болжээ.

 

Тиймээс УБТЗ-ынхан, хувийн хэвшилтэй хамтран харьцангуй богино хугацаанд ачиж, тээвэрлэх терминал байгуулж чадсан талаар тус нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа танилцуулсан юм. УБТЗ-ынхан 20 хоногийн хугацаанд нэг дор 28 вагон зэрэг ачих чадалтай терминал ажиллагаанд оруулсан байна. Ингэснээр өдөрт 150 вагон нүүрс ачих хүчин чадалтай болсон. Өнгөрсөн онд тус өртөөнөөс БНХАУ руу 2847 вагон буюу 189 мянган тонн нүүрс ачиж байсан бол энэхүү терминал ашиглалтад орсноор зөвхөн энэ оны эхний хоёр сард 3780 вагон буюу 249 мянган тонн нүүрс ачсан үсрэнгүй статистик харагдаж байгаа юм. Энэ нь Олон-Овоо өртөөг өргөтгөх ажлын эхний хэсэг бөгөөд дараагийн үе шатанд вагон жин, гаалийн бүрэн тохижилттой хяналтын талбай, зам талбайн өргөтгөл, ажилчдын байр зэргийг 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулах аж. Өргөтгөлийн дараагийн хэсгийг ирэх зургадугаар сарын 15-нд хүлээлгэн өгөх гэдгийг Зам, тээврийн хөгжлийн тээврийн сайд Д.Ганбатад Д.Жигжиднямаа дарга тайлагналаа. Терминал бүрэн хүчин чадлаараа ажиллах үед хоногт 300 хүртэл вагон нүүрс ачиж, ганцхан сарын хугацаанд ес орчим тэрбум төгрөгийн орлого УБТЗ-д орох бодомж бүрдэх гэнэ. Олон-Овоот өртөөнөөс 20 гаруй километрт байрлах Алаг толгойн нүүрсний бүлэг ордоос дөрвөн компани олборлолт явуулдаг. Тус бүрдээ 10 сая тоннын нөөцтэй гурван уурхайн үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр өртөөний үйл ажиллагаа өргөжих ийнхүү өргөжжээ. Мөн тус өртөөтэй бөөр нийлүүлэн сүндэрлэж буй жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай МАК-ийн "Хөх цавын цементийн үйлдвэр” үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болсон. Тус үйлдвэрээс гарсан цемент ч төмөр замаар дамжин эцсийн хэрэглэгчиддээ хүрэх нь дамжиггүй. Энэ хэрээр ажлын байр нэмэгдэнэ. Үүнийг дагаад ажилчдын нийгмийн асуудлыг давхар шийдвэрлэх асуудал урган гарч ирж байгаа юм. Тиймээс УБТЗ өөрсдийнхөө хөрөнгөөр 24 айлын орон сууц бариулахаар болсон гэдгээ ч хэлсэн.

 

ЦАРИГИЙН ХЭРҮҮЛИЙГ ШИЙДВЭРЛЭВ

Бидний хувьд Олон-Овоотыг нүүрсний төмөр замын тээврийн эхлэл гэж харж болох ч өртөөний өргөтгөлийг гардаж гүйцэтгэсэн ажилчид нэг зүйлийг онцолж байсан. Тус өртөөнөөс нүүрсийг "Open top” буюу шууд шилжүүлэн ачих чингэлэгээр тээвэрлэх болсон. Ингэснээр нурмаг ачааны ангилалд багтдаг нүүрсийг Эрээний олон улсын боомтоор дамжуулан Тяньжинд хүргэх замд буулгаж, дахин ачна гэх хүндрэл гарахгүй. Өөрөөр хэлбэл, өртөг, хугацаа хэмнэх давуу талтай бөгөөд "төмөр замын өргөн, нарийн царигийн аль нь ашигтай вэ” гэх хэрүүлийг энэ технологиор эцэслэх боломжтой гэдэг санааг тэдний зүгээс дэвшүүлсэн. Одоохондоо шууд шилжүүлэн ачих чингэлгийн хүрэлцээ муу байгаа учраас хагас вагоноор орлуулж байгаа гэнэ. Ямартай ч дээрх хоёр аргыг хослуулан 19.6 мянган тонн нүүрс Тяньжин боомт хүртэл амжилтгай тээвэрлэсэн байна. Тус өртөөнөөс Тяньжин боомт руу аялах нүүрс тээврийн анхны галт тэргийг үдэх арга хэмжээнд оролцсон Зам, тээвэр хөгжлийн сайд Д.Ганбатын хувьд "Open top” чингэлэг тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авна гэдгээ хэлсэн. Тэрбээр "Монгол Улс анх удаа нүүрсээ, түүхий эдээ төмөр замаар тээвэрлэлээ. Далайд гарцгүй манай улсын хувьд экспортын хэмжээнд эзлэх тээвэрлэлтийн зардал өндөр байдаг. Тиймээс зардлыг бууруулах төмөр замын тарифын уян хатан бодлогыг экспортын хэмжээнд уялдуулах шаардлагатай. Засгийн газраас экспортын бодлогыг тууштай дэмжих арга хэмжээ авна” гэлээ.

 

Ийнхүү Монголын нүүрс Тяньжиний далайн боомт хотод газардах үүд Гашуунсухайт бус Олон-Овоот өртөөнөө нээгдэж, Тавантолгой биш Алаг толгойн нүүрс Австралийнхтай өрсөлдөж эхлэх нь. Үүний зэрэгцээ, энэ онд эрчим хүчний нүүрсний ханш Тяньжиний олон улсын түүхий адийн биржид 500-600 юань байх төлөвийг худалдан авагч Хятад төдийгүй нүүрсний салбарын шинжээчвд гаргасан болохыг Олон-Овоотыг түшиглэж буй олборлогч компаниуд онцолсон. Энэ цаг мөчид дэлхийн зах зээлийн ханшаар зарагдах Монголын нүүрсийг худалдаж, худалдан авах хэлцэл Тяньжиний олон улсын түүхий эдийн биржид ид өрнөж байгаа даа.


Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.